Монгол Улс төсвөө хоёронтоо тодотгон засварлах гэж байна. Засгийн газар улсын төсвийг хэрхэн танаж, хэмнэх талаар төслөө боловсруулаад УИХ-д өргөн барилаа. Үүнтэй зэрэгцээд энэ хуулиудыг нэн яаралтай хэлэлцэн батлах тухай захирамжаа УИХ-ын дарга шуурхайлан гаргав. Тиймээс эрхэм түшээд улс төржилтөө түр хойш тавьж өнөөдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 1-ийг хүртэл энэ оны төсвийн тодотгол, ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батлахаар ухаанаа уралдуулах цаг ирлээ.
Энэ оны төсвийн тодотголын төсөлд нийт орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр бууруулж, 6.128.0 тэрбум төгрөг болгож, зарлага ба цэвэр зээлийн дүн 530.3 тэрбум төгрөгөөр бууруулан 7.307.2 тэрбум төгрөг болгож, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай тэнцүүлэн барихаар боловсруулжээ.
Төсвийн орлого 3.576.8 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөгөөр тус тус буурсан.байна. Төсвийн орлого ийнхүү буурахад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт голлон нөлөөлсөн гэж үзжээ. Энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээс харахад нийт орлого оны эцэст 900 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа. Иймээс төсвийн орлогын тасалдлыг багасгах зорилгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралттай уялдуулан шатахууны гаалийн болон онцгой албан татварыг нэмэгдүүлэх, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар 400.0 орчим тэрбум төгрөгийн орлогыг төсөвт нэмж төвлөрүүлэхээр тооцож, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Зөвхөн төвийн боомтуудаар импортлох авто бензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварын дээд хязгаарыг авто бензиний хувьд тонн тутамд 200 мянган төгрөгөөр, дизелийн түлшинд тонн тутамд 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх аж. Үүнтэй зэрэгцэн импортын гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, төвийн боомтуудаар импортолж буй авто бензин, дизель түлшинд ногдох гаалийн албан татварын дээд хувь хэмжээг 0-10 хувь байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Авто бензин, дизель түлшинд ногдох гаалийн болон онцгой албан татварын хувь, хэмжээний дээд хязгаарыг нэмэгдүүлж, газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай уялдуулан гаалийн болон онцгой албан татварын хэмжээг тогтоосноор энэ онд 61.3 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.
Орлого нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.128.0 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 504.6 тэрбум төгрөгөөр буурахаар тодотголд тусгасан байна.
Энэ оны төсвийн төсөлд дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 6.354.7 ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн үнэ 5.768.5 ам.долларт хэлбэлзэж, төлөвлөснөөс 586.2 ам.доллараар буурчээ. Түүнчлэн нүүрсний экспортын хэмжээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.7 сая тонн хүрч, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурах боловч тус татвараар өмнөх жилүүдэд хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар энэхүү бууралтыг нөхөх боломжтой гэж үзсэн байна.
Төсвийн тодотголоор урсгал зардлыг -171,3 тэрбум төгрөгөөр бууруулахын зэрэгцээ зайлшгүй нэмэгдүүлэх зардлуудыг нэмж тусган тооцсоны үр дүнд нийт зардал 43.9 тэрбум
төгрөгөөр буурахаар төсөвлөжээ. Ингэснээр урсгал зардал анх батлагдсан түвшнээс 254.5 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар буурч байгаа аж.
Төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг сүүлийн 3 сард 30 хувь бууруулах, бусад албан хаагчдын цалинг бууруулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Мөн яамдын дэд сайдын орон тоог цомхотгох, үүнтэй уялдуулан туслах, жолоочийн цалин, автомашин, гар утасны хэрэглээний зардлыг бууруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд санхүүжих дүнг 381.6 тэрбум төгрөгөөр баталсан. Батлагдсан төсөл, арга хэмжээнээс аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 167.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, гүйцэтгэлийн хувь 44 хувьтай байгаа аж. Харин Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжиж улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 794.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээнээс аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 332.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Төсвийн тодотголоор Хөгжлийн банкны нийт 35 төсөл, арга хэмжээний 43.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хасч, 93 төсөл, арга хэмжээний энэ онд санхүүжих дүнг 307.5 тэрбум төгрөгөөр бууруулан, 1.4 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж байсан 8 төсөл, арга хэмжээг хуульд нэмж, нийт 350 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зардлаас бууруулан 2016 оны төсөвт шилжүүлэхээр санал боловсруулсан байна.
Өнгөрсөн жилүүдэд тогооноосоо хальж дэвэрсэн улсын төсвийг энэ онд хийгээд ирэх жилүүдэд хөрсөн дээр нь буулгадаггүй юм гэхэд тогоон дотор нь хөөсрүүлэх төрийн бодлого зохицуулалт шаардлагатай байгааг өнгөрсөн он жилүүд хийгээд өнөөдрийн цаг хугацаа хууль боловсруулагчдад мэдрүүлсэн биз ээ. Хальж хөөсөрсөн төсвийн ачаалал иргэдийн нуруун дээр хамгийн түрүүн мэдрэгддэг болохоор өрхийн төсөв хэрэглээнээсээ эхлээд хэзээний танагдаж, бараа худалдан авалт дараа онд шилжилж, хэмнэлтийг гэр бүлийн гишүүд нийтээрээ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Ер нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “эдийн засаг” гэж ерөнхий томъёогоор гурвантаа давтах бус иргэддээ хандан “Хэмнэ, хэмнэ бас дахин хэмнэ” гээд хэлчихсэн бол В.И.Ленин багшийн сургаалийн хувилбар гэж өөчлөх нэгэн байх ч санаачилж чадахгүй бол сайныг нь дуурай гээд өмөөрөх хэсэг ч байх байлаа.
Эдүгээ төсвийн тодотголоос “Манай тойрогт хийгдэж, хэрэгжих ажлуудын санхүүжилтээс хэр хасагдаж, хэний тойргийн хэр нэмэгдсэн бол” хэмээн гишүүд томруулдаг шилээ зүүн хянаж байгаа биз.
Засгийн газраас танаж танаж оруулж ирсэн төсвийн тодотголыг түшээд жалга довны үзэл гарган, тойргийнхоо хасагдсан санхүүжилтийг тал талаас нь нэмж батлаад буцаачихгүй байгаасай.
Н.Энх