Зөрчлийн тухай хууль гишүүдийн ширүүхэн мэтгэлцээн, талцал дунд батлагдав. Зарим гишүүн өнөө ч энэ хуулийн зарим заалтыг эсэргүүцсэн байр суурин дээр хэвээр байгаа. Бие даагчдын зөвлөл гэхэд хүнийг гүтгэхийг зөрчилд тооцохыг эсэргүүцсэн цөөнх болов.
18 бүлэгтэй Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан холбогдох 210 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зарчмын зөрүүтэй 79 саналыг нэг бүрчлэн хураасныг тооцоход гишүүд нэг талаас нухацтай хэлэлцсэн, нөгөө талаас мэтгэлцээн, маргаан, үл ойлголцол ч нэлээдгүй явагдсан талтай.
Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуульчиллаа. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд 10-10.000 тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд 500-50.000 тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгасан. Ингэхдээ нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцохоор болсон юм. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал улсын хэмжээнд буурахгүй, торгох, эрх хасах, захиргааны журмаар баривчлах санкц нь зөрчил гаргагчид нөлөөлөх үр дүнтэй шийтгэл болж чаддаггүй байна.
Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох аж.
Түүнчлэн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэх юм байна.
Зөрчлийн хуулиар албадлагын арга хэмжээг авах юм. Ингэхдээ орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн таван төрөлтэй байна.
Дэлхийн улс орнууд баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр хэмээн үзэж зөрчлийн шийтгэлийн төрөлд хамруулахаас зайлсхийдэг байна. Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгчээс гадна хууль сахиулагч, Засаг дарга, агентлагийн дарга хэрэглэж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд цаашид хүнийг хорих, баривчлах шийтгэл нь Эрүүгийн хуульд хорих ял гэсэн хэлбэрээр 7 хоногоос эхэлж байхаар тусгажээ.
Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах: хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналгыг хурааж, хэрэв энэ нь бусдын өмчлөлд байгаа бол зөрчил үйлдсэн этгээдээр тухайн үнийг нөхөн төлүүлэх гэнэ.
Зөрчил гаргасан хүн шийтгэлийг биелүүлэхээс зориудаар зайлсхийсэн бол шийтгэл оногдуулсан хууль сахиулагчийн саналыг үндэслэн шүүх нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүй хийлгэхээр шийдвэрлэж болохоор тус тус заажээ.
Зөрчилд юуг хамруулсан бэ?
Жишээлбэл, энэ хуульд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” гэсэн зүйл нэмсэн. Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.
Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.
Мөн энэ хуулийн “Танхайрах, зүй бусаар биеэ авч явах” гэсэн зүйлийн хэсгийг “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан; мансуурах үйлдэл гаргасан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж Нийтийн журам зөрчих зүйлд тусгажээ. Энэчлэн Зөрчлийн хуульд зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Зөрчлийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.
Н.Энх
Уншиж байна |