МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа төдийгүй Засгийг гаднаас нь удирдан зааварлаж байна. Нам нь парламентад суудал авч, намын гишүүд нь төрийн түшээгээр томилогдон ажиллаж, харин МАХН-ын дарга гудамжинд лааз өшиглөж үлдсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр лааз өшиглөж, Төрийн ордныг тойрон гороолсонгүй. УИХ дахь МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийг байтугай төр, засгийн үйл ажиллагааг хөндлөнгөөс оролцож, гаднаас нь чиглүүлж ирлээ.
Өөрөөр хэлбэл, эрх баригчидтай хийх хэлэлцээрийн ард Н.Энхбаяр гэдэг эрхэм л сууж байна. Түүнийг Солонгост байх хугацаанд парламентад суудалтай намууд эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй монгол хүний ёсоор мэнд мэдэж очихын зэрэгцээ зөвлөгөө заавар аваад ирдэг байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн, АН-ын экс дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын гишүүдтэйгээ зөвшилцөлгүй МАХН-тай хамтран ажиллах урт хугацааны гэрээ хийсэн, МАН, МАХН-ын ахмадуудын зүгээс улс төрийн хүчнээ эргээд нэгдэн эвлэр гэх шаардлага хүргүүлдэг зэрэг энэ бүх үзэгдэл Н.Энхбаярын заавар зөвлөмжийн дагуу хийгдсэн зүйл.
Харин одоо тэрбээр АН-ын шинэ удирдлагатай хэлэлцээ хийж, Шийдлийн Засгийн газарт шадарлах тохироонд хүрсэн бололтой. Шийдлийн Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдад томилох эрхмийн нэрийг хамтарсан улс төрийн хүчин МАХН-аас яаралтай өргөн барихыг шаардаж байсан. МАХН-аас Л.Жамбалжалын нэрийг өргөн барьсан ч Ерөнхий сайд буцаасан. Л.Жамбалжал мэргэжлийн хувьд бус улс төрийн төвшинд гологдчихлоо гэж ажиглагчид үзэж байна лээ.
Улс төрийн тохирооны дараагийн хувилбар нь Н.Энхбаярыг Шадар сайдаар, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдаар томилохоор зурагджээ. Одоогийн байдлаар Ц.Оюунбаатар Шадар сайд бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийг хавсарч байгаа.
Н.Энхбаяр Монгол Улсын Шадар сайдаар томилогдож байгаа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрсөн гэхээсээ эрх баригч АН-ын дарга З.Энхболдтой хийсэн хэлэлцээрийн үр дүн болно. Цаашлаад Н.Алтанхуягийн үед АН, МАХН хоёрын хооронд байгуулан үзэглэсэн хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгааг баталгаажуулсан хэрэг юм. Гэхдээ Н.Алтанхуягийн Ерөнхий сайд болоод АН-ын даргаасаа огцрох шалтгаан нь Н.Энхбаяртай байгуулсан хоёр намын хоорондын гэрээ байсныг эргэж санууштай. Эрх баригчид Н.Энхбаяртай шадарлаж ирсэн ч Шадар сайдаар томилох тохироонд хүрсэн эсэхийг ирэх өдрүүд харуулна биз.
Нөгөөтэйгүүр хэрвээ Н.Энхбаяр Шадар сайдаар томилогдвол Монгол Улсын сайдын албан тушаалыг хэрхэх вэ? Учир нь МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-тай хамтарч “Шударга ёс” эвсэл болон оролцож, парламентад суудал авсан. Монгол Улсын сайдын албан тушаалыг уг нь стратегийн том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр гаргасан. Харамсалтай нь эдүгээ мега төслүүдийг Монгол Улсын сайд бус эрх баригч хүчний удирдлагууд хэрэгжүүлэх эсэхийг шийдэж байгаа. Тиймээс ч Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шийдвэр гараагүй болохоор байгаа юм шиг, ажил үүргийн эрхлэлтгүй болохоор байхгүй ч юм шиг. Үнэндээ “байгаа нь байхгүй юм шиг, байхгүй нь байгаа ч юм шиг” хаашаа ч холбирч мэдэх нөхцөлд ээрэгдсэн эрхэм бол М.Энхсайхан.
“Шударга ёс” эвслийг төлөөлж, эрх баригчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахалсан МАХН-ын дарга Н.Энхбаяр дээрх нөхцөлийг ч бодолцож ажилласан биз. Ер нь тэгээд Шадар сайд нь ч байна уу, ЭМС-ын сайд нь ч хэн байх нь чухал биш, төр, засаг тогтвортой ажиллаж, ирэх сонгуулийг хүргэчихээсэй гэж иргэд хүсч байгаа.
Н.Энхбат