Хүн өөрийгөө галдлаа. Нийгэм цочирдлоо. Аргаа бараад л ингэж дээ гэж өөрийгөө галдсан С.Эрдэнийг өмгөөлөх тал нь давамгайлж байх шиг. Дахиад ийм зүйл битгий гараасай гэж ханцуйндаа залбираад л өнгөрөх нь хангалтгүй гэж зовинох хүн цөөнгүй. Хэвлэлийн хурал дээр “нэмэлт тайлбаргүй” дүрэлцсэн галын дөл хамгийн эхэнд ЭТТ компанийн гүйцэтгэх захирлыг түлээд орхив. Дараагийн томилогдох захирал нь эхний тушаалаа ямар ч аргаар болов С.Эрдэнийн өмгөөлсөн ажилчдын шаардлагад нийцүүлэхгүй бол эргээд өөрийгөө шатаах байдалд хүрч мэдэх нь дээ. Туйлшраад харвал ЭТТ компани түүний хэсэг ажилтны маргаан ийм л хатуу зааг дээр ирчихжээ.
Ерөнхий сайдын хувьд нэг хүн дээр дүрэлцсэн энэ галын араас очтож болох бусад галаас цэрвэж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ ч аргагүй. Хүчирхийлэл хэзээ ч сайн үр дагавар авчрахгүй. Төрийн ордон руу өндөг шидүүлж бие халаалт хийлгэж байгаад дараа нь чулуу шидүүлж галдан шатаалгах хүртэл нь явуулсан хар технологитой жагсаалын гашуун сургамж бидэнд байгаа.
Хөдөлгөөн бүхэн зогсох газраа зогсох ёстой гэдэг афоризм байдаг. Энэ нь нийгмийн харилцаанд хэм хэмжээ болж илрэнэ. Хэм хэмжээг хэтэрч гарвал эмх замбараагүй байдал бий болж эцсийн дүндээ улс орон гарз хохирол хүлээнэ. Энэ нь нийгмийн жам ёсны үзэгдэл болох талаасаа жирийн иргэнд ч эрх мэдэлтнүүдэд ч хамаатай. Бидэнд шийдэх асуудал хэт их хуримтлагдсаар байгаа нь энэхүү хэм хэмжээгээ барих тухай сэдэвт хөтөлж байгааг нурших нь илүүц биз.
Монгол хүний саруул ухаан гаргасаар байгаа ч жирийн иргэдийн амьжиргаа дордож байгаа нь өдрөөр хэмжигдэнэ. Улс төр бохир, төр засаг эвээ олохгүй байгаа өдрүүдэд бүсээ чангалаад гүрийгээд байгаа нь иргэд л болоод байна. Гэхдээ амиа зольж шатах дээрээ тулчихаагүй.
Тэмцэх гэдгийг хойш тавьж тэвчих гэдгийн үлгэрийг үзүүлж байгаа ард иргэдээ бодьё гэхээр цалин тэтгэвэр нэмэх мэтээр хэмжиж ярих болжээ. Угтаа бол их энгийн. Улстөрчид хэлбэрдсэн эвлэрлийг бус ухаарсан эвийг зангидахад л олны сэтгэл сэргээд ирэхээр. Одоо өрнөж байгаа улс төрийн үр дагавартай үйл явдлууд нь эрх баригчдын үл итгэлцэл, далд явуулгын илрэл болж байгаагаас тавьсан зорилго, шийдвэрлэх асуудлаасаа үл хамаарч төр засгийн гаргасан шийдвэр бүхэн их үгүйсгэлд дарагдаж бүтэхгүйн мананд бүдгэрэх боллоо.
Тавантолгойн талцаан хийгээд нүүрс тойрсон шүүх хурал. Өршөөлийн хуулиар өртөөлсөн гэмээр дараалсан баривчилгаануудын дуулиан. Эдгээрийг дагасан ноцтой мэдэгдлүүд, талцсан нийтлэлүүд, дагасан хов живийг бүхлээр нь харвал нийгмийн сэтгэл зүйд гэрэл гэгээ нэвтрэх чөлөө зай өгөөгүй улс төрийн тэмцэл үргэлжилсэн харагдана. Үүгээрээ олон нийтийн төрд итгэх итгэлийг томоор хумсалж, дуу нэгтэй сонгосон Ардчиллынхаа мөн чанарт эргэлзэхэд хүргэж байгаа нь харамсалтай.
Нэг жишээ хэлж болно. Тавантолгойн баялгийг булаалдах нь бүх талцаан эвдрэлийн шалтгаан болж байна гэж улстөрчид өөрсдөө мэдэгдэж байна. Ийм утгатай хэлсэн Л.Эрдэнэчимэг гишүүний ярилцлагын ишлэл одоо ч sonin.mn сайтын онцлох буланд голлосон хэвээр байгааг харж болно. Бүх л улс орны төр засаг нь Их хуралтайгаа хамт нэг нүүрсний ордтойгоо зууралдаж гадаад талдаа нэр нүүрээ хөөдөж, дотоод талдаа засгаа барьцаалаад байна гэх нь арай дэндүү гэмээр. Эдийн засгийн хямралын “гарц” гэх гоё шошготой явцуу эрх ашиг дээрээ хэт төвлөрснөөр манай төр бодит байдал дээр улс орноо удирдан залах замаасаа гарчихлаа.
Үүн дээр удирдагчгүй, идеалгүй болж хямралаас гарах итгэлээ алдсан иргэдийн дутагдаж гачигдах дээр улс төр хийсээр байгаа нь харамсалтай. Банкны зээлийг өршөөнө гэж амлах нам ч дуулдсан. Эрхэм гишүүний нэгжний урамшуулалтай уулзалт, Магнайгийн өөрийн буянаар тарааж байгаа нүүрсэн дээрх зодооны шуугиан зэрэг нь өнөөдөртөө Баянхошуу орчмын улс төр мэт боловч маргаашийн 99 гишүүн энэ арга барилаар сонгогдвол парламентад чанарын ямар өөрчлөлт гарах билээ. Сонгуулийн шинэ хуулийн төслөө дөнгөж өргөн барьж байхад ээлжит сурталчилгаа нь орон даяар эхэлчихсэн мэт харагдах юм.
Энэ эрчээрээ сонгуулийн агаараар хагас жил уушиглах нь улстөрчдөд гарцаагүй боловч иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй бэрхшээл хүндрэл нь бухимдлаас давж хэм хэмжээнээсээ хэтрээд ирвэл хэцүү.Үүнийг С.Эрдэнийн үйлдэл харууллаа гэж дүгнэх тал ч байгаа.
.
Сонгуулийн дараачаас энэ хүртэлх улс орны амьдралыг нэгтгээд харахаар шинэ бүрээн дуу татах хүлээлт нийгэмд бий болсон нь илт. Энэ нь жагсаал нэртэй үймээн, зулын гол болох ганцаарчилсан тэмцэл биш. Улстөрчдийн Монголоо бодсон эв нэгдлийн уриа ч байж болох. Удахгүй болохоор чимээлж буй ард нийтийн санал асуулга үүнд ойртож болох ч үр дүнгээр нь батлагдах Үндсэн хуулийн засвар хямралыг гэтэлгэж, шинэ төр засаг цэгцэртлээ бас удна.
Тэр болтол нэн тулсан шаардлага, нийгмийн эрмэлзэл болох Эв нэгдлийн уриаг дуудлага, туг болгож дэрвүүлж чадах хүч боломж өнөөдөр хэнд байгаа вэ. Төрт ёсны эрэмбээрээ бол Улсын Ерөнхийлөгч. Ам дүүрэн амлалт уралдуулж парламентад суудал авсан намуудад байгаа шүү. Энэ улс оронд удирдагч байвал жагсаалаасаа ялгарч урагшаа нэг алхана уу.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/