-УИХ дахь МАН-ын бүлэг 8 асуудлаас завсарлага авлаа-
Ард түмнээрээ нэрлэсэн МАН-ынхан Төрийн ордны гадна, дотногүй бойкот хийж байна. Сонгуулийн хуулийг өөрчилж, иргэдийн саналыг хар машинаар бус гараар тоолох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, бүр хуулийн төслөө ч боловсруулсан. Харин тэр төсөл нь УИХ дээр хүлээгдэж буйд бухимдсан МАН-ынхан парламентад суудалгүй намуудыг эгнээндээ нэгтгэж, өнөөдөр жагсаал хийв. Бүр санал тоологч хар машиныг шатааж, галдаж, түймэрдэх моодыг үргэлжлүүлэв.
Харин Төрийн ордонд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бүх асуудлаас МАН-ынхан завсарлага авлаа. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч МАН-ын бойкотоос болж, бүгд хойшлогдлоо. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд л хуралдаанд сууж, өөрсдийгөө хамгаалав. Учир нь МАН-ынхнаас болж, найман хувийн хүүтэй зээлийн хүү өсч, зээл олголт зогсоно гэсэн мэдээлэл тараад байсан юм. Тиймээс МАН-ынхан чуулганы нэгдсэн хуралдаанд сууж, “энэ бол МАН-ын хийсэн ажил биш, гүтгэлэг” хэмээн өөрсдийгөө өмгөөлчихөөд, чуулганы хуралдаанаас гарч одов. Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” гэсэн үгийг хэлэхээр үлдэж, үүргээ ч сайн биелүүлэв.
Өнөөгийн нөхцөлөөр бол МАН сөрөг хүчин бус гацаагч болчихоод байна. Нэг асуудлыг нөгөөгөөр барьцаалж, төрийн ажлыг хойш татаж байна. “Ах” намынханд улс орны асуудал бус сонгууль л харагдаж байна. Өөрсдийнхөө санаачилсан, боловсруулсан сонгуулийн хуулийн төслөө хэлэлцүүлж, батлуулах нь л тэдний зорилго болж. Өнгөрсөн сонгуульд МАН-ынхан далаараа тавиулсан нь хар машины буруу аж. Тиймээс МАН-д ээлгүй байгаа хар машиныг үйлдлийг гараар давтаж, баталгаажуулах нь өөрсдөд нь боломж авчирна хэмээн бодсон хэрэг.
Өнөөгийн гацаагч, барьцаалагч байдлаар бол МАН ирэх сонгуульд ч “нар үзэхгүй” байж магадгүй. Хар машиныг хардаж, саналыг гараар тоолоод ч тэр. Манай санаачилсан хуулийн төслийг тоосонд даруулж, ширээндээ хадгаллаа, бидний үгийг сонсохгүй байна хэмээн гомдоллохоос өөрийг хийсэнгүй шүү дээ.
В.Хэрлэн