Хэл ам дагуулаад идсэн уусан хардлагад өртөөд байгаа Чингис бондын хагас жилийн хүүгийн төлбөр 35 сая ам.доллар буюу өнөөгийн зах зээлийн ханшаар тооцвол 63.5 тэрбум төгрөг гэсэн тооцоо сонсогдож байсан. Яаж аргалаад байгааг нь мэдэхгүй ч манай улс хүлээсэн үүрэг ёсоороо бол хоёр гурван ч удаа ийм хэмжээний хүү төлчихөөд байх учиртай. Энэ мөнгөний гуравны нэгтэй тэмцэх хэмжээний буюу 24 тэрбумаар Монгол улсын төв цэг эхэлдэг бүсэд байх газраа зарчихаж. Зарчихаж гэж буруутгаад ч яахав. Дүрмийн дагуу үнэ хаяад Монгол улсын иргэн болсон хүн авч байхад харь үндэстэн байна гээд өгөхгүй байж болоогүй л байх.
Араб хүргэн бийлэгжүү загнаж 24 тэрбумыг шидээд газар авчихаж. Бөөн шуугиан. Авахдаа хөдөөд ногоо тарих газар биш Шангрилагийн шилэн дээр Ордны бөөрөнд, Чингис өвөөгийн төв талбайн яг дэргэдэх газрыг авчээ. Энэ “Х” хүргэн 24 тэрбумаар манай улсад юм юм л авч болохоор. Гэхдээ юу авахаа мэдэж байсан нөхөр гэмээр.
Зарагдсан газрын эзнийг Араб л гэнэ. Кавказ байх, биш бол Турк л гэнэ. Иранд төрсөн л гэнэ. Нохойны тухай ярьж байгаа биш бизнес хийхэд үндэс гарал уул нь тийм чухал биш л дээ. Гэхдээ Монгол Хонконг биш гэдгийг эрх биш ойлгож байгаа байлгүй.
Нэг байшин зарчихсан бол яахав. Төв цэгийн газраа хэнд өгчихөв дөө гэж гайхшраад байгаа иргэдийг буруутгах аргагүй. Араб бол Орос биш. Олон зүйлээрээ бидний мэдэх ахуйгаас хол. Энэ зүгийн эрээн алчууртай хүнийг Монголд шонхор авахаар ирээд буцдаг гэж захын хүн мэднэ. Харин иргэн болоод суурьшчихсан ийм баян араб хүргэнтэй гэдгээ гэнэт мэдээд шуугиад явчихлаа.
Абдул Карим та ер нь хэн юм бэ. Ямар ч байсан Монгол улсын иргэн юм байна.
Иргэншил авсан шалтаан нь гэрлэлт байсан юм болов уу гэж хүндэтгэлтэй хандья. Ямар ч байсан үйлдвэрт ажиллаагүй байх. Бизнес л эрхэлж байсан байж таарна. Үнэн бол 30 жил энэ улсад амьдарч 2012 онд иргэншил авсан бололтой юм. Энэ болтол ямар бизнес эрхэлж, хэдий хэрийн татвар улсдаа төлж Монгол улсын иргэний үүргээ хэр биелүүлж ирсэн хүн юм бол. Нэгэнт олны хараанд орсон хүн байна. Өөрөө ил гарч ирээд нэг багахан шиг тайлбар хйичихмээр.
Баян хүргэний тухай янз бүрээр л шуугиж байна. Тунгалаг тамир киноны Эрдэнэ шиг юу ч үгүй орж ирээд гэнэт баяжсан золиг гэнэ лээ гэх. Өөр зарим нь эхнээсээ ойгүй баян ирсэн л гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гармын урд байрлах катаруудын отгийн эзэн, атаман л гэнэ. Тэр Катарын отгийнхон бол шонхор шувууг байсхийгээд зөвшөөрөлгүй барьдаг “Но”-той л гэнэ.
Хүргэн одоо энэ бүхэнд өөрөө хариулчих хэрэгтэй дээ.
Доод үнийг нь 7 тэрбум 155 саяар тооцож байсан газрыг 24 тэрбумаар авна гэдэг бол мөнгөөр зодсон л гэж ойлгогдож байна. Бид далд эдийн засагтаа 6-7 их наяд эргэлддэг гэж томоор багцаалддаг ч нэг хүнээс 24 тэрбумыг төсөвт оруулна гэдэг бол анхаарал татахгүй байхын аргагүй “үзэгдэл” юм.
Авсан байгаа газартаа 68 давхар "MONGOL TOWER" барина гэсэн гэж шуугиж байна. Энэ төвийн бүсэд, төрийн ордны хажууд шонхор шувууны фабрик барихгүй нь тодорхой. Гэхдээ олон давхар TOWER цамхгаар бол бид нэг их дутагдаад сүйд болоогүй байгаа. Үнэтэй цамхагт оффис түрээслээд байх үндэсний баян компани ч хуруу дарам. Яг юу барьж босгохоор бодож энэ их мөнгөө “түгжиж” газар худалдаж авсанд бас хариулт нэхэгдээд л байгаа юм.
Улсын нийслэлд “А”зэрэглэлийн бүсд хувьдаа газартай хүн бол манайдаа нэлээн том Шейх-д тооцогдоно. Тийм учраас олон нийт баян хүргэнтэйгээ танилцья, санаа зорилгыг нь мэдье гээд байна.
Овоон дээр нь харийн хүн гурав тойроход эмзэглээд байдаг ард түмэн нийслэлийнхээ төвд байх газрыг харь үндэстэн авчихлаа гэхэд сүүдэр буулгаж харах нь аргагүй. Хүргэн Абдул /Карим ч гэх байсан юм уу/ нэг ил гарч танилцана байгаа. Холын хүнийг ойроос шинж гэж манайхан ярих дуртай.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/