Бидний Монголчууд үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийг 'ард түмэн'-ээс салгаж сурмаар санагддаг. Уг нь бизнест ард түмэн биш үйлчлүүлэгч л байдаг. Үнэгүй хувцас тараах шуугианы үеэр бас энд бичиж байсан. Экспорт, монополийн бодлогоор зориуд дэмжиж байгаа салбар биш бол бизнест УИХ, Засгийн газар ч уг нь оролцох ёсгүй. Даанч Тавантолгой зэрэг томхон ордууд нэгд монголын байгалийн баялаг, улсын томхон орд гэдэг утгаараа, хоёрт төрөөс өөр төсөл хэрэгжүүлэх чадамжтай субъектгүй гэх мэт шалтгаанаар “ард түмэн” - д нэг асуудал гарахаар Ерөнхий сайд нь дуудаад захирлыг нь халчих хэмжээнд улстөрөөс хараат байдалд байдаг. Өнгөрсөн Баасан гарагт шашин цэрэг зэвсгийн мөргөлдөөнгүй тайван монгол нутагт эрдэнэт хүн өөрийгөө шатааж олон нийтийг цочирдуулсан хэрэг гарсан. Шатахынхаа өмнө хэлсэн үгийг нь сайн задалж шинжилсэн мэдээ харагдахгүй байгаа ч ерөнхийдөө бизнесийн биш улстөрийн мэдэгдэл хийснийг ажиглаж болно.
Гэхдээ бид ард түмэн, улс төр, тэмцэл, тэр энэ хувь хүн ярихаасаа өмнө зүгээр бизнес гэдэг утгаар нь, нэгэнт дэлхийд томхон борлуулалт хийж байгаа цорын ганц салбар гэдэг утгаараа уул уурхай олон улсад ямар байдалтай байгааг эхлээд бодитоор харах хэрэгтэй. Өмнөд хөршийн нүүрсний хэрэглээ энгийнээр хэлбэл гурван хүрз тутмын нэгээр багасч, зөвхөн манайд төдийгүй, Австрали Индонез зэрэг бусад экспортлогчдийн хувьд ч уналт үргэлжилж байна. Энэ нийтлэлээр хүргэсэн зарим баримтыг дахин хүргэе.
Хоёрт, макро түвшинд салбарын нөхцөл байдлыг баримжаалсны дараа микро түвшинд буюу компанийн өөрийнх нь ашиг орлогын үзүүлэлт ямар байгааг харах ёстой. Доор графикт ЭТТ компанийн шилэн данс, улирал тутмын тайланд мэдээлснээр энэ оны 3 дугаар улирал хүртэлх зарим үзүүлэлтийг борлуулалтын орлогод харьцуулсан хувийг харуулж байна.
Олон улсад тасралтгүй унаж байгаа хүний нөөцийн зардлын хувь өмнөх улиралтай харьцуулахад эсрэгээрээ өсөж 4,3 хувь болсон байгаа нь хасах ашигтай гарсан энэ компани эсрэгээрээ “бизнеслэг” биш “ард түмэнлэг” ажиллаж байгааг харуулна. Удирдлагаас нь Өдрийн Сонинд өгсөн ярилцлагыг үзвэл эх орон ард түмний асуудал сөхөж байгаа ажилчдад ЭТТ 14 сарын турш цалингийн 60 хувь, 700-900 мянган төгрөг тогтмол олгож ирсэн аж. Оны эхний улирлаар 69 хувь хүртэл буусан борлуулалтын өртөг 91 хувь давахад нөлөөлсөн хүчин зүйлсэд ч анализ хийх шаардлагатай. Тэгж байж удирдлага сайн муу, халах солихыг шийдэх ёстойгоос биш хэн нэг нь хэний ч хатгаасаар юм бэ хэдэн хүний нэр хэлээд хайран амь биеэ галдан шатаагаад сольчихдог бол энэ улсад бизнесийн ирээдүй түй ч алга. Компани нь нийгмийн баялгийн гол зүтгүүр гэдэг утгаараа ашигт ажиллагааны төлөө хүний нөөцийн тоо хэмжээ зэрэг зарим хэцүү шийдвэрийг гаргаж байж амьд үлддэг, нэн ялангуяа макро орчин таагүй байхад.
Бидний монголчууд уул уурхай гэлтгүй ер нь бизнесийг ард түмэнтэй холиод байдаг нь түүхэн шалтгаантай болов уу. Өнгөрсөн нэг зуунд бизнесийн эзэн нь төр, үйлчлүүлэгч нь ард түмэн байв.
(сүүлийн үед коммунизм нь тендер гэдэг нэртэй болсон). Одоо гэхдээ цаг өөрчлөгдөж, бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ. Угийн өрсөлдөх чадваргүй хэдхэн салбараа улстөр популизмын дөнгөнөөс чөлөөлөхгүй бол ямар ч дөнгөгүй, дарамтгүй орчинд өсөж хүчирхэгжсэн бусад улсын компаниуд ашигтай ажиллаж хуримтлуулсан хөрөнгөөрөө манай бизнес, баялгийг авахаар орж ирэх явц зогсохгүй. Тийм явцаас хэн хожих вэ, ард түмэн үү? Уг нь бизнес чинь хүний төлөө ашиг орлоготой ажиллах механизм болохоос ард түмний төлөө улстөр биш, гал өрдөх шүдэнз бүр ч биш.
Эх сурвалж : @bolushka trends.mn