АН-аас хэсэг нөхөд өрх тусгаарлан Бүтээн байгуулалтын нам байгуулахаар болсон тухай яриа өнгөрсөн долоо хоногт амнаас ам дамжин яригдаж, мэдээлэгдсэн. АН эрх барьж байхдаа байтугай цөөнх байхдаа ч хагарч, бутардгийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон түмэн мэддэг ч, таньдаг ч. Эрх барьсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд албан тушаал булаацалдан, нэгнээ байтугай урьж, залсан нөгөө намынхныгаа ч суудлаас нь татан унагасан.
Парламентад олонхийн суудал аваагүй болохоороо аргагүйн эрхэнд “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгаа. Хэрвээ парламентад олонхи болсон бол өнөөдөр эрх баригчид засгаа хэдэнтээ огцруулж, гурав, дөрөвдүгээр ээлжнийхэн хоолондоо орсон, доторх фракц бүлэглэлүүд нь албан тушаалтай хэсгээ хэдэнтээ татаж, чангаан унагачихсан байх талтай. Олонх болгоогүй нь сонгогчдын хаан сонголт мэргэн байсныг гэрчилнэ.
Шинэ нам байгуулахаар болсон гэх автор экс Ерөнхий сайд, экс АН-ын дарга Н.Алтанхуягт чиглэж байна. Учир нь тэрбээр өмнөх хоёр жилд аймгуудын төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тэртээ 2000 оноос Н.Энхбаяр “Мянганы зам” төслийг эхлүүлсэн ч 10 гаруй жилийн хугацаанд дуусгавар болоогүй байсан билээ. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөр, “Буянт-Ухаа” орон сууц, ЖДҮ-ийг дэмжих 888 төсөл, иргэдийг орон сууцжуулах 8 хувийн ипотекийн зээл гээд шинэ шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үнэн. Учир нь түүнийг энэ бүхнийг хэрэгжүүлэхэд эрх мэдлээс гадна санхүүгийн дэмжлэгийг ч УИХ-аас батлан гаргаж, Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгож байлаа. Тиймээс түүний Засгийн газрын үед дээрх бүтээн байгуулалт өрнөсөн.
Харин одоо Н.Алтанхуягийн Засгийн газрын эхлүүлсэн бүтээн байгуулалт ирэх сонгуулийн жил АН-аар овоглоно. Энэ нь ч зүйн хэрэг. Тухайн үед АН-ын болоод Ерөнхий сайдын хос тамгыг Н.Алтанхуяг атгаж байсан. Эдүгээ АН-ын тамгыг З.Энхболд, Ерөнхий сайдынхыг Ч.Сайханбилэг барьж байна. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ирэх өдрүүдэд унагаачихгүй бол сонгуульд дээрх хоёр эрхэм АН-ын тугийг барьж оролцоно.
Магадгүй, их ажлыг эхлүүлсэн ч, ирэх сонгуульд өөрөөр нь овоглогдохгүйг улстөрчийн хувьд урьдчилан харсан Н.Алтанхуяг Алтангадас фракцынхаа нөхдийн хамт Бүтээн байгуулалтын нам байгуулах холын бодол тээж явааг үгүйсгэхгүй. Энэ санаагаа журмын нөхдөдөө сэм дуулгахад ам султай зарим нь салхинд шивнээд хийсгэчихсэн байх талтай.
АН-аас түүхэндээ анх удаа салан тусгаарлагдах гэж байгаа юм биш. Өнөөдрийн МҮАН гэхэд АН-ын угшилтай. Тэр байтугай МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэн цагт АН-ыг удирдаж явсан эрхэм. Харин намаасаа өрх тусгаарлаад дангаар сонгуульд оролцсоноор парламентад олон биш юм гэхэд сөрөг хүчний суудал авна гэвэл эндүүрэл. Хэдийгээр сонгогчдын шинэ үе гарч ирсэн ч улс төрийн сонголтдоо суурь төлөвшилтэй. Сонгуулиар улс төрийн ууган хүчин МАН, АН-д олонх, цөөнхийн суудал оноодгоос бус гуравдагч хүчнийг гэнэт олонхиор суга татан авчирдаггүй. Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулиас харахад аль нэг намд олонхийн бус олон суудал оноон сонгосон байх жишээтэй. Тиймээс шинэ нам байгуулах нь эрсдэлтэй, нөгөөтэйгүүр улстөрчөөс алсын хараа, зориг шаардагдахаас бус эргэлзээн дунд хийх үйлдэл биш. Үүнийг ч Бүтээн байгуулалтын нам байгуулахаар хэлэлцэж байгаа эрхмүүд тооцоолсон биз.
Улс төрийн сонгууль болохоос 6 сарын өмнө шинээр байгуулах намыг Дээд шүүх бүртгэх хуультай. Эдүгээ улс төрийн шинэ хүчин байгуулахаар ярьж байгаа эрхмүүдэд хоёр сарын хугацаа уг нь байна. 108 хүний гарын үсэг зуруулаад, шинээр нам байгуулах амархан. Харин намын бодлогоо сурталчлан, ухуулаад сонгуульд оролцож, парламентад суудал авна гэдэг хэцүү. Тиймээс шинээр улс төрийн хүчин байгуулсан эрхмүүд бусадтай эвсэн хүчээ нэмэгдүүлэхээс өөр зам байдаггүйг хамгийн ойрын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээр жишээлж болно. Зарим хүчин нэгдэж, эвсээд ч тусыг эс олдгийг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар БНН, Хамаг Монгол-Хөдөлмөрийн намынхан харуулсан.
Хэрвээ Бүтээн байгуулалтын нам “төрөөд” Н.Алтанхуяг удирдвал ирэх сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарна гэж ажиглагчид таамаглаж байна лээ. Учир нь Н.Алтанхуягийг АН-ын дарга, Ерөнхий сайдаас татан буулгахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь АН, МАХН-ын хооронд байгуулсан урт хугацааны гэрээ. Гэрээ биш гэрээний төсөл гэж тухайн үедээ АН-ын экс дарга Н.Алтанхуяг араас нь тайлбар хийсэн ч ач тусаа өгөөгүй. Журмын нөхөд нь түүнийг хальтирсан дээр нь олонхиороо түлхчихсэн. Хэдийгээр Н.Алтанхуяг өнөөдөр АН-ын дарга биш ч тухайн үедээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллахаар намын талдаа ч, хувь улстөрчийн зүгээс ч тохиролцсон зүйл байгаа байх. Ер нь Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орохоос АН-ын зарим нөхөр нам байгуулах эсэх нь шийдэгдэнэ гэж үзэх зарим хэсэг ч байна.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АН задраагүй, шинэ нам байгуулахаар ярилцсан нөхөд байхгүй” хэмээн жижүүрийн үг дайж байгаа хэдий ч ирэх өдрүүдэд улс төрийн үйл явц нэг намд байтугай нийгэмд хэрхэн өрнөхийг таашгүй.
Н.Энхбат