Юм л бол ажил хаяж, айлгадаг болчихож, энэ нийтийн тээврийнхэн. Улсынх нь цалинг нэм гэж шантаажилна. Хувийнхан нь мөнгө өгсөнгүй гэж ажил хаяна. Монгол Улсад нийтийн тээврийнхэн шиг эрх зоргоороо, даварсан хүмүүс алга. Цалин нэмж, мөнгө өгөхгүй бол явгалаад өгнө шүү гэж айлгадаг дураараа аашлагчдад дорвитойхон сануулга өгөх цаг болжээ.
Өнгөрсөн хавар улсынх нь ажил хаясан. Цалингаа голж, эцэст нь нэмүүлснээр санаа нь амарсан. Харин өнөөдөр хувийнхан нь ажил хаяжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 хувийн компани бүгд түр зогсолт нэрээр нийслэлчүүдийг хохироолоо. Үг дуугүйгээр ажил хаясан тэдний үйлдлийг зүгээр өнгөрөөж болохгүй. Нэгэнт ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь боломж олгох хэрэгтэй. Ажил нь болж бүтэхгүй, ажлаа хийхийг хүсэхгүй байгаа хувийн автобус компаниудын тээвэр хийх эрхийг нь хурааж авъя. Чиглэл шугамыг нь ч ялгаагүй. Товчхондоо Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлэх эрхгүй болгоод өг. Хэдэн зуун том автобус нь зогсоолдоо тоосондоо дарагдаад ирэхээр тэд ямар боломжийг алдсанаа ухаарж, хэрхэн даварч байснаа мэдрэх биз.
Тэгээд чаддагт нь ажил хийж, мөнгө олохыг эрхийг нь өгье. Шугам, чиглэл олж, үйлчилгээ эрхэлчих санаатай нүх сүв хайж буй компаниуд өчнөөн бий. Тендер зарлаж, шалгаруулалт хийгээд тэдэнд боломж олгоё. Эсвэл микро автобусуудыг ч явуулж болно. Яг л автобус шиг тарифт нь хязгаар тогтоогоод, маршрутыг нь батлаад өгчих. Нийтийн тээврээс шахагдсан өчнөөн олон микро сул зогсч байгаа.
Цалин нэм, мөнгө өг гэж шаардах тоолонд ярилцана, шийднэ, болгоно бүтээнэ гэж аргадаж, аргацаах ямар шаардлагатай юм бэ, хотын даргаа, нийслэлийн Нийтийн газрынхаан. Нийтийн тээврийнхнийг ажил хаях бүрт хичнээн мянган хүн ажил, сургуулиасаа хоцорч, даарч хөрч байгааг бас ярилцаж үзэх үү. Толгойг нь илж, хэлсэн бүхнийг нь хийж, дур зоргыг нь дагаснаар юу өөрчлөгдөв. Нийтийн тээврийн салбарт ийм шинэчлэл хийж, ингэж өөрчилмөөр байна гэж ярьсан автобус компанийн эзэн байна уу. Ажиллаж буй салбартаа хоноцын сэтгэлээр хандаж, болж бүтэхгүйг өмнөө барьж, мөнгө нэхэхээс өөрийг мэдэхгүй хүмүүсийг явуулах цаг нь болсон. Шинэ автобус авч, шинэчлэл хийснээрээ өөрчлөгддөг бол өдгөө Улаанбаатар хотын нийтийн тээвэр шиг гайхамшиг байхгүй. Гэвч дэвшиж, дээшилсэн нэг ч зүйлгүй.
Тиймээс автобусыг нь бус ажиллаж байгаа хүмүүсийг нь шинэчилье. Ажилчдаа турхирч ажил хаяулдаг даргыг, түүний компанийг нийслэлийн нийтийн тээврийн салбараас холдуулъя. Хувийн байлаа ч нийтэд үйлчлэх ёстой үүргээ уландаа гишгэсэн компанийн эздэд түмний мөнгөөр амьдрах эрхгүй гэдгийг нь сануулаад өгөөч.
В.Хэрлэн