ХҮН-ынхан ээлжит тайван жагсаалаа Чингисийн талбайд хийж байна. Тэд өмнө нь Үндсэн хуулийг ард нийтийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг эсэргүүцэж жагссан бөгөөд УИХ-д хоёр ч шаардлагыг хүргүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр тус намынхан Халх гол чөлөөт бус байгуулах УИХ-ын тогтоолыг цуцлахыг шаардаж, төв талбайд тайван жагсаал хийж байна.
УИХ-ын хаврын чуулганаар Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргаж, 75 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Халх голын сав газарт 500 000 га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд хамруулахаар шийдвэрлэсэн юм. УИХ-ын энэ шийдвэрийг ХҮН-ынхан анхнаас нь эсэргүүцэж, эрдэмтэн судлаачидтай хамтран Халх голд очиж, тандалт судалгаа ч хийсэн байдаг. Эрдэмтэд уг бүс нутгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглах нь хөрсний элэгдэлд хүргэж, байгаль экологид маш өндөр эрсдэл авчирна гэдгийг тогтоогоод буй юм. Судалгааны үр дүн болон 75 дугаар тогтоолыг цуцлуулах шаардлагын УИХ-ын гишүүдэд хүргүүлээд буй.
Гэвч УИХ-ынхан энэ асуудлыг хөндөж ярихгүй байгаа учраас тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн асуудлыг мартулахгүй, сануулж буй нэг хэлбэр нь энэ юм.
Тус намынхан “Дэлхийн хаана ч байдаггүй хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг эх орныхоо үржил шимт үүц болсон газар нутаг дээр турших ёсгүй” хэмээн үзэж буйгаа жагсаалын үеэр хэлж байв. Мөн “Эрх мэдлийн төлөөх наймаанд нийгмийн шударга ёс золиослогдох ёсгүй. ХҮН нам цаашид нийгмийн шударга ёс, эрхэм зүйлсийн төлөө тууштай зогсох болно. Ирээдүй хойч үедээ үлдээх “ҮҮЦ” газар, тэдний хоол хүнсийг бид булаахгүй, бас бусдад алдахгүй” гэсэн мэдэгдлийг хийв.
Дэлхийн улс орнуудад чөлөөт бүс байгуулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан туршлага бий. Гэхдээ цөөн тохиолдол нь амжилттай хэрэгжсэн байдаг аж. Мөн хөдөө аж ахуй-эдийн засгийн бүс байгуулахдаа хамгийн ихдээ л 2500 га газар зориулдаг байна. Энэ нь Халх голын сав газарт байгуулахаар болсон чөлөөт бүсийн газар нутгаас 200 дахин бага гэсэн үг юм.
Чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн Халх голын 500 мянган га бол Люксембург (258.600) Макао(3.030), Хонгконг (110.4), Сингапур (63.900)-ын газар нутгийг нийлүүлснээс ч том газар нутаг гэсэн тооцоог ч тус намынхан хийжээ.