АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр МҮАН, ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэх тухай ярьсан нь туниад удаж байгаа МАХН-ыг засгаас үдэх бэлтгэл ажил эхэлснийг харуулав. Сонгуулийн хуулийг яв цав хийсний дараа эхлүүлэхээр зэхэж буй энэ хөдөлгөөн сонгуулийг угтсан улс төрийн дээд түвшний бэлтгэл ажил болох юм.
Шударга ёс эвслийн задралаар бий болох улс төрийн намуудын шинэ нэгдэл юу авчрах вэ.
Олонхи болж чадаагүйгээс дангаараа засгаа эмхэлж чадахгүй байгаа АН-ын учир зовлонд цэг тавина. Өөрийн намын 35 дээр МҮАН-ын 3, ИЗНН-ын 2 гишүүнийг нэмсэнээр АН Засгийн газраа өөрөө мэдээд бүрдүүлээд явчихаж болно. Энэ үйл явц болох дээрээ тулбал нэг эвслийн задралаар болж буй нэгдэл тул сайдын өргөл зайлшгүй байж таарна. С.Оюун, С.Дэмбэрэл нар хувь хишгээ авч сайд болно. Н.Батцэрэг мөн сайдаараа үлдэх бол МҮАН-аас М.Сономпил Г.Уянга нар засагт орж зузаан дээлтэй өвөлжиж болохоор. Гэхдээ Ч.Сайханбилэг нарт шанаа өгөх гээд гар нь загатнаад байгаа Г.Уянга энэ танхимд суух нь их үгүйсгэлийг өөртөө бий болгоно. Гэхдээ энэ бол гацаа болох зүйл биш. Ямар ч байсан АН-ын хувьд “явлаа шүү” гэж айлгаад байдаг МАХН-ыг “яваа” гэж итгэл төгс хэлэхээр болно.
АН-ын хувьд үнэнч хань ИЗНН-ыг татаж авах бол тийм дуулиантай ажил биш юм. Харин сонгуулиар хэдэн суудал авч чадсан нэг эвслийг задлаад юмаа боогоод ирэх МҮАН-ын хэдэд яаж хандах гэдэг чухал. Ямар ч байсан энэ хоёрыг авч засгаа өөрөө бүрдүүлдэг болох хувилбарыг АН бараг сонгосон гэнэ. Одоо нарийн ширийн буюу АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын шулуухан хэлснээр “...Гэр бүл болоход хоёр талаас хэдэн хүн ирэх вэ, хэнд нь ямар бэлэг барих вэ...” гэсэн чимхлүүр зүйлээ боловсруулж суугаа бололтой.
Н.Энхбаяр Сөүлээс ирж ордонд салхилах зуураа З.Энхболд даргатай дотно ойлголцож М.Энхсайхан түнштэйгээ шууд зайгаа барьсан. Тавантолгой дээр эсрэг туйл барьдаг Их хурлын даргатай хийсэн түүний тохироо нь М.Энхсайханыгаа үл тоосон гэдгийг хэлээд өгнө. Нэгэн цагт энэ хоёр улстөрчийг ганцаардсан байдал нь нэг удаа нэгтгэсэн бол хань нөхөртэй, нийлэх сүрэгтэй болонгуутаа бие биенээ хажиглаж хазахын наагуур салж буй нь энэ. Хоёулаа өөр натур боловч тун адилхан улс төрийн амбицтай, цусны гэмээр зожиг цоолхой болохыг нь харуулна.
2012 оноос эхлүүлсэн Н.Энхбаярын энэ засагтай хийж байсан бүх өрөг дууссан гэж болохоор. Өршөөл өөрөөс нь холуур өнгөрлөө. Бүр нэмээд баруун гар нь хэрэгт татагдлаа. Одоо шатраа хумьж аваад дараагийн өргөө хэнтэй тавихаа тооцож суугаа биз. МАН-тай эвсэх нь сонгуульд ялах гэхээсээ илүүтэй найзгүй загнаж Өршөөлийн хуулиа гол гаргасан АН-д өгөх шинэ цохилт тул илүү “кайф”-тай байгаа. Гэхдээ нийгэмд том өшөө авах хүлээлт үүсгэсэн улстөрчийн хувьд энэ нь ухралт хийсэн алхам гэж үзэх хүн олон.
