АН-д юу болоод байна. Өршөөлийн хуулийг шинэчилж баталсан нь Алтангадасынхан болоод бусад гомдогсдын дэмжлэгийг авсан Ч.Сайханбилэг нарын сөрөг давшилтын “эхлэх” кноп байсан бололтой. Хоригоор өршөөлийн хуулиас мултарсан эрүүгийн хуулийн 148-ийн 4 гэсэн зүйл анги дээр мөнгө угаасан хэргийн зүйл ангийг нэмээд Зам тээврийн яамны Төрийн нарийн асан Б.Батзаяаг сэжигтнээр татаж хүчнийхэн шууд баривчиллаа.
Энэ бол надтай, намын даргатай дайн зарласан хэрэг гэж ойлгож буйгаа Женко ч ил шулуун хэллээ. Үүндээ Ч.Сайханбилэгийгээ нэр цохож “чамайг даа” гэснээр Тавантолгойг дахиад таг гацааж болох тогтоолын төслийг зөрүүлээд барилаа. Энэхүү тогтоолд болзол болгосон төрийн эзэмших болоод төмөр зам дахь 51 хувь дээр улс араа даагаад гаргачих мөнгөгүй. Бидний өмнөөс бүгдийг гаргаад багахан хувьтай үлдэх хөрөнгө оруулагч байхгүй. Энэ засгийн газар ид шид хэрэглээд ч олохгүйг Ч.Эрдэнэчимэг нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Үндсэндээ 6 жилийн турш барина гэж дөвчигнөсөн нүүрсний төмөр зам гурилан зам болов. 7 дахь жил дээр нь эргэн харвал төмөр замын оронд төсвөөс хэдэн зуун саяар нь доллар цохидог “тунел” босгосон харагдана. Энд ТТ бол жич ярих хийгээд гадаад дотоод олон талын эрх ашгийг зангидсан төрөөр наадах том бооцоо болоод байгаа сэдэв тул гал дээр тос нэмэлгүй түр орхиё.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Өршөөлийн хуулийг баталснаар АН-ын хувьд Н.Энхбаяраа ”хагацья”-даа гэж хэллээ. Хариу нь хэсэг ахмадын өргөх бичгээр өчигдөр үдээс хойшхондоо иржээ. Мэдээж МАН болоод МАХН-д хуваагдсан хэдэн настайчууд орой нь даалуу тавьж суухдаа эвлэрлийн бичиг үйлдээд өглөө нь хоёр намын удирдлагад зэрэг өргөн бариагүй. Дахиад л гомдсон Н.Энхбаяр гэдэг улстөрчийн ээлжит улс төрийн хувилбар “3” юм уу “4” хэрэгжиж байгаа хэрэг.
Х.Тэмүүжин болоод нэр бүхий АН-ын гишүүдийн хэлээд байгаагаар АН-ынхны бие биенийхээ ар нуруунд зоочихоод байгаа хутганы үзүүрийг цааш нь лавхан түлхээд аминд нь ойртуулчих ажиллагаа Н.Энхбаярын ээлжит хувилбарт багтсан бололтой. Түүний хувьд засгаас гарах бол юу ч биш. З.Баянсэлэнгэ нарт сайдын суудал гэдэг модтой чихэр хүлхүүлэх гэж засагт үлдэж Ч.Сайханбилэгт туслаагүй. Өршөөлийн хуулийн арыг баталгаажуулах гэж яаран ирж ганхаад байсан засагт ивээс болж хариу барьсан. Харин өнөөдүүл нь сайхан хошгируулж түүхий хууль баталж Сөүлээс ирүүлээд аврах биш бараг торонд оруулчихлаа. Одоо ёстой гинжнээсээ өөр алдах юмгүй болсон тул хамгийн сюрприз алхмаа хийж МАН-тай нэгдэж ирэх сонгуулиар АН-ын нармайг нь нээж өшөө авахаар хөдөлж байна.
Үндсэндээ засаг эвсэж болох бүх хувилбараар эвслээ, задарлаа. Энэ дараалсан задрал нь МАН, МАХН хоёрын эвсэх нөхцлийг эргээд бүрдүүллээ. Н.Энхбаярын хувьд нуршиж ярих юм их бий. Өөрөө амжиж эвслээ задлахгүй бол дотроос нь өрсөж эвслийг нь задлаад хар зах дээр гаргаж ашигтайхан зарчих гээд байгаа дагуулуудынх нь санаа ил болсон. Н.Энхбаяр ч мөн өрсөхөөр яарах нь тодорхой.
Нэгэнт Баасанхүү нарын туньсан гомдсон “нялхсууд” эвслийг задаллаа гээд зарлачихсаны дараа МАН-тай эвсэх тухай яривал аргаа барсандаа очсон болно. Харин урьж авчраад хөөж гаргахдаа гаршаад байгаа АН-ыг орхиод ирэх нь өөр хэрэг. Ямар ч байсан хариу бүрийд хөөгдсөн гэртээ хонохоор хонхыг нь дараагүй. Ингээд Н.Энхбаяр амбицаа орхиод амьдралаа аврахаар ирсэн ханийн дүрд хувирчихаж байгаа юм. МАН, МАХН хоёулаа л салж сарниж явахдаа АН-ын хайрын амлалтад итгэж хэдэн сар ашиглуулаад хатуу үг сонсож гэрээс нь хөөгдсөн амьдралын зурвас түүхтэй болох нь.
Энд хэлэхэд, Н.Энхбаярын сэдсэн алхам бүрийг нөгөө тал нь зөвшөөрөх болоод байдаг нь манай улс төрийн нэг парадокс болж дээ. Н.Алтанхуяг намын дарга байхдаа нам бууж өгсөн гэрээг Н.Энхбаяртай үзэглэж байлаа. "ЗИ" дарга нь Н.Энхбаяртай жич уулзаж гар бариад засагт хүссэн сайдын квотыг нь харамгүй өгч намынхныхаа дургүйг хүргэсэн. Угаасаа удахгүй задрах эвсэл тул нэг их тоогоогүй байх. Энэ удаа МАН-ынхан ахмадуудын санаачилгаар илгээсэн найрамдах саналтай өргөх бичгийг нь нэг их ярвайлгүй тохой түшин ярилцья хэмээн хүлээж авлаа. Энэ эвлэрэх хувилбар өршөөлийн хууль эргэлзээтэй болохоос бүүр өмнө МАН засгаас тийрүүлэх үед яригдаж эхэлсэн нь тодорхой. Харин одоо хэрэгжүүлэх тохироог нь АН бүрдүүлээд өглөө.
АН-ын хувьд Н.Энхбаярыгаа торгоогоод эвсэл болоод сонгуульдчихсан бол МАН-ын хувьд эвгүй л гэдэг болох байсан. Гэвч энэ “гэрлэлт” удах тусам АН-ын задралын замыг засах тул МАН руу төрхөмд нь буцаачихсан нь ч дээр санагдсан байх.
Олон л тохироон дээр МАХН, МАН хоёр эвсэх хувилбар тавигдлаа. Ардчиллаар овоглосон намынхны хагаралдаан хэвлэлийн гол хоол болж иргэд Засгийн бодлого шийдлийг хүлээх бус хэд хоног тэсэх вэ гэдэг дээр бооцоо тавих болсон. Энэ цагт цөхөрсөн олны АН-ын зүгээс хүлээсэн ганц үг нь “эвлэрэл”. Харамсалтай нь энэ үг өдөр өдрөөр алсарч байна.
Хямралд орж сэтгэл гундуу байгаа иргэдийн чихэнд МАН, МАХН хоёрын “сайндах” муугүй сонсогдоно. Эвлэрч нэгдэн эх орноо бодлоо гэвэл сэтгэл нь сэргээд дэмжье гэхэд бэлэн болсон масс байна. МАН, МАХН хоёрын нэгдэх сураг олон нийтийн загатнасан газар маажаагүй ч улс төрд алдарсан итгэлийг нь сэргээж болох юм.
Анд нөхдөө ч, ард түмнээ ч бодохгүй үзэлцэж аагтай омогтой, бэлтэй хөрөнгөтэй, танхай тангараггүй гэсэн сөрөг имиджийг төгс бүрдүүлж байгаа АН-ын хувьд ард түмнээс алганы амт авч мэдэх бодитой сануулга энэхүү цус нэгтэй хоёр намын сайндаа байж болох юм.
Улстөрчид айхтар. Эвдрэх бүртээ ардаа эвлэрэх зай үлдээж, эвлэрэх бүртээ хойно нь унагаах нүхээ давхар ухчихсан байдаг. Улс төрийн хувьд энэ байдаг л бохир дүрэм боловч АН-ын хувьд эвдрэлцэхдээ улсаа нураачих гээд байгаа нь уучилж боломгүй юм.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/