Хар машинтай хуучин танилууд
2015-11-20

Манай парламетад хууль батлах “ажилд” мэргэшсэн, бизнес эрхлэх, олигарх болохоос өөр замаар гарч ирсэн төлөөлөл бий.

Анхны парламентаас сонгогдсоор ноён оргил болох хэмжээнд хүндлэгдэх Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан,Ц.Нямдорж, Р.Амаржаргал, Р.Гончигдорж нарын араас М.Энхболд, З.Энхболд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтөвшин, С.Оюун Н.Алтанхуяг, С.Баярцогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гээд 2-3 удаа парламентад сууж мэргэшиж байгаа түшээд нэрлэгдэнэ. Гэхдээ сүүлийн арваад жилд шинэ парламентын тавин хувь орчмыг урьдчилан тааж болдог буюу бэл бэнчин хөрөнгө мөнгөөр бярдсан улстөрчид ээлжлэх байдлаар сонгогдсоор ирсэн юм.   

 

2008-2012 оны УИХ-ын гишүүдийн 39 нь үлдэж, тал нь шахуу явж байлаа. Энэ дүнд үнэндээ муу дүн аваад баяртай болсон нь ч байгаа Г.Занданшатар, Ш.Сайхансамбуу, Р.Раш, Д.Энхбат гээд парламентад өөрийн дуу хоолойтой, орон зай нөлөөтэй ч тойргийн наймаа, намуудын дотоод хуйвалдаанд өртөж эргэж ирээгүй нь ч байгаа. Ер нь бид 6 удаагийн сонгууль хийхэд хууль тогтоох дээд байгууллагадаа чанарын ямар өөрчлөлт оруулж чадсан бэ гэсэн асуудал тавигдаж байгаа юм. 

 

Намууд нь Их хуралд залуучуудаа оруулж ирж байна. Гэхдээ  хөрөнгөлөг хэсэг нь тойрог дээр түрүүлж гарч зогсдог. Өнгөрсөн сонгуульд МАН-аас гурван залуу гараад ирсэн. “МАК”-ийн Н.Номтойбаяр, “Өндөр Буянт”-ын Н.Төмөрхүү  “НИК”-ийн О.Содбилэг нар. Нэгийг нь булхайцаад буцаагаад татчихсан. Энэ залуус мэдлэг боловсрол өндөр л байх. Гэхдээ л 76 дотроо хамгийн залуу гурван баян гэгдэж байлаа. Мөнгөтэй хүнд дургүйдээ үүнийг жишээлсэнгүй. Нам дотроо залуус гарч ирэхэд ямар шалгуур дээгүүр тавигдаж байгааг эндээс харж болно.

        

Ирэх сонгуулийн тойргийн тов гарчихсан тойргийн наймаа хөөрөө эхэлцэн байгаа. Одоо байгаа 76-ын олонх нь нэр дэвшиж улс төрийн “улам өрнөх” цолын төлөө үзэх нь тодорхой. Араас нь урьд сонгуульд унаж түр завсарласан нэр дэвшигчид бараг бүгд жагссан байгаа. Үүн дээр хөрөнгө бэл нь зузаарсан шинэ өрсөлдөгчид мөн хууль батлах кнопыг хараалж буй. Манай нөхцөлд мөнгө нь байхад энэ нь бодит боломж болчихдог.

 

Харин засаг огцруулах, уул уурхайн лиценз шийдэхээс дээгүүр тавигдах учиртай төсөв мөнгөний бодлого, хөгжлийн хөтөлбөр концепци, алсын хараатай үндэсний стратеги ярих үед тулхтай гишүүддээ дэм болохоор номын эрдмийн хүмүүс нэр дэвших боломж тун бага даа.     