Гэхдээ Н.Энхбаяр нь М.Энхболдтойгоо тас тэврэлдэх хүртлээ бас удна. Өөрийг нь түлхээд эвслийг нь задлаад ихэмсгээр үлдэх АН-д айлгах төлөвлөгөө төдий л харуулаад байгаа болохоос МАН-тай эвсэх бол түүний хувьд хамгийн муу хувилбар байх юм. Н.Энхбаярын хувьд олсоо хэт чангалж АН-ыг айлгах ажиллагаагаа арай эрт эхлүүлснээс Шийлэгдамба нь “нотлох баримттай” гэсэн тодотголтой хэрэгт татагдлаа гэж ажиглагчид хэлээд байгаа.
Явсаар МАН, МАХН хоёр хавсраад сонгуульд ялаад гараад ирсэн ч одоогийн АН- тай туулж буй эвсэх, эвдрэхийн хэлхээ зовлон Н.Энхбаярын сүүдэрт хэвээр л байх юм. Түүний хувьд болдог бол ганцаараа л олонх болчихмоор байгаа. Гэвч бурхан ийм хэрийн өглөгч гэхэд сонгогчид тийм биш.
МАХН-ын хувьд энэ байрлал дээрээ тэсээд АН-тай эвсээд сонгуульдчих юм бол Н.Энхбаярыг өөрийн нэр заасан “урвагч” нараас өшөөгөө яаж авахыг харах сонирхлоор саналаа өгчих хүний нэмэр олон. Тэгээд ч Н.Энхбаяр яарахгүй байна. Ирэх сонгуульд орох 4 сонголт буюу 4 тохироо зарлачихаад байдлыг харж сууна. Одоогоор Үндсэн хуулийн өөрчлөлт хэрхэх, сонгуулийн хуулийг намууд аль хувилбараараа хайрцаглах вэ гэдгийг харсхийгээд жинтэй улстөрчид, жижиг намууд бүгд хүлээлтэд орсон тул түүний саналын багцад шууд хариу өгчихгүй. Он гарангуут л эхэлнэ гэдгийг бүгд тооцоолж суугаа.
Харин энэ бүх тооцооны шийдэл дээр дахиад л МАХН-ын дарга Н.Энхбаяр суучихаж. Тэрбээр урьд явдлаа мартья гээд МАН руу алхвал ард нь Шударга ёс эвслийн задрал тас гээд явчихна. Маргааш нь АН-ынхан хөдөлж задарсан эвслээс бутарсан хэсгийг эвлүүлж МҮАН-ыг өөд нь татаад ИЗНН-аар тоогоо гүйцээгээд шинэ засгаа бүрдүүлэх нөөц хувилбараа шууд хэрэгжүүлнэ. АН-ын зүгээс хэлээд буй ИЗНН-тай нийллээ гээд буруудахгүй, нийлэхгүй гээд алдахгүй гэдэг нь Н.Энхбаяр явлаа гээд алдахгүй, үлдлээ гээд баярлахгүй л гэсэн тайлал.
Н.Энхбаяр энэ чигтээ сайдуудаа үлдээж намдаа сааль сүү базаагаад АН-тай сонгуульдах сонголтоо хийвэл МАН зүгээр суухгүй. Суудалгүй намуудыг бүгдийг нь зарим нэг бие даагчийг, иргэний хөдөлгөөний төлөөлөл, уул усны тэмцэгчид гээд гартаа зэвсэг агсаж санал зулгааж чадах бүхнээр хүчээ зузаалж аваад сонгуульд даагаа нэхнэ.
Н.Энхбаярын сүүдэрт дарагдаад байгаа ч М.Энхсайхан ч бас АН-д чансаатай л ханш хэлж суугаа. Шударга ёс эвслийн суурийг тавьсан энэ хоёр эрхмийн салалт яаж явагдахыг улс төрийн хүрээнд ажиглаж байна. Энэ салалтаас намуудын гэрлэх ёслолын ээлжит хуримын тов ил болох байх.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/