Санаж байгаа бол, 2008 онд Н.Түвшинбаяр аваргыг Бээжингийн Олимпийн наадамд түрүүлчихээд, монголчуудын 44 жил хүлээсэн алтан медалийг аваад ирж байхад бараг л алт эрдэнэс, машин тэрэг, байр саваар дарж алах юм яриад байгаагүй, хүмүүс. Хэн дуртай нь гарч ирээд, юу дуртайгаа амалж байлаа. Зөвхөн Н.Түвшинбаяр аварга гэлтгүй Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Гүндэгмаа гээд бүхий л медаль авсан хүмүүст алтан уул амлах нь холгүй л юм болсон. Гэвч өгсөн нь хэд билээ. Ганц хоёрхон л бол их юм. Ингэж тамирчдаар шоу хийж яана вэ. Амжилт гаргасан тамирчдыг шагнаж, урамшуулалгүй л яахав. Гэхдээ тэдний нэрийг барьж, ажлаа, элдэв бараа, барилгаа сурталчилж болохгүй биз дээ. Жаахан хүн чанартай баймаар байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд буудлагын спортын ОУХМ Ч.Нарантуяа байна.
Түүнийг өнгөрсөн жил Азийн наадмаас алтан медаль авахад “Apple Town” хотхонд байр өгөхөөр болж, эрхийн бичгээр шагнасан. Энэ талаар тэрбээр өнгөрсөн жил ярьж л байсан. Тэрбээр жилийн өмнө “Сая намайг Азийн наадмаас алтан медаль хүртэхэд “Apple Town” компани байраар шагнасан. Зөвхөн байраар шагнаад зогсоогүй, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тамирчин хүний хувьд ар тал найдвартай сайн байх хэрэгтэй. Ар тал сайжирвал сэтгэл зоволгүй бэлтгэл хийх боломж бүрднэ.
Тиймээс “Apple Town” компани надад үнэхээр их эрч хүч өглөө” гэж баяртайгаар ярьж байж. Гэтэл саяхан “Өнгөрсөн жил би Азийн наадамд оролцоод түрүүлсэн л дээ. Намайг ирэхэд нэг компани байр өгнө гэж амлаад, эрхийн бичиг гардуулж өгсөн юм. Гэхдээ одоо болтол өгөөгүй л байна. Өгөх байх гэж найдаж байгаа. Тэгэхээр, амжилт гаргаж ирж байгаа тамирчид байрны эрх ч юм уу олон урамшуулал, шагналд дарагдаад л байгаа юм шиг хүмүүст харагддаг. Гэхдээ тэрнээс бодитоор өгч байгаа нь хэд байна, өгөхгүй нь хэд байна гэдгийг ялгаж салгах хэрэгтэй л дээ” гэж ярьсан байх юм. Ингэж амжилт гаргасан тамирчдыг ашиглаж, сурталчилгаа хийх хэрэг юу байна аа. Амласан, эрхийн бичиг гардуулсан л бол байраа өгчихөөч дээ.
Тэрбээр “Байр өгнө гэсэн компанисаа хэзээ өгөх вэ гэж асуув уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Асуугаагүй байгаа. Юу ч гэж асуух билээ дээ. Байр өгнө гэсэн яасан бэ гэж асуултай нь ч биш. Амласан юм чинь өгөх байх гэж найдаад л явж байна даа” гэж ярьсан байсан. Олон жил хүч хөдөлмөөр шавхаж, ар гэрээ мартан байж зүтгэж, тэмцэж, бэлтгэл сургуулилтаа хийж явж байж амжилт гаргаж байгаа тамирчдаа бид дэмжих ёстой. Үнэхээр л тэдэнд туслаад, дэмжээд, нийгмийн асуудлыг шийдээд өгчих чадалтай, чадвартай хүн байвал шийдэх л хэрэгтэй.
Тэгэхгүй элдэв амлалт өгөөд, худлаа яриад байж яана вэ. Дэмий биз дээ. Ямар сурталчилгаа хийх арга мундсан биш. Өгөх гэж байгаа бол Д.Дагвадорж аварга шиг л бай л даа. Алтан гулдмай, ам.доллар, 10 сая төгрөгөө бэлэн бариад, амжилт гаргасан тамирчдаа шагначих. Түүнээс биш эрхийн бичиг нэртэй нэг хэвлэсэн цаас аваачиж өгөөд, гардуулчихаад, “Байртай боллоо чи” гэж худлаа сурталчилгаа хийхээсээ ичмээр байна. “Apple Town” хотхоныг барьсан компанийн удирдлагууд амлалтаа биелүүлээд, Монголын нэг шилдэг тамирчинд өгөх юмаа өгчихөөч ээ гэж энэ дашрамд гуйя.
Уншиж байна |