Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад бага, шалихгүй сонсогдож байгаа байх. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнөх жилүүдэд 100 тэрбумаар нь төсөвлөдөг байсан. Харин ирэх онд энэ чиглэлд ердөө л таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд санхүүжилт байхгүйтэй л адил. Гэхдээ жилдээ 100 тэрбумаар нь төсөвлөөд ч үр дүн гардаггүй, Улаанбаатар утаанаасаа салаагүй үе байсан. “Цэвэр агаар” сангаар жишээлэхэд өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Өмнөх жилүүдэд ч энэ хэмжээний төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгаж ирсэн. Гэвч гавьтай үр дүнд хүрээгүй гэж нийслэлчүүд сэтгэл дундуур явдаг нь үнэн. Харин өнгөрсөн онд энэ чиглэлд ахиц дэвшил гарсан, гэр хорооллын айл өрхүүд цахилгаан хаалгуур ашиглаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад ахиц авчирсан гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ.
Тиймээс ч Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх онд төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулах чиглэлд холбогдох салбарын сайдад үүрэг чиглэл өглөө. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга, алхам нь гэр хороололд айл өрхүүдэд цахилгаан халаалт ашиглуулах. Харин цахилгаанаар халаалтаа шийддэг өрхүүдийн эрчим хүчний үнэ өвлийн ид улиралд 300-600 мянган төгрөгт хүрдэг. Тиймээс нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын үнийг 50 хувь бууруулах шийдвэр гаргасан.
Өнгөрсөн жил гэр хорооллын шөнийн цахилгааны үнийн тарифыг хөнгөлөөгүй. Тиймээс цахилгаанаар халаалтаа шийддэг айлуудын зарим нь эргээд нүүрсний хэрэглээнд шилжсэн. Энэ нь айл өрхүүддээ халаалтаа шийдвэрлэхэд өртөг зардал хямд тусч байгаа хэдий ч эргээд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг. Харин Засгийн газраас ирэх жилийн төсөвт таван тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тусгасан ч энэ сарын нэгнээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлсөн нь цагаа олсон шийдвэр боллоо гэж олон нийт үзэж байна лээ. Ингэснээр гэр хороололд цахилгаан халаалт хэрэглэх айл өрхийн тоо даруй 30-50 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм билээ. Энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулах ажилд үр дүнгээ өгнө.
Агаарын бохирдлын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад энэ онд буурсан үзүүлэлттэй гарчээ. БОНХАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх, орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс уламжлалт сайжруулсан түлшийг дөрвөн аж ахуйн нэгж хийхээр төлөвлөжээ. Энэ түлшийг хамгийн их утаа хуримтлагдсан газар тараах аж. Засгийн газраас зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй агаарын бохирдол ихтэй байгаа 5 аймгийн асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байна.
Цаашлаад нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулах болон нам даралтын зуухыг хотынхоо төв болоод газар сайгүй барьж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Улаанбаатар хотын хүн амын тал хувь нь гэр хороололд амьдардаг нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо хэрэгтэй гэдэг. Нийслэлчүүд, тэр дундаа гэр хорооллын иргэд цахилгаанаар халаалтаа шийдвэрлэх замаар л агаарын бохирдолтой тэмцэнэ. Харин цахилгааны үнэ ид өвлийн хүйтэнд өртөг өндөр гараад байвал амьжиргаад хэр нөлөөлөх билээ. Оюутолгой, Тавантолгойн орд газраас хишиг хүртээнэ гэж хүлээлгэх, иргэд нь ч хүлээхээс өнөөдөр гэр хорооллын оршин суугчдын шөнийн цахилгааны тарифыг бууруулсан нь Шийдлийн Засгийн газрын цагаа олсон шийдвэр гэж олон нийт ам сайтай байна лээ.
Н.Энхлэн