-Хууль төрөхийн өмнө-
Манай улсын нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг. Үүн дээр тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настан нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй байдаг. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын хувьд нийгмийн даатгалд хамрагдалт хангалтгүй байдаг байна. Өнөөдрийн байдлаар малчдын хувьд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцөл бүрджээ.
Уг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой. Гэвч тогтмол мөнгөн орлогогүйгээс бэлэн мөнгөний хомсдолтой, хөдөөнөөс хот руу шилжих зэргээр ажлын байршил, мэргэжил тогтвортой биш, өөрөө өөртөө найдах хандлага өндөр, аливаа даатгалд даатгуулдаггүй, албан салбарт ажиллах боломж бага зэрэг шалтгааны улмаас тэдний маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулдаг байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд сайн дураар 181.3 мянган иргэн даатгуулжээ. Үүнээс 32.7 мянга нь малчин байсан аж. Энэ нь нийт малчдын ердөө 11.1 хувь нь. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр, малчдын зөвхөн 4-11 хувь нь тэтгэврийн даатгалд сайн дураар хамрагдсан нь ирээдүйд малчдын дийлэнх нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоогүй болгожээ.
Малчид жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ даган хариулах, хамгаалах гэж өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байдгаас тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар буурдаг нь амьдралын түвшин буурахад хүргэдэг байна. Жишээ нь, өнгөрсөн онд улсын хэмжээнд ядуурлын түвшин 21.6 хувь байхад үүний 26.4 хувь нь хөдөөд, 18.8 хувийг хотынхон эзэлжээ.
Цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох жишиг байдаг. Жишээ нь, Дипломат албаны тухай хуулиар цаг уурын хүнд нөхцөлтэй орны дипломат төлөөлөгчийн газарт ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар тооцохоор тусгасан байдаг. Үүнд Вьетнам, Египет, Куба, Лаос, Тайланд, Сингапур, Энэтхэг улс хамаарч байна. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулиар гал унтраах ажиллагаанд оролцдог албан хаагчийн нэг жил ажилласан хугацааг 1 жил 2 сараар тооцдог байна.
Үүнтэй адил малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй дээрх жишгийг баримтлан малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохоор хууль санаачлагчид төсөл өргөн барин хэлэлцүүлж байгаа юм. Энэ нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх гэж тооцжээ.
Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг малчдын шимтгэл төлж, ажилласан нэг жилийг 1 жил 2 сараар нэмэгдүүлэн тооцсоноор тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэн хөдөлмөрийг нь бодитой үнэлж, бусад энгийн ажиллагчидтай харьцуулахад цөөн жил шимтгэл төлснөөр өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүснэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Ингэснээр Монгол улсын эдийн засгийн гол үндэс болж, ДНБ-ий 15 хувь экспортын орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж буй 293.6 мянган малчны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болох аж. Ялангуяа, малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, мөнгөн орлого олох боломж бага байгаагаас болж жил ирэх тусам тоо нь буурч байгаа. Залуу малчдын тоо жилээс жилд цөөрч байгаа талаар судалгаа ч гарчээ. Сүүлийн жилүүдэд 15-34 насны залуу малчдын тоо жил бүр тасралтгүй буурсан байна.
Энэ нь нөгөөтэйгүүр Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-той уялдаж байгаа аж. Гурван зүйлтэй энэ хууль батлагдсанаар жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ даган хариулах, хамгаалахаар өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчны нийгмийн баталгаа нь сайжирна.
2015 оны байдлаар нийт 60374 иргэн “малчин” мэргэжлээр тэтгэвэр тогтоолгосон байна. Тэд дунджаар 23 жил ажиллаж, 231.9 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар 2017 оноос нийт 67688 малчдын ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар нэмэгдүүлж тооцоход жилд 12.624.0 сая төгрөг шаардагдахаар байгаа аж.
Энэ хуулийн төсөл дээр гишүүд батлагдсан хугацаанаас нь мөрдөж эхлэх санал оруулж байсан. Гэхдээ ирэх оны улсын төсөв батлагдсан учир дараагийн жилээс нь буюу 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцжээ. Ямартай ч энэ хууль батлагдвал малчдын нийгмийн асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа үр дүнтэй бодлогуудын нэг болно гэж зарим хүн үзэж байна лээ.
Н.Энхбат
Уншиж байна |