Улаанбаатар хотод авто худалдааны төвлөрсөн 9 том зах, 26 жижиг цэг үйл ажиллагаа явуулдаг аж. Худалдаачдын хэлж буйгаар тэнд 20-30 мянган хүний ажил, амьдрал өрнөж буй. Гэхдээ энэ зах, худалдааны цэгүүд 1 сая хүний эрүүл мэнд, эрх ашгийг зөрчөөд байна. Наад зах нь замын түгжрэл, утаа, тоос шороо, хог хаягдалын гол эх үүсвэрүүдийн нэг болоод буйг худалдаачид мэдэж, бид харж байгаа. Тиймээс авто худалдааны захуудыг хотын гадна гаргахаар болж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд том бүтээн байгуулалтын суурийг тавьж, эхнээсээ ашиглалтад ороод байна. Нийт 30 га газарт 6375 авто зогсоол бэлэн болжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто захуудад ойролцоогоор 7000 машин зарагдаж, эргэлддэг тооцоо бий. Тэгэхээр багтаж, шингэхгүй гэх зовлонгүй. Өнөөдөр ч нүүгээд очиход асуудалгүй гэсэн үг.
Нэг авто зогсоол 4 сая төгрөгийн үнэтэй. Нэг машины ч үнэ хүрэхгүй мөнгөөр ажлын байр, үл хөдлөх хөрөнгөтэй болчихно. Да хүрээ зах дээр 10 жил машин зарсан ах та юутай үлдсэн вэ? Машин зарагч сард 15 000 төгрөгийн төлбөр төлөөд машинынхаа аюулгүй байдал, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн даатгачихна. Товчхондоо дөрвөн сая төгрөгийн нэг удаагийн худалдан авалт насан туршийