Олон улсын парламент хоорондын холбоо (Inter -Parliamentary Union)-ны Хүний эрхийн хорооны төлөөлөл манай улсад энэ оны есдүгээр 16-19-ний хооронд зочлонгоо “ажиллаад" буцжээ. Ер нь энэ байгууллагаас ирсэн зочдыг явсны дараа С.Зоригийн аллагын хэрэг нэг хэсэгтээ анхааралд ордог юм.
Монголын парламентын гишүүн, нэрт улстөрч хэрцгий аллагад амиа алдсан хэргийг илрүүлэхийг сануулсан нэхэл хатуутай олон улсын байгуулагын төлөөлөгчид үе үе ирнэ. Тэд энэ хэрэг дээрх хүчний байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч цаашдаа юунд анхаарах талаар зөвлөмжийг үлдээгээд буцдаг. Ирэх бүртээ С.Зоригийн хэргийн ул мөр бүдгэрч байгаад санаа зовж буйгаа, ерөнхийдөө удаашралтай байгаа гэсэн дүгнэлт өгөөд буцаж байсан. Одоотой харьцуулахад Зоригийн хэрэг тийм ч хуучраагүй байсан цаг үед л ийм дүгнэлт өгч байсан. Үүний дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын парламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зориг агсны хэргийн талаар танилцуулж, Германд нарийн шинжилгээнд хамруулахаар болсон гэж тайлагнасан байдаг. Гэхдээ бодит байдалд дээр энэ хэрэгт ахиц гараагүйг бид мэднэ. Нэхэл хатуутай Олон улсын парламентын холбооны төлөөлөгч энэ удаа дахин ирээд буцлаа. Энд манай хүчнийхний 10 жилийн өмнө хэлж байсан тайлбар ерөнхийдөө нэг их өөрчлөгдөөгүй бололтой.
Хүний хүн хэлсэн зааварласныг тоочихын өмнө энэ хэрэг дээр манай төр хэр санаачлагатай ажилласан бэ. Мөрдлөг шалгалтын хүрээнд техник технологийн давуу талыг хэр ашиглаж чадаж байгаа вэ гэсэн асуултыг тавибал хангалтгүй гэсэн дүгнэлт өч болохоор. С.Зориг алагдсанаас хойшхи 17 жилд энэ хэрэг дээр олон удаа ажлын хэсэг байгуулагдсан мөн хэрэг мөрдөлтийн баг өөрчлөгдсөн шинэчлэгдсэн талаар бид сураг төдий мэдээллийг хааяа нэг сонсдог. Энэ хэргийн талаар мэдээлэл авах ба түгээх нь өөрөө эмзэг болоод хаалттай сэдэв хэвээр байгаа нь олон нийтийн зүгээс хэргийг илрүүлэх талаар төр засагт шахалт нөлөө үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа.
Чин үнэндээ бол Олон улсын байгууллагын нэг төлөөлөгч ирсэн явсан сургаас бид С.Зориг агсны хэргийн мөрдөлтийн явцын талаар бага ч болов шинэ мэдээлэлтэй үлддэг болоод байгаа. Хамгийн сүүлийн ийм мэдээллээр бол СЗоригийн хэрэг дээр 2013 онд шинэчилсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм байна. Мөн л анхнаасаа гэмт хэргийн, нотлох баримтууд баллагдсан нь хүндрэл үүсгэсээр байгааг ажлын хэсгийнхэн дахин хэлсэн байна. Тодорхой зүйл бол хүчний байгууллага С.Зоригийн хэрэг дээр тусгайлан ажилласаар байгаа. Харин ул мөр нь бүдгэрсээр байгаа хэргийн мөрдлөгийн үйл явцтай танилцсаны дараа Олон улсын байгууллагын зүгээс өгсөн дүгнэлт, зөвлөмж нь анхаарах сэдэв болно.
Юун түрүүн хэргийг цааш үргэлжүүлэн шалгахад нотлох баримт дутуу, мөрдлөгө явуулж, мөрдөн байцаагчийг байнга сольж ирсэн. Мөн тагнуулын байгууллага болоод улстөрчид хэрэгт энэ хэрэгт оролцдог, хэрэг мөрдөлтөд оролцож буй чиглэл авсан газрууд тус бүрийн хариуцлага сул байгаа зэрэг сөрөг хүчин зүйлс байгааг мөн л анхааруулжээ. Энэ нь олон нийтийн зүгээс ч хэлдэг бараг уламжлал болоод байгаа шүүмжлэл юм. Гэхдээ энэ удаагийн “зочин” төлөөлөгч арай тодорхой зөвлөмж өгсөн буюу тодруулбал, Монгол Улсын Засгийн газар хэрэг илрүүлэх тодорхой хугацаа зааж, аллага гардан үйлдсэн этгээдийг эхлээд илрүүлэх хэрэгтэйг онцолжээ.
Хэрэг мөрдөлтөд ажиллаж байгаа боловсон хүчиндээ анхаарч хөлсний алуурчин мөрдөх олон улсын сургалтад хамруулах хэрэгтэйг зөвлөсөн байна. 17 жилийн өмнө үйлдэгдсэн хэрэг дээр мөрдөгчид зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн мөрдлөгийг үргэлжүүлээд байгаа нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой.
Үүн дээр С.Зоригийн аллагатай холбоотойгоор ар гэрийнхнийг нь ч (Б.Булганыг) шалгах нь зөв гэсэн зөвлөмж гаргасан байгаа юм. Ард нийтийн зүгээс ч энэ асуудал яригддаг. Амьд гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй байгаа вэ. Алуурчинтай нүүр тулсан хаалга тайлсан, үг сольсон дуу хоолойг нь сонссон. Аллага болох үед амаа боолгосон ч чихээрээ бүхнийг сонсож байсан Б.Булганаас юм гарна шүү л гэдэг. Гэхдээ саяхан түүнийг барьж хорьсныг шууд дээрх ОУ-ын зөвлөмжтэй хамааруулан ойлгох нь учир дутагдалтай. Зарим эх сурвалж хүчнийхэн Б.Булганыг эртнээс энэ хэрэгт холбон шалгаж байсан ба тэрбээр батлан даалтын журам зөрчиж хэд хэдэн удаа гадаадад зорчсон тул сануулга болгож саатуулсан байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Тэгээд ч Хүний эрхийн байгууллагын төлөөлөгчийн дүгнэлт зөвлөмж нь манай хүчнийхэнд шууд биелүүлэх үүрэг болохгүй юм.
Харин энэ удаа Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хорооны ажилтан Киенер Нэллэн нэг чухал асуудлыг хөндөд буцлаа. Ер нь С.Зоригийн хэргийг нууцын зэрэгт байлгах хэрэгтэй юу гэдэг асуудал. 17 жил өнгөрсөн энэ хэргийн талаарх мэдээллийг нууц байлгах шаардлагагүй, УИХ-ыг Нууцын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн байна.
Энэ бол чухал. С.Зоригийн хэрэг бол улс төрийн захиалгат аллага гэдгийг хаа хаанаа зөвшөөрдөг. Тийм ч болохоор хэрэг мөрдөлтийн талаарх аливаа сэжиг таамгийг мэдээлэх нь эргээд улс төрийн үр дагавартай тул хатуу хаалттай явж ирсэн. Тэгсэн хэрнээ эрх баригчид С.Зоригийн хэргийг нэг биш удаа улс төрийн зорилгоор босгож ирж сонгуульд хүртэл ашиглаж байсан. Энэ нь одоо ч олон нийтийн эгдүүцлийг хүргэдэг.
Ер нь хэрэг мөрдөлтийн нууц гэсэн хаалттай байдал С.Зоригийг хөнөөсөн аллагыг илрүүлэхэд тустай болсон уу, харин ч хэрэг мартагдаж бүдгэрэхэд нь нэмэр болсон уу гэдгийг ярьж болохоор хугацаа буюу 17 жил өнгөрсөн байна. Энэ талаасаа Олон улсын байгууллагын зүгээс энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах асуудал бол цагаа олсон зөвлөмж байх. С.Зоригийн хэргийн талаар тухайлан танилцдаг олон улсын байгууллагын төлөөллийн энэ удаагийн дүгнэлтэд хэргийн цаад эзэн гэхээсээ илүүтэй гардан үйлдэж хутга эргүүлсэн хэрэгтнүүдийг ямар ч байсан тогтоох хэрэгтэйг мөн чухалчилсан байна.
Тодруулбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны єдрийн баасан гаригт ардчилсан хєдєлгєєний удирдагч Санжаасvрэнгийн Зоригийн амь насанд аймшигтайгаар халдсан хоёр алуурчин хаана байна гэсэн маш тодорхой асуулт дахин тавигдаж байна.
Энэ дүгнэлтийн дараа Б.Булганыг шалгаж байгаа мэдээлэл дахин олны анхааралд орж ирлээ. ГэхдээБ.Булганы хувьд энэ анхны дуулиан биш. 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж шалгаж эхэллээ гэсэн мэдээдэл гарч байсан. Харин одоо 16 жилийн дараа түүнийг дахин барьж хорьж байгаа нь хэрэгт шинэ сэжүүр гарсан болов уу гэсэн хүлээлтийг бий болгочихлоо.
П.Баяр