Ч.Сайханбилэгийн сайд нар хаачив
2015-10-22

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц арай ядан бүрддэг болоод удаж байна. Өглөөний 09.00 цагт чуулганы хуралдаан эхлэх хуваарьтай нэг нэгнээ хүлээж сунжирсаар нэг цагаар хойшлох нь энүүхний асуудал.

 

Харин сүүлийн үед сайд нарыг хайдаг шинэ үзэгдэл бий болжээ. Чуулганы хуралдаан бүрт “Сайд нар хаачив” гэх эрэл сурал бий болж, гишүүдийн асуултад хариулах хүнгүй байдаг болов. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд л гэхэд дөрвөн сайд сууж харагдав. Сайд нарыг эрж хайсан УИХ-ын дарга З.Энхболд “Баярцогт дарга аа, сайд нар чинь хаачив аа, пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаанд бүрэн ирцээрээ сууна гэсэн чинь хаана байна” хэмээн хариуцлага асууж харагдана лээ.

 

Сайд нар хуралдаанд суугаагүйгээс Засгийн газрын оруулж ирсэн асуудал УИХ дээр унаж байсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох асуудлыг хэлэлцэх үеэр Ч.Сайханбилэгийн сайд нар байхгүйгээс асуудал унаж байсан. УИХ-ын дарга З.Энхболд ч Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг хэлэлцэж байхад өөрсдөө байхгүй нь хариуцлагагүй асуудал. Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй, хохь нь” хэмээн үг, үйлдлээрээ сануулга өгсөн. Гэвч Шийдлийн Засгийн газрын сайд нар засал авахгүй бололтой.

 

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөлөл болоод дагалдах хуулиудыг хэлэлцсэн. Тэр хуралдаанд сайд мөн л байгаагүй. Чуулганы хуралдааныг даргалсан Р.Гончигдорж сайд нарыг хичнээн хайж, эрэл сурал болоод ч тусыг олоогүй. Сайд наргүйгээр улсыг төсвийг ярьсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. УИХ-ын гишүүд ч асуултандаа хариулт авч чадаагүй.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гишүүн “Энэ хуралдаанд Ерөнхий сайд,  Шадар сайд гээд ихэнх сайд алга байна шүү дээ. Ердөө 7,8-хан сайд л байна. Засгийн газарт энэ төсөв нь хэрэггүй юм уу”  хэмээн бухимдаж, Балжинням, Дашнямтай өдөр гээд хуриманд явцгаачихсан юм уу хэмээн аргаа барж суусан.

 

Өнөөгийн Засгийн газар 19 сайдтай. Улс орны гал тогооны бүх асуудлыг энэ хүмүүс зангидаж, шийдвэрийг гаргаж, гаргуулах ёстой. Гэтэл улсын төсөв хэлэлцэх, стратегийн чухал ач холбогдолтой шийдвэр гаргах үеэр бүгд алга болчихдог. УИХ-ын чуулганы хуралдаанд сууж, асуудлаа танилцуулан, гишүүдийн асуултад хариулт өгч, шийдвэр гаргуулах тэдний үүрэг. Гэтэл сайд нар үүргээ уландаа гишгэж, том толгойлж байгаа нь олон асуудал сунжирч, шийдвэрлэгдэхгүй хойш тавигдаж буйн шалтгаан болж байна. Монголын өнөөгийн нунж дорой нөхцөл байдал ч хариуцлагагүй сайд нартай шууд холбоотой. Ядаж л хуралдаанд сууж, оруулж ирсэн асуудалдаа хариуцлагатай хандах сэтгэл, зүтгэл алга.

 

Өнөөдөр ч ялгаагүй, үдээс өмнө хэлэлцэх эсэхийг шийдэх байсан 2016 оны мөнгөний бодлогын санал хураалт завсарлагын дараа болон хойшиллоо. Шалтгаан нь өнөө л сайд нар байхгүй... 

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин