НЭГ хувь бол ядуусын зохисгүй хэрэглээнээс авах татвар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын НЭГ хувийн татварыг “ядуу иргэдийн зохисгүй хэрэглээнээс авах мөнгө” хэмээн тайлбарлав. Ядуусын зохисгүй хэрэглээнээс татвар болгон танасан мөнгөөрөө хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжих гэнэ. Талхны мөнгөгүй хэрнээ архи ууж, тамхи татаад байгаа иргэдээс авч, цуглуулсан 13 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг иргэдээс асууж уулзалт хийж байгаа аж.
Ээлжит уулзалт өчигдөр нийслэлийн Иргэний танхимд болж, хотын татварыг суутгагчид буюу баар ресторан, зочид буудал, архи тамхи зардаг дэлгүүрийн эзэд цуглав. Татвар хураагчид өнөө маргаашийн хоолны мөнгөө арай ядан олж байгаа иргэдээс татвар авч чадахгүйгээ хотын даргад уур бухимдалтайгаар илэрхийлж байв. Хотын дарга хариуд нь “Ядарсан юм бол яах гэж архи ууж, тамхи татаад байгаа юм бэ. Бид бусад хэрэглээн дээр татвар нэмээгүй. Зохисгүй хэрэглээнээс нь татвар авч, тэр мөнгөөрөө та бүхний бизнесийг хэрхэн дэмжих вэ гэдгээ л ярьж байна” гэсэн тайлбарыг өгөв. Ядуусыг архи тамхи хэрэглэлээ хэмээн торгосон мөнгөөрөө хотын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдөө “тэжээнэ” гэсэн утгатай юм уу даа. Архи, тамхи зардаг найман нэрийн дэлгүүр, буудал руу нь зам тавьж, үүдэнд нь цэцэг тарих аж.
УИХ-ын дарга З.Энхболд “Хотын татвар ердөө 1 хувь. 10 000 төгрөгийн архин дээр 100-хан төгрөг. 4000 төгрөгийн тамхин дээр 40-хөн төгрөг нэмнэ. 40 төгрөг төлөхөд хайран байгаа бол тамхинаас гар эсвэл хөдөө явж ав” хэмээн татвар эсэргүүцэгчдийг зад загнаж байсныг та бүхэн санаж буй. Харин хотын мээр Э.Бат-Үүлийн хэлдэг ядуу юм байж архи, тамхи хэрэглэхээ боль, эсвэл татвараа төл гэсэнтэй бараг л утга ижил. Татвар, татаасын аргаар асуудлыг зохицуулдаг байсан бол зарим нэг салбар өдийд бүр гэгээрчих байсан биз.
Улсын төсөв хэдэн тэрбумаараа тасрах нь тодорхой болсон. Тэр цоорхойг нөхөхийн тулд хүмүүсийн цалинг хасч, хэдэн мянган хүнийг гудамжинд гаргах тухай ч яригдаж буй. Энэ байдал иргэдийг ядуурал руу уруудуулж, архидалт руу түлхэнэ. Харин энэ байдлаас хэн хожих уу. Иргэдийн архи, тамхины хэрэглээ хэдий чинээ өснө тэр хэрээр хотын татварын орлого нэмэгдэнэ. 13 тэрбум төгрөг гэсэн төсөөлөл нь ч өсөх биз. Архичин, тамхичны зохисгүй хэрэглээнээс хумсалсан тэр мөнгөөр юу хийх үү. Усан хөшиг татаж, цэцэг тариад дуусгах уу.
Дуунд ядуу хүн дурлах эрхгүй гэдэг. Тэгвэл бодит амьдрал дээр ядуу хүн илүү үйлдэлгүй байх ёстой аж. Тэр ядуу учраас архи ууж, тамхи татаж болохгүй. Баар ресторан, буудал, амралтын газар бол бүр ч хориотой.
Эцэст нь ядуу гэж хэнийг хэлэх вэ гэдгийг төсөөлж үзье. Далан давхрын оршуулгын газартай хаяа нийлсэн ноорхой гэртэй ам бүл үү. Үнэндээ тэдэнд архи ууж, тамхи татах нь битгий хэл дэлгүүрийн үүдээр ч шагайх эрх байхгүй. Хөөгдөж, туугдаж, хог түүж яваа тэд аль эрт хүний тооноос хасагдсан. Тэгэхээр хэн архи ууж, тамхи татан, баар ресторанаар үйлчлүүлж, зохисгүй хэрэглээгээ зохицуулж чадахгүй, хотын даргын нүдэнд илүү харагдаад байгаа ядуус нь хэн бэ?!
В.Хэрлэн