Аймаар уралдаан эхэллээ. Дөрвөн жилийн эцэст уралцаан биш иргэдээ хайрлах уралдаан хийж байгаа улстөрчиддөө талархаад цэцэг шидмээр. Энэ уралдаанд барианы гортиг татаж өгч байгаа сонгогчиддоо мөн талархмаар. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгочихвол АН-ыг шууд сонголоо гэнээ. Энэ сэтгэл хөдлөлд айсан МАН яаран хөдөлж оюутнуудынхаа 70 мянгыг алагчлалгүй олгох хуулийн төсөл “машиндав”. Дараа нь даварцан муу сурлагатнууд зүгээр мөнгө авч “баар”-даад гэж загнах юм болдог доо.
Амалсан саяыгаа өгчихвөл шууд сонголоо гэж байж ард нь боссон өрийг хямрал амьжиргааны ядуурлаар төлж, Оюутолгойг “хүний толгой” болгочихоод байгаагаа мөн ч амархан мартаж байна бид. Намууд аманд багтаж болох ч хаалгаар багтах л юмаар сонгуулиа босгоорой доо.
Оны өмнөхөн газартаа буусан, хэмнэсэн нягталсан төсөв баталсан гэдэг. Одоо тодотгоод засч өгнө дөө. Хүүхэд бүрийг ялгаварлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгоход 110 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр олох даалгавар Засагт ирсэн. 2016 оны төсвийн тодотголтой цуг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх шаардлага тулгарсаныг сөрөг хүчин сануулав.
Энэ юу ч биш. Ипотекийн зээлээр хийсэн АН-ын алхмууд үнэмлэхүй ялалтын оноо болох нь гэж айсан МАН-ын зарим гишүүн 0-3 хүртэлх насны хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгох, 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болох саналыг ч гаргажээ. Халааснаасаа мөнгө гаргаад тараах гэж буй мэт иргэдийн татвараар бүрддэг төсвийг самраад ч болсон сонгуульд ялах нь намуудад юу ч биш боллоо.
Зээлийн хүүг таван хувь болгох нь юутай таатай вэ. 18.3 хувийн хүүтэй орон сууцны зээл төлж байсан иргэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсанаар сар бүр 180 мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн. Таван хувьд шилжвэл зээлийн дарамтыг бараг дөрөв дахин бууруулна. 5 хувийн зээл хэрэгжвэл дундаж өрх 900 мянган төгрөгийн орлоготой болохоо баталснаар 48 ам метр орон сууцанд зээлээр орчих боломжтой гэнэ. Гэхдээ энэ бол зээлийг гардан гаргах банкны баталсан журам биш. Одоохондоо АН-ын талынхны амлалт. Энэ хүрээгээр бол гэр хороололд байгаа 200 гаран мянган өрхийн бараг тал нь паартай байшинд орчихоор. Ийм сайхан ажлыг няцааж “осолтой” гэж хэлэх улстөрч энэ цагт мэдээж олдохгүй. 5 хувь хөрсөн дээр яаж буухыг мэдэх эдийн засагч байгаа ч ам нь үдээстэй болсон байх.
Цэц муу хэлүүлэн байж иргэний өөрийнхөө өмчийг захиран зарцуулах эрх зөрчигдсөн байгааг сэргээж баталгаажуулсан. Улс төр энэ бүхнээс холуур байсан гэвэл ёстой худлаа. Сонгууль дөхсөн байхад ийм онцгой шийдвэр эрх баригчдын хараа барианаас холуур өнгөрөхгүй. Банкууд ч бас гэнэхнээр зээлээ өгөөд л суугаад байгаагүй. Дуу аван зээлээ зогсоож хэн нэгэн ухаантан аврахгүй бол иргэд та нар өнгөрлөө л гэсэн. Аврагч дороо л тодроод ирлээ. Нэг ёсны сонгууль хараалсан цогц тоглолт явагдаж одоо оргил хэсэгтээ орж байна.
Сохорсон биш завшив болж оны өмнөхөн нам зогссон орон сууцны зээл сэргэж. Сэргэхдээ бүр хүү нь нам бууж байрныхаа түлхүүрийг бараг Их хурлын даргаас авчихаар харагдаад эхэллээ. Төр оролцсон ажил тул үнэхээр баараггүй биелэх далайцтай сурталчилгаатай байна. Эцсийн дүндээ гомдохоос аргагүй муйхар шийдвэрийг Цэц гаргасан болж баярлахаас аргагүй шийдлийг АН сөрж хийсэн боллоо.
Хавраа даагаад зунаа давах сурталчилгаа гэж энийг л хэлнэ. 2013 оны зун 8 хувийн зээлийн байрны найран дор Ерөнхийлөгчийн сонгууль өрнөсөн бол 5 хувийн зээлийн байрны жавар үргээх найран дор Их хурлын сонгууль явагдах нь тодорхой боллоо.
Юу нь муухай, буруу гэж. Иргэн баян биш ч орон сууцтай болох нь. Идэж уухаа хасаад банкны хүүгээ төлөөд байранд амьдрах бүхэл бүтэн давхарга бий болох нь. Барилгынхан борлуулалтаа сайн хийж ашигтай ажиллана. Угжирсан банкны зээлээ ч төлнө. Иргэд хоол хүнсэндээ тооцоотой болж гадуур хооллохоо багасгана. Гудманд байгаа хэдэн цайны газар орлогогүй болж хаалгаа барина биз. Тэдэнд орох мөнгө банк руу л урсаад эхэлнэ. Байранд орсон иргэдэд хэмнэлт маш чухал болно. Ойрхон газар алхдаг болно. Такси, нийтийн тээврийн алдсан энэ орлого банкны хүүнд урсана. Зээлтэй иргэд хими цэвэрлэгээ, гоо сайхан гээд өөрөө гэртээ хийчихэж болох сонголтыг түлхүү хийнэ. Бие биенээ тэтгэж жижигхэн зах зээл рүү орж гарч байсан мөнгө банкны хүүнд шууд явж эхэлнэ. Ажлын байр бөглөдөг үйлчилгээний салбарын орлого хумигдаж хаалгаа барьж эхэлнэ. Орон сууцтай болж байхад энэ мэт микро хямрал хэнд хамаатай. Энэ бол гэнэндүү зураглал. Гэхдээ орон сууцны зээлдэгчид даруй хоёр дахин нэмэгдсэн нөхцөлд ямар нэг хэмжээгээр мэдрэгдэх нөхцөл байдал. Үүний цаана өмчийн газар зээлийн барьцаанаас үл маргах журмаар шууд мөнгө хүүлэгчдэд шилжих эрх зүйн орчин бий болчихоод байна. Том зургаар харах юм бол орлогогүй иргэд зээл хүүнд үйлчилсэн амьдралын хэмнэлд бүрэн шилжихэд бэлэн болчихлоо.
5 хувийн зээлийн гол асуудал өөр өнцөгтэй. Банкны өөрийн эх үүсвэрийн өртөг 15.6 хувиас дээш байхад 5 хувиар зээл олгох нь бодитой юу гэж учир мэдэх зарим нь асууж байна. Шууд дампуурахгүй юу. Цаасан мөнгө ихээр хэвлэх үү. Үгүй гэж байгаа. Одоо ийм сэдвээр ярих хүн бол найр тараах хэмжээнд агсан тавьсантай адил нүд үзүүрлэгдэхээр байна. Урьдчилгаа 30 хувийн 10 хувийг төрөөс даах яриа байгааг УИХ-ын дарга хэлсэн. Ингэсэн тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардагдах юм. Төсвөөс тендер нэрээр өлхөн хумсалдаг мөнгө л дөө. Нөгөө талд нь урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадвал инфляци ийм “гоё” байхад болноо л гэж Золжаргал Ерөнхийлөгч балиашиг хийгээд байгаа.
Иргэд олноор зээлээр байр аваад ирэхээр үнэ өсөхгүй юу гэсэн асуулт мөн л “цээртэй” асуултад багтаад байна. 300 гаран барилгын компани үгсээд үнэ нэмтэл хол доо гэх шахуу баримжааны хариулт дуулдаж байна. Амны бэлгээр болог. Гэхдээ 8 хувийн зээл хэрэгжсэн хавраас намар болох зайд орон сууцны үнэ бараг 2 дахин өссөнийг бүү март. Одоо зээлийн хүү нь 5 хувь болоход ямар үр дагавар гарах бол. Асуудал хэдэн компани байгаадаа бус. Эрэлт нийлүүлэлтээрээ үнэ тогтохыг сонгуулиар өөрчлөхгүй.
Иргэдийн боломж ба хүсэл, түүнд нийцүүлсэн улстөрчидийн шийдвэрийн цаана өөрийн жам ёс, зүй зохицлоор явах эдийн засаг гэж нэг юм байдаг гэдгийг төсөв батлалцдаг намууд мэдэх учиртай.
Сонгуулийн дараа улс орны амьдрал үргэлжилнэ гэдгээ санаж намууд төсөв мөнгөний хаалгаар нь багтаж гарах юм амлавал хэн хэндээ хал балгүй. Сонгуулийн ээлжит балгаар дахин хямрах болбол нэмж чангалахад тэсэх бүс надад лав байхгүй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/