Намрын парламентаар ачаалал дээд цэгтээ тулж, гишүүдийг хууль боловсруулах ажилдаа идэвхтэй байхыг цаг үе шаардаж байгаа. Энэ оны улсын төсвийн тодотгол болон ирэх оны нийгэмд төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого ид хэлэлцэгдэж байхад гишүүдийн ирц хангалтгүйгээс байнгын хороо чуулганы хуралдаан товлосон цагаасаа хойшлогдон хүлээгдэх, асуудал хэлэлцэж, санал хураалт явуулах үед гишүүдийн ирц хангалтгүй байх цаг барьдаггүй, хуралдаа ирдэггүй төрийн түшээдийн гэм биш зан засраагүй л байна.
Цаг үеийн асуудлаас гадна өнгөрсөн хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёронтоо захирамжлан хуралдуулсан ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хууль өнөөг хүртэл хэрэгжээгүй нийгэмд хүлээлт үүсгэсээр. Парламент дээр Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэдэнтээ гацаж, УИХ-ын Дэгийн дагуу нам, эвслийн бүлэг завсарлага сунган авч цаг хожсоор цасны түрүүчтэй золголоо. Өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалтгүй, хууль эрхзүйн орчныг сайн судлах ёстой гэсэн үндэслэлээр “Шударга ёс” эвсэл завсарлагаа сунгасан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болно. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт лхагва гаригт хуралдахаар болсон ч Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг пүрэв гаригийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд зоосон байна лээ.
Төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэлтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ долоо хоногт дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Ноён уул Гацууртын ордоос 9 орчим км зайтай тусгаарлагдсан, өнгөрсөн хавраас намрыг хүртэл Гацууртын ордод нинжа нар хууль бус олборлолт явуулахад хориглосон хууль хяналтынхан хүч хүрэлцэхгүй байгаагаа мэдэгдэж байсан. Тиймээс энэ удаад Ноён уулыг төрийн хамгаалалтад авч, Гацууртын ордын төрийн хувийн эзэмшлийг тогтоох зайлшгүй шаардлагатай үүсээд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар тус ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоохдоо Ноён уулыг тусад нь улсын тусгай хамгаалалтад авах талаар судалж, төсөл боловсруулж ирэхийг парламент Засгийн газарт үүрэгдсэн. Энэ дагуу Засгийн газар өргөн барьжээ.
Дээр нь энэ оны төсвийг хэрхэн тодотгохоос ирэх оны нийгэм, эдийн засгийн байдал хамаарна. Тойрогтоо гишүүд танагдаж, хасагдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл тендэрээ хамгаалж харагдана лээ. Үүнээс гадна цалин хасч, Засгийн бүтцийг цомхотгож байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Ирэх онд Засгийн газрын бүтцийг цомхон болгоод, наймдугаар сараас хэрэгжүүлнэ гэдэг нь дараагийн парламентын бүрэн эрхэд халдсан асуудал. Засгийн бүтцийг цомхотговол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж сөрөг хүчин үзэж байгаа. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр гишүүдийн ирц бүрдэж, асуудал хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд таг дутдаг. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаас эхлээд салбарын сайдын эрэлд чуулганы танхимд хэдэнтээ хуралдаандаа оролцохыг микрофон дотоод сүлжээгээр мэдээлнэ. Ер нь гишүүд ирцээ бүртгүүлчихээд хонгилоор цай кофе эргүүлээд байдаггүй. Учир нь туслахууд нь том том савтай цай, кофег нь ширээн дээр нь хүргээд өгчихсөн байдаг. Харин “256 тоотын Дондов субботникт бүртгүүлчихээд гэртээ ороод суучихсан байна, гараарай” гэдэг шиг картаа хийчихээд өрөөндөө ороод суучихдаг талтай.
Мэдээж, төрийн түшээд хуралдаандаа суухаас гадна тойргийн, хамтын ажиллагааны байгууллагынхан, иргэдийн төлөөлөлтэй уулзах гээд олон ажил давхар давхацдаг. Гэхдээ үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тэр дундаа улс орны нийгэм, эдийн засаг, ирээдүйн хөгжлийн бодлого хэлэлцэх үед байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй сууж баймаар.
Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Г.Уянга гишүүний асуулгад хариулсан. Үдээс хойшхи хуралдаан гишүүдийн өглөөний ирцээр явагддаг дэгтэй. Асуулга дууссаны дараагаар УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлэхээр байсан хэдий ч гишүүдийн ирц хангалтгүй учир ажлын цагаас өмнө буюу 15.50 цагт хуралдааныг өндөрлүүлсэн. Чуулганы танхимд асуулга тавьсан Г.Уянга гишүүнээс гадна гарын арван хуруунд багтахаар цөөнхөөс ч цөөн гишүүн байлаа.
Ер нь төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед гишүүдийн ирц 50+1 хувийн бус 80-аас дээш хувийн ирцтэй байх гээд тусгай дэг нэмчихвэл ямар вэ?
Гишүүдийн ирц хангалтгүйгээс л хуулийн хэлэлцүүлэг хойшилж, цаг алдаж, цаашлаад нэг жилийн төсвөө дахин дахин тодотгох асуудал үүсээд байгаа ч юм билүү.
Н.Энхбат