Нууц биш нууцууд
2015-10-13

Аль ч нийгэмд далд улс төр, бизнес байсан, байсаар ч байх болно гэж судлаачид хэлдэг. Нийгэмд байх далд нууц бүхэн бүхэн хардалт, таамаг агуулдаг. Улс төрд ч “том” нууцууд бий. Олон түмэн ам дамжсан ярианаас эхлээд төрөл бүрийн эх сурвалжаас авсан мэдээлэл таамаг, логик дүгнэлтэд тулгуурлан улс төрийн нууцын талаар өөрсдийн гэсэн төсөөлөлтэй болж байдаг. Энэ нь бодит байдалтай нийцдэг тохиолдол бий. Огт өөрөөр эргэх нь ч байдаг.  

 

Манай улс төрд нууц байна аа. Хүүхдүүд бие биендээ гайхуулдаг шиг “зөндөө” нууц байна. Энэ нууцуудыг тайлах гэж нэг их төсөөлөөд зураглаад байх ч хэрэггүй мэт. Учир нь улс төрд одоо дээр доргүй халзагнасан тулаан болж байна. Энэ нь өнөөх нууцыг нь төвөггүй задалж байна. Тулаан далд талдаа ширүүн явагдаж байгаа биз. Гэхдээ манай улстөрчид тулааны явцаа хэвлэлээр байнга нээлттэй мэдээлж байх тул олон нийт эндээс цаад нууцыг төвөггүй тайлж болохоор.

 

Тавантолгой гэдэг төсөл дээр тулаан болж байна. Харсаар байтал дөт замаар төмөр зам тавина гэхэд тавиулахгүй гэх улстөрчдийн тулаан сунжраад удлаа. Нууц нь одоо ил болсон. Асуудал төмөр замыг Монголдоо ашигтай тавих нь гол биш. Хэний ямар бүлэглэл энд хяналтаа тогтоож энэ ордоос гарах нүүрсний тоосны ард хэн нь хэмжээлшгүй гэмээр мөнгөний урсгалыг бий болгож чадах вэ гэдэгт л байгаа гэсэн тайлалд хүргэлээ. Ер нь төрөөс зарлаж байгаа томоохон тендер бүтцийн төслүүдийн цаана ийм л хардлага үлдэх болж.

 

АН-ынхан хоорондоо тулалдаж байна. Шонхор гэдэг тал Алтангадас гэдэг талтайгаа үзэж тарав. Бусад талууд аль ашигтай гэсэн талд эрээ цээргүй урваж дагаар орсоор байгаа харагдана. Үүний шалтгаан ба цаад нууцыг жирийн хүн ойлгохооргүй. АН нийлж зүтгэсээр олонх болж төр барьж байгаа нь л буруу болоод байгаа гэхээс өөр дөхөх тайлбар олдохгүй. Энэ тулааны эхний өрнөлийн эцсийг зурж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх нүүрс хямд зарахдаа алдаа гаргасан хэргээр ял сонслоо гэж тулаанд түр ухарсан талынхан мэдэгдээд байна.

 

АН-ын бүсчилсэн тулаануудыг нарийн харвал гуравдугаар ээлжийнхэн төрийн яамдыг “цомхтгон” авч төсвөөс шинэ аргаар мөнгө саах юм байна гэж ойлгогдохоор. Бүүр цаад нууц нь өнөөх Тавантолгойг танай манай алин болохыг шийдэх тулааны үргэлжлэл гэнэ.

 

Экс Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч хоёр халз тулаан зарлаад байна гэж харагдахаар. Ерөнхийлөгч энэ тулаанаа “Авилгын эсрэг шүү” гэж байн байн онцлоод байгаа. Үүгээрээ олны дэмжлэгийг авч давуу байдалтай болж чадсан. Эх орондоо салхилахааар ирсэн өдрөөсөө шинэ засаг бүрдүүлэх судсыг барьж эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр олон нийтийг сэнхрүүлэх уулзалт яриандаа Ерөнхийлөгч өөрийг нь өдөөд зуугаад байгаа гэх маягийн тайлбарыг шулуухан хэлэх болсон. Залгуулаад Н.Энхбаярыг хилээр гарахыг хориглосон ба түр түдгэлзүүлээд байсан хуучин “НО”-г хуулийнхан дахин сэргээн шалгаж эхэлсэн гэсэн мэдээ хэвлэлээр гарах болов. Энэ нь Ерөнхийлөгчийн өршөөлийн хуульд тавьсан хоригийн залилангийн зүйл анги зэрэг тодорхой заалтууд Н.Энхбаярыг сул тавихгүйн төлөө тавигдаж. Үүнд нь торны цаана бүлтэлзэх эрх чөлөөг хүсэмжлэгчид давхар шаналсан нь тойрч болохгүй үнэн болж харагдаж эхэллээ. Энэ бүст тулаан ширүүсч байгаагийн шинж гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Шударга ёс эвслийн хоёр лидер бас шударга муудалцаад эхэллээ. Үүнийг засаг унахын давхар цондон гэж иргэд таамаглаж байна. Хөх тэнгэрийн дор орших Цэц хүртэл энэ тулаанд хүч хавсран орж засгийн талд орсон болж ирэв. Үндсэн хуулийн ой хийх нэртэй ойгүй их мөнгийг улсын нөөцөөс авах болсныхоо хариуг барьж Засгийн талд дүгнэлт гаргасан гэж Цэц буруутгагдаад байна.

 

Засаг задрахын бүх “муу хөрс” бүрдсээр байгаа мэт дүр зураг бий болсоор. Жилийн өмнөөс Г.Уянга гишүүний бэрс гаргахаар зүтгүүлсэн хүүг дэмжиж гарын үсгээ хайрлах өнгөгүй болод улаан цэнхэр гишүүдийн тоо нэмэгдэж байгаа мэдээ чимээлсээр. Дараагийн ерөнхий сайдад магадлалтай нэрсийн жагсаалт ч гарч. Үүнд эрхэм гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн “эзэн” гэгдээд байгаа Э.Бат-Үүл нарын нэр дуулдаж эхлэв.

 

Хотын амьдралыг цэгцлэх гэсэн олон ажлаас нь бүтэлгүйтсэнийг нь түүвэрлэсэн мэдээ гарах нь эрс нэмэгджээ. Нийслэлийн төсөв мөнгө нь хэт тансаг хэрэглээний болсон талаар ширүүн шүүмжлэлүүд ч нэлээн гарлаа. Үүн дээр хачир болгож Нийслэлийн ИТХ-ын гишүүдийн өөртөө цохдог ойгүй их мөнгөний урамшууллыг нэгэн “сайн санаатан” хэвлэлээр ил болгов. Хүч нэмж автобус компаниуд гэнэт гомдол мэдүүлэн ажил хаяж, иргэдийг явгалж бухимдал үүсгэв. Буруутан нь мэдээж хотын дарга болж байна. Ийм бүтэлгүй хүн ерөнхий сайд хийх үү гэсэн асуулт араас нь автоматаар тавигдаж байх шиг.

 

Залгуулаад Баянгол дүүргийн Засаг дарга хийж явсан С.Эрдэнэд “зориулсан” хурц нийтлэлүүд хэвлэл сайтад голлоод эхэлжээ. Энэ бүхнээс харахад унаагүй байгаа ерөнхий сайдын дараагийн залгамжлагчийн нэр зүгээр ч нэг таамаг, мөрөөдлийн нэр дэвшүүлэлт биш бололтой.

 

Бүсийн чанартай улс төрийн мөргөлдөөн бол бүүр шийр зугаа гэдэг болж байна. О.Баасанхүү гишүүн намынхаа журамт нөхөр дэд сайд Б.Тулгаас ухамсрын шанаа авах дөхөж төрийн хамгаалалт авсан талаар шар мэдээ шахуу зүйл гарлаа. Намын дарга нь бас өөрийн биеэр өрөөнд нь “зочилж” шууд харьцаж давхар загнаад. Юм юм гэдэг нь болсон юмдаг уу даа.

 

 

Манай улс төр нэг иймэрхүү өрнөлтэй. Үзэл бодол уралдуулсан, улс орныхоо хөгжлийн талаар мэтгэлцсэн юм алга. Улстөрчид өөр хоорондоо хувийн болоод бизнесийн зөрчлөөр халз болоод далд тулаан хийсэн байдалтай. Иргэд энэ тулаануудад хэн нь ялж баатарлахыг хүлээж үгээ барсан цөхрөлтэй. Өнөөдөр “Сонгууль хурдан болоосой” гэх дуу гарвал нийгмээрээ лайк дарахад бэлэн болчихжээ.

 

Төсөв гэж газарт буудаггүй орлого зарлагын харьцааг засаж тодотгох гэсэн нүд хуурсан улс төр нь арай тайван явагдаж байгаа харагдаж байна. Гэхдээ цаана нь нууц бас байгаа. Эцсийн дүндээ энэ улс ямар орлоготой, ямар зарлагатай байгаа. Орлогодоо тааруулж зарлагаа тооцох энгийн “нормаль” харьцааг хадгалах хэлэлцүүлэг дөнгөж эхэлмэгц эрх баригчид ирэх жил цалин хасах нь гэсэн “улс төр”-ийг аль хэдийн шургуулчихсан л байна. Сөрөг хүчин тулааны шинэ фронтоо нээж буй бололтой.

 

Бидэн шиг л будилж хямарч байгаад хөгжсөн гэх бусад улсууд ядаж төсөв дээрээ, эдийн засгийн тулгуур шийдэл дээрээ улс төржихгүй байж чаддаг байсан юм билээ шүү.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AN DALD OROISOI
2015-10-14
zochin:
A N-n luivarcghidiig zailuulj yah geed bigaa yum be shuud barij buudah heregtei odoo ter bayartsogt amerik yvna geed bicheed bna yvahaas ni umnu barij hiigeech novshiig
2015-10-14
zochin:
Manan g zailuulj baij uls uragshlana
2015-10-13
Наруто:
Ан бол Монгол улсын хөгжлийг хойш нь татагч гол улс төрийн хүчин гэдгээ энэ хэдэн жил бас даин нэг удаа батлан харууллаа. Хямраагүй байсан эдийн зсгийн хямруулж, өргүй байсан улсыг өртэй болгож байж өөрсдөө цулайтал баяжсан энэ гэмт хэргийнхээ шанг ирэх сонгуулиар хүртэх болно.
2015-10-13
Зочин:
Н. Энхбаяр энэ урвагч намын нөхдүүд зайлах хэрэгтэй байна.
2015-10-13
зочин:
АН л улс төр, засагаас зайлбал улс орон хөжлийн замдаа орно доо
2015-10-13