Харуул хамгаалалтыг чангатган, ажлын цаг өнгөртөл хуралдсан хуралдаанаар эрх баригчид бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ. Учир нь намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн байнгын хорооны дарга нарын сонгуульт хугацаа дуусгавар болсон. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан томилохоор санал нэгдсэн юм билээ. Санал нэгдсэн ч гэж дээ, тус бүлгийн хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс, “намын даргын хүн” олонхийн дэмжлэг авчээ.
АН-ын бүлгээсээ улираан сонгогдох эрх авсан Д.Ганбат гишүүн Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Д.Ганбатыг улираан томилох асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлсэн өрсөлдсөн. Даргаа сонгох асуудлыг хэлэлцэх үед тус байнгын хорооны гишүүн Ц.Нямдоржоос эхлээд Д.Ганбат гишүүнд шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Д.Ганбат гишүүнд итгэл үзүүлж санал өгч чадахгүй. Хуульчдын бослогыг толгойлж байгаа хүнд ямар нүүрээрээ санал өгөх юм. Хууль номынхоо хүрээнд хуралдуулж чадсан уу, сайн хууль баталсан уу гэвэл авлигыг өөгшүүлдэг байнгын хороо болсон. Төрийн ажлыг самраад гурван сар болж байна. Ийм зүйлийг Хууль зүйн байнгын хорооны дарга нүднийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нь ямар ч тохиолдолд хуульд үнэнч байх, хууль бус зүйлийг хаагаад суух тэр эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Хууль зөрчөөд байна, наад орж ирсэн асуудал чинь болохгүй байна гэдэг зүйлийг өөрт нь хэсэг гишүүд хэлсэн, хэлээд үг аваагүй учраас аргаа бараад хавар бослого гаргаж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Монгол төрийн түүхэнд гараагүй бослого. Энэ Хууль зүйн байнгын хороо цадигтай, хууль бус юмыг босгоороо давуулдаггүй байсан бол УИХ ингэж түмний өмнө нэр нүүрээ алдахгүй байсан” хэмээн шүүмжилж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Д.Ганбат гишүүн Өршөөлийн хуулийн шуурганд нэрвэгдчихлээ. Өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед Д.Ганбат дарга дэгээ бариад саналаа хураалгасан. Гишүүдэд шийдвэр гаргах бололцоог нь л олгосон. МАН-ын гишүүд та бүхэн тэр өдрийн хуралдаанд олонхи байсан мөртлөө сэтгэлээрээ дарсан кнопоо хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу. Хүлээн зөвшөөрсөн бол өнөөдөр ийм хэрүүл болохгүй байсан” хэмээн өмөөрч байлаа. Гэвч санал хураалтаар Д.Ганбат гишүүн унаж, Ш.Түвдэндорж олонхийн дэмжлэг авсан юм. Өөрөөр хэлбэл “ноёны бөх” унаж, “Алтангадас” ялсан. Энэ асуудал эрх баригчдыг ээлжит бус хурал зарлан, ширүүхэн хуралдахад хүргэжээ. Хуралдаанаар бүлгийнхээ шийдвэрийг эсрэг Хуульзүйн байнгын хорооны даргад нэр дэвшин олонхийн санал авсан Ш.Түвдэндоржид хариуцлага тооцсон байна.
Тиймээс бүлгийн хуралдаанаараа намынхаа шийдвэрийн эсрэг босч ноёны бөхийг олны нүдэн дээр унагаасан Ш.Түвдэндоржид донгодуулжээ. Нөгөөтэйгүүр бүлгээс нь дэмжээд, дэмнээд явуулж байхад бусад намын гишүүдийг өөртөө татаж, олонхийн санал авч чадаагүй Д.Ганбат гишүүн ч бас зэмлэл хүртээ биз.
Ийнхүү МАН-ын сайд нарыг Засгаас хөөж, дараагийн сайдыг томилох гэж хоёронтоо ээлжит бус зарлан дотроо тэмцэлдсэн эрх баригчид байнгын хорооны даргыг сонгох асуудалд мөн л талцан, түлхэлцлээ.
Уг өнөөдөр энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэх гээд юун суудал булаалцалдах манатай баймаар. Гэвч хувь, хувьсгалы амбиц, фракц, бүлэглэлийн эрх ашиг АН-ыг улам задрааж, энэ хэрээр төрийг хямрааж байна. Нэг намын далбаан дор нэгдсэн ашиг сонирхлын зөрчилтэй олон фракц, бүлэглэлүүд сандал ширээгээ булаацалдсаар парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож байна.
Энэчлэн АН-ынхан албан тушаалыг том, жижиг гэж голохгүй булаацалдан тэмцэлдсэн үйл явдал олон анги сериаль мэт ард олны нүдэн дээр тасралтгүй хөвөрлөө.
Төв аппаратынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг хүлээсэн АН-ын генсек Л.Эрхэмбаяр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай Ерөнхийлөгч асуудлаа хурцаар илэрхийлдэг, бусдыг дагуулах чадвартай хүчтэй лидер... АН-ын дарга З.Энхболд ч хүчтэй улстөрч, өөрийн гэсэн бодолтой хүн... хэмээн “01, 02”-т тал зассанаа Огцрох, огцрохгүйн нь Ч.Сайханбилэгээс өөрөөс нь ихээхэн хамаарна шүү” хэмээн дээсэн дөрөөн дээр явж байгаа Засгийг унагах гэсэн сүрдүүлэг ч юм шиг, сануулга ч юм шиг хэлсэн байна лээ. Төрийн гурван өндөрлөгт дүгнэлт хийхээс илүү намынхаа дотоод зөрчлийг арилгаж, эв нэгдлийг хангах нь АН-ын генсекийн үүрэг, уг нь.
Албан тушаалын төлөөх эрх баригчдын тасралтгүй, зогсолтгүй тэмцэл ард түмний нурууг авч, улс орны хөгжлийг ухраалаа, өнгөрсөн гурван жилд. Иргэдийн нуруун дээрх ачаалал өдөр ирэх тутам нэмэгдэхийн хэрээр цаг хугацаа зогссон юм шиг л удаан санагдаж, сонгууль хурдан болоосой гэсэн хүмүүс л байна, гадуур.
Н.Энхлэн