 

Чадвартай парламент бүрдүүлэх нь нэр дэвшигчдийг хэрхэн гаргахаас шууд хамаарч байгаа. Энэ нь намын даргын  онцгой эрх мэдэл дор, өнгө мөнгө нэр нөлөөний дор  явагдаж байгаа нь  зөвхөн олигархууд,  ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүдээс парламент бүрдэх суурь нөхцлийг бүрдүүлчихээд байгаа юм. Намын энэ хатуу өршөөлгүй тойргийн гаднаас бие дааж өрсөлдөх ганц зам байна. Гэхдээ бие даахад манай сонгууль хатуу.

 

1992 оны анхны ардчилсан сонгуульд тухайн үеийн МАХН-ын гишүүн Г.Зуунай гуай ганцаархнаа бие даагчдаас сонгогдож байсан бол 2000 онд Хөвсгөлөөс Л.Гүндалай, 2004 онд Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар бие даан нэр дэвшиж парламентад орж байсан. 2008 оны сонгуульд сэтгүүлч З.Алтай бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байлаа. 2008 оны сонгуульд хамгийн их буюу 20-оод хүн бие дааж байсан бол 2012 оны сонгуульд 10 болж буурсан. Бие даагчдаас 2-3 хүн сонгогддог жишиг тогтсон нь үүнд нөлөөлсөн байх. 2012 онд гурван бие даагч орж ирсэн. Сүүлийн гурав бүгд л хатуу өрсөлдөгчдийн аманд очсон ч ялсан.

 

Бие даана гэдэг хувь хүнд эдийн засгийн их эрсдэл дагуулах нь тодорхой. Харин сонгогдсон тохиолдолд хамгийн үнэтэй хүмүүс нь болдог. Гэхдээ даацтай төсөл хөтөлбөрөө төрийн бодлого үйл ажиллагаанд бодитой тусгаж чадах хэмжээнд буюу бүлэг байгуулах тоонд хүрч чадахгүй байгаа юм.

 

Сүүлийн гурван жилд намуудын нэр хүнд урьд байгаагүйгээр унаж байгаа нь ирэх сонгуульд бие даагчдад боломж харагдуулж байгаа ч хуулийн хүрээнд хязгаар хавчлага байгааг өөрчлөөгүй цагт хаалт их.

 

Бие даах нь нэр дэвшүүлэхээсээ эхлээд дарамттай. Онол болоод амьдралын туршлагатай Р.Амаржаргал гишүүнд тоогдчихоор эдийн засаг мэддэг, бодлогоо бодож чадах багш эрдэмтэн сэхээтэн төрийн албан хаагч нэр дэвших бол хуулиар заасан тусгай болзолтой. Арай доошлоод төрийн үйлчилгээ гэх албан хаагч дэвшүүлье гэхээр улс төрийн намын харъяаллыг шууд хязгаарласан тул хаалгаа тайлах нам олдохгүй. Мөн л бие даах зам үлдэж байна.  

 

Одоо өргөн баригдаад байгаа Сонгуулийн хуулийн аль ч төсөлд энэ байдлыг дээрдүүлсэн ямар ч заалт харагдахгүй байна. Нэр дэвшлээ гэхэд тойрогтоо өндөр авсан түшээд, морь хурд ихтэй сайд баячуудаа давж хэвлэл мэдээллээр цухуйж харагдах гишгүүр олдохгүй. Хуулиа барих юм бол өндөлзөөд өндөлзөөд сонгуулийн сурталчилгааны 4 долоо хоногт тойргийнхныхоо тал хүрэхгүй хувьд нь нэрээ дуулгаж, гараа гозгонуулсаар баяртай. С.Эрдэнэ шиг өөрийгөө галддаггүй юмаа гэхэд нийгмээрээ шуугих сенсаац тарьдаггүй л юм бол сонгуулийн сурталчилгааны 28 хоног ба хэвлэл мэдээллээр олдох цаг зайны давчуу боломжид “шинэ хүн” танигдаж ялах магадлал бага. Ер нь бол маш сайн баг бүрдүүлж шийдэмгий ПиАр хийж байж л гарч ирнэ. Үүнд нь бас л овоо мөнгө шаардагдана. 

