Харийн америкчуудын жил бүр их хэмжээний хөрөнгийг ганцхан өдөр зарцуулан тэмдэглэдэг баяр бол Чөтгөрүүдийн баяр буюу Халловений өдөр гэдэг. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр энэ баярыг тэмдэглэдэг аж.
Гэтэл энэ баярыг манай хүүхэд залуус өргөн дэлгэр тэмдэглэж, чөтгөрүүдийг баярлууллаа. Метрополис, Чикаго, Нью-Йорк, I-LOFT зэрэг томоохон цэнгээний газрууд, ресторануудад Халловений үдэшлэгийг зохион байгуулж, нүүр амаа элдэв янзаар будаж, баг зүүсэн хүүхдүүд энд тэндгүй явж, хүмүүсийг айлгаж, нэлээд олон хүний даралтыг ихэсгэж, өнжив.
Арван жилийн сурагчид, оюутан залуус энэ үдшийн хамгийн тачаангуй, аймшигтай өмсгөлүүдийг шалгаруулж, бөөн бөөнөөрөө таксинд сууж, айлын хаалга нүдэж, чихэр гуйж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, аймшигт автуулсан нь хүмүүст таалагдсангүй.
Зомби, цус сорогчтой кино үзэж, PC тоглоомонд донтож байгаа өнөөгийн залуусын хийсэн энэ үйлдэл олон хүний дургүйг хүргэсэн гэхэд болно. Эцэг, эхчүүд нь монгол биш болохоор, эсвэл гадаадад олон жил амьдраад ирсэн хүмүүсийн хүүхдүүд л ингэж зүггүйтсэн болов уу.
Түүнээс биш монголчууд хэзээнээсээ сүнс, чөтгөрөөс цээрлэж, нялх хүүхдээ харанхуйд авч гарахдаа хүртэл “Бор халзан туулай” болгодог шүү дээ. Гэтэл нүцгэн биеэ элдвээр будаж, сүнс чөтгөртэй адилхан болох хэрэг байдаг ч юм уу.
Ерөөсөө энэ баяр, хүмүүсийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн байдаг юм байна. Сайн зүйл хэлвэл, бурхан биднийг дагадаг, харин Халловен зэрэг нь муу энерги дагуулдаг болохыг сэтгэл судлаачид баталсан байна. Халловений баяраар чөтгөрийн хувцас өмсөж, чөтгөртэй ижил хувцасласанаар мөн тийм энергийг өөртөө татна гэж үздэг.
Сэтгэл судлаачид Халловенийг сөрөг энергийн баяр учраас тэр хэмжээгээрээ нийгэмд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн байдаг. Гэтэл энэ баярыг тэмдэглэхийг дэврээж, зохион байгуулж байгаа багш, эцэг, эхчүүдийг яалтай билээ. Гадны соёлыг хуулж, дуурайх нь байдаг боловч ганцхан Халловен гэдгийг л битгий дуурайгаач. Хэрээ галууг дуурайж, хөлөө хөлдөөнө гэдэг шүү дээ.
Э.Энхцэцэг
Эх сурвалж: www.mminfo.mn
Уншиж байна |