Замын хөдөлгөөнд саад учруулж, зөвшөөрөлгүй газар байрлуулсан тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэл амтайгаар явагдаж байгаад түр хугацаар зогссон. Тэгвэл шинэ оны эхний өдрөөс дахин хэрэгжиж, машинтай хүмүүсийг “зовоох” нь.
Өчигдрийн НИТХ-ын хуралдаанаар зориулалтын бус газар байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөх болон түр саатуулах байрны төлбөрийн хэмжээг батлав. Энхтайваны өргөн чөлөө, Их сургуулийн гудамж, Их тойруу, Залуучуудын өргөн чөлөө зэрэг 77 гудамжийн хориглосон хэсэгт машинаа байрлуулбал шууд журмын хашаанд аваачихаар тогтоолд тусгажээ. Ингэхдээ мотоцикль бол 30 000, суудлын автомашин, микробус бол 60 000, 3.5 тонноос дээш жинтэй том оврын машиныг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлнэ. Харин журмын хашаа нэг хоногийн 3000-20 000 төгрөгийн төлбөртэй. Суудлын машины нэг хоногийн төлбөр нь 5000 төгрөг. Тэгэхээр 65 000 төгрөг төлж байж машинаа “суллаж” авна гэсэн үг. Гэхдээ 24 цагийн дотор машинаа “суллаж” авбал журмын хашааны төлбөр болох 5000 төгрөгийг төлөхгүй байж болох гэнэ.
НИТХ-ын энэ тогтоолыг төсөл байхад нь ШӨТХГ-ын дарга Т.Аюурсайхан дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Автомашин зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр хураамжийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхой бус, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байгаа тул НИТХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй байна” гэсэн хариуг албан бичгээр илгээсэн нь тогтоол батлагдахаас гуравхан хоногийн өмнөх үйл явдал. Мөн тэрбээр 2014 онд Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 55 000 төгрөгийн төлбөр тооцоо, судалгаатай байсан гэдгийг ч давхар хэлэв.
Харин НИТХ төслөө тогтоол болгон баталгаажуулж, хэрэгжүүлэх өдрөө хүлээж байна. Өмнө нь хэрэгжиж байсан журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг журмыг хууль бус гэх шийдвэрийг гаргаж, машин ачилтыг зогсоосон юм.
Харин одоо журам дахин хэрэгжиж, жолооч нар машинаа хайж, эрэл сурал болох нь. Магадгүй хотын дарга Э.Бат-Үүл, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хоёрын “байлдаан” дахин эхлэх биз. Учир нь Т.Аюурсайхан 30 000-90 000 төгрөгийн төлбөртэй ачих үйлчилгээний журмыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр зөвхөн саналаа илэрхийлээд орхих уу эсвэл тооцоо судалгаатай зүйл дахин шаардах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Маш тодорхой зүйл нь шинэ оны эхний өдрөөс эхлэн машин чинь зам дээрээс “алга” болно. Нэгдүгээр эгнээ, зөвшөөрөлгүй газар түр байрлуулсан байлаа ч өршөөлгүй гэдгийг сануулъя. Эрэл сурал, явдал чирэгдэл нь чамгүй цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардах учраас анхаарна биз ээ.
В.Хэрлэн