 

Сурталчилгааны хугацааны асуудал бие даагч нарт их нөлөөтэй. Анх 75 хоног буюу хоёр сар гаруй хугацаанд үргэлжилдэг сонгуулийн сурталчилгаа залхаалт болж байсан. Үүнийг харгалзаад 45 хоног болгосон бол дараа нь бүүр хумьж 28 хоног болгож багасгасан. Эхний 75 хоног мөнгөний болоод хавтгайрсан бэлэг тараалт архидалтын сонгууль байсныг хязгаарласан бол сүүлийн 28 хоног шинэ хүмүүс танигдаж гарах боломжийг боогдуулсан. Дунд нь гээгдсэн 45 хоног бол болох хугацаа байсан санагддаг. Гэхдээ тэр үеийн сонгуулийн сурталчилгаа хэт хяналтгүй, тойрогт мөнгө их цацаж, найр наадам зохион байгуулж жалга довоор нь худалдаж авч байж босдог байв. Тэр хэрээр хэвлэл мэдээлэл мөнгөтэй талд үйлчилж гүтгэлэг гүжирдлэг зэрэг хар технологийг гүйцэлдүүлэхэд гар хөл болдог байлаа. Одоо энэ байдал шинэ хуулиар хумигдсан, цахим техник технологийн дэвшил мэдээллийн хяналтад нэвтэрсэн, иргэдийн ухамсар дээшилсэн, сонгуулийн сурталчилгаанд шоу, наадам, шашны зан үйл хийх явдлыг хязгаарлаж өгсөн зэргийг тооцож сурталчилгааны хоногийг шинэ хуулинд өөрөөр авч үзэх буюу хуучин 45 хоногоор авах боломжтой. Үүнийг сонгуулийн шинэ хуулинд хийж өгөх ёстой.

 

Нэг бол нам бус, бие даагч нарт сурталчилгааны давуу боломж олгох нь манай онцлогт буруудахгүй. Насаараа амьдарсан дошиндоо нэр дэвшиж байгаа багийн дарга 28 хоног хангалтгүй гэж уйлагнаад байхад бүтэн аймаг дүүрэгт өөрийгөө таниулж сурталчлах “номын хүн” яаж танигдаж амжих вэ. Тойргийнхоо айл бүрээр орж танайд хоноё гэдгийг хийх боломжгүй тул хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа явуулж үгээ хүргэх гэнэ. Гэтэл тэнд нь томчуудтай яг адилхан зоочихсон багахан цаг зай байгаа. Үндсэндээ манай хуулийн орчинд шинэ баг бүрдэх, мэдлэгтэй оюунлаг түшээд гарах бараг бүх зам хаалттай байна шүү дээ.

 

Төрийн үйлчилгээ гэх албаны албан хаагчдын улс төрийн намын харъяаллыг шууд хязгаарласан нь жирийн багш, эмч эрдэмтэн нарын сонгогдох эрхэнд халдаж нэр дэвших боломжийг үндсэндээ хаасан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн заалтад цэц хориг тавьсан ч хүлээж авахгүй боллоо. Ингэхээр парламентад үгүйлэгдээд байдаг “мөнгөгүй” ч мэдлэгтэй оюунлаг төлөөлөл нэр дэвших бол ирэх сард ёолкоо хийгээд ажлаасаа гарах зам үлдэж байгаа юм. Энэ талаар урьд  “Талхнаасаа салчихаад нэрээ дэвшүүл” гэж бичсэн байгаа.

 

Хар машин ч сайн танихаар болсон хуучин танилуудаар намууд сонгуульд нахих гээд байдаг. Бид ч сонгууль хийж байна. Дөрвөн жилээр хариуцлага тооцно л гээд байдаг. Эцсийн дүндээ нам гэх инстүүци дангаар сонгуульд ноёрхох давуу байдал олгосон хуулийн заалтыг өөрчлөөгүй цагт парламентад чанарын өөрчлөлт орох боломж маш хязгаардагдмал.

 

Үүнд гол намууд эхлээд энэ цус сэлбэлтийг уриалж гар амар нэр дэвшдэг зарим нэг баячуудаа түр амрааж, эрдэм мэдлэг тээсэн нэр дэвшигчдээ дээш нь гаргаж ирэх хэрэгтэй юм.

 

Шулуухандаа бол гишүүн Г.Батхүүгийн 72.6 тэрбум, Д.Зоригтын 54.6 тэрбум, Л.Энх- Амгалангийн 54.1 тэрбум,  М.Зоригтын 52 тэрбум, Лу.Болдын 21.1 тэрбум, Сү.Батболдын 15.8, М.Сономпилын 10.6  тэрбум, Ж.Энхбаярын 10.5 тэрбум, Б.Гарамгайбаатарын 4.3 тэрбумын хувьцаа болоод бусад баян гишүүдийнхээ бэл бэнчин хувийн өмчөөр энэ улсыг өр хямралаас гаргахгүйгээс хойш хөрөнгө мөнгөөр нь өрсөлдүүлэн нэр дэвшүүлж, хууль тогтоох байгууллагад хэдэн баяуудаа бүгдийг нь багтаах гэж зовлон хураадгаа намын дарга нар больчихмоор. Багш эрдэмтэд номын сэхээтнүүдийн улс төрийн эрхийг хязгаарласан хуулийн заалтаа өөрчилмөөр байна.

 

Өнөөгийн ил цагаан болсон засаглал хямрал, эрх мэдлийн хуваарилалтын тэмцэл нь үнэндээ бол Үндсэн хуулийн согогтоо ч төвлөөд байгаа биш парламент доторх ашиг сонирхлын зөрчил тээсэн бизнес төлөөллийн даац нь хэтэрснээс болж байгаа. Ийм нөхцөлд ирсэн бид тулсан 76 юм уу, билэгдлийн 99 гишүүний тоог тогтохын өмнө чадвартай, ёс зүйтэй парламент бүрдүүлэх талаар эхэлж яримаар.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс орны ирээдүйг, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг боддог л хүн бол АН-ыг дахин сонгож хэрэггүй
2015-11-23
Зочин:
иймэрхүү үл бүтэх хүмүүс мөнгөөр зодоод гараад ирдэг ийм л гажиг системд бид орчихсон байншд ...
2015-11-22
Зочин:
Төр, авилга, далд мөнгөөр амьдардаг нөхдүүд байна шүү дээ. Олон сая долларын цаг зүүгээд л, папарацдуулаад л хог юмаа, ийм юм бичих гэж.
2015-11-22
Зориг:
Шинэ парламентад одоогийн гишуудийг нэгийг нь ч дахин сонгох хэрэггуй.гишуунийг 2 дахин сонгох боломжийг л олгох цаашид улиран сонгохгуй байхар хуульчилмаар байна.наямдорж батхуу гончигдорж лундэнжанц нараас унэхээр залхалаа
2015-11-22
Odka:
Nomtoibayar gej teneg zabxai xulxi nobshiig daxij songoj xaragdaach. Ene nobsh Dornodchuudad yu xiisen yum be. Muu lalar xun xutgalna, xuuxen xuchindene munguur xun xudaldaj abna uur yu xiisen yum. Ene malig bid songoxgui.
2015-11-21
Зочин:
иймэрхүү үл бүтэх хүмүүс мөнгөөр зодоод гараад ирдэг ийм л гажиг системд бид орчихсон байншд ...
irgen:
Bugdiig ni zailuulah heregtei.
2015-11-21
Зочин:
Маш зөв шүү
2015-11-20
Зочин:
arvinaas mungu avdag yum uu, arvin tushee bish ee, ih hurliin suudlaa ashiglaj hulgaa deerem hiideg muu hun
2015-11-20
xcvxcvcv:
xcvxcv
2015-11-20