Энэ бол нэгдүгээр сарын 3-ны өдрийн мэдээ юм.
...Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж буй ажээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон. Тодруулж хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн. Ингэхдээ 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох болж буй.
Харин доорх мэдээ өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 5-ны орой Ерөнхийлөгчийн жиргээгээр эх сурвалж болж олон нийтийн сүлжээ, сайтуудаар тавигдсан мэдээ.
...Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал, төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдэд олгоход санал нэгджээ.
Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ...” гэж жиргэлээ.
Ерөнхийлөгч, Их хурлын дарга хоёрт алга ташилт. Харин Ерөнхий сайдад шанаа өглөө гэсэнтэй адил мэдээ. Хэрэгжиж ирсэн байдал, эдийн засгийн боломжоо бодоод 20 мянгыг ялгавартай олгох шинэ журам гаргасан засаг төрийнхөө амыг нь асуух ч хаашаа юм. Анхнаасаа энэ журам шийдвэрээ гаргахын өмнө иргэдээс санал асууж шийдвэр гаргасан бол гэсэн хатуурхал бол олон нийтэд байна.
Нөгөө талаар манайд засаглал гэдэг ч заримдаа ч бас хэтэрхий л юм даа. Хоёр том нэг орой ярилцаад гүйцэтгэх засаглалын шийдвэрт шууд хутгалдаж баахан ажил болж судалгаа хийж эхлүүлсэн ажлыг нь “кансэл” болгочихов.
Төрийн зүгээс гаргасан хууль шийдвэр төрийн мэдээллээр биш оройн жиргээгээр л өөрчлөгддөг болж. Орчин үеийн мэдээллийн хурд нөлөөлж байгаа байх. Мөн олон нийтэд таалагдахаар бол зарим шийдвэрийг орондоо засчихсан ч хамаагүй сонгуулийн цаг ирсэн байна.
Дуртай нь төр барина ч гэж юу байхав. Гэхдээ хэрвээ өөрөөр харсан бол амьдрал нь болоод байгаа, хүүхдийн мөнгөө “мартчихаад” байгаа хэсгийн мөнгийг үнэхээр хэрэгтэй байгаад нь нэмээд өгөх журам гаргаж болох байсан. Нялх юмнуудаас 20 цаас харамлалаа, гар татлаа гэж хэвлэлээр баалуулаад, сөрөг хүчний хоол болоод байхгүй. Хүүхдүүддээ зориулж гаргах төрийн мөнгө тоо хэмжээндээ. Цаана нь үнэхээр бор ходоод нь бондойхгүй яваад байгаа хүүхдийн 20 мянга нь 40 мянга болчих боломжтой. Ядарсан нэгэнд хүүхдийнхээ мөнгөө үлдээсэн “боломжтой хэсэг”-ийнхэн сэтгэл хангалуун. Мөнгөө нэмж авсан “1-17 дугаар бүлэг”-ийнхэн хэдэн өдөртөө ходоод цодгор. Хаана хаанаа болоо ш дээ гэдэг болмоор.
Хүүхдийн мөнгө хүүхдэдээ хувцас, ном болж хүрэхгүй ч хоол болоод хүрдэг болгох талаар хөшүүргээ төр хийх ёстой. Амьжиргаа хүнд олон айл хүүхдийн гэх энэ мөнгөөр хоолоо залгуулж байгаа. Бас олон цадиггүй, залхуу ажилгүй аав ээж нар энэ мөнгөөр нь архи гударч байгаа. Зарим нь мөнгөөр нь ууж согтчихоод хүүхдээ цонхоор шиднэ гэж овлигогүйтэж онцгой байдлынхан очиж аварч байгаа.
Төрийн хишиг гэж бодовч дажгүй амьдардаг болохоор авч амждаггүй дансандаа мартдаг айл ч олон. Боломжийн бид яахав. Болохоо байсан ядуу айлын хүүхдэд нэмээд өгчихөөсэй гэсэн буяны сэтгэл тээж явдаг нь ч цөөнгүй. Ил тодын өршөөлөөр хэдэн саяын нууц хөрөнгөө ил болгож байгаа иргэн бүрт энэ мөнгө үнэндээ илүүц гэсэн наад захын нэг муу судалгаа ч гаргаж болно.
Төсөв санхүүгийн чадлаа хараад хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр баталсан шинэ журмаа өөрчлөхөөр Засаг өнөөдөр хуралдах биз. Ер нь бол өчигдөр оройн уулзалтаар хүчингүй болдог шийдвэр бол алаг үрсийг ялгаварлаагүй. Авах хэрэггүйд нь өгөхгүй л гэсэн журам гэж хувьдаа ойлгож байсан.
20 мянган төгрөгөө алаг үрсийг ялгахгүй өгөхөөр боллоо. Энэ өдрийн их сайхан мэдээ гэж жиргэцгээх байх даа Эцсийн дүндээ хүүхдийн мөнгө тойрсон асуудал нь “асуудал” хэвээрээ л үлдлээ. Бодвол үүнийг засч залруулахыг сүүлийн үеийн арга барилаараа дараагийн парламентад шилжүүлж байгаа байх. Дараагийн парламентын шийдэх асуудал даан ч их болж байна даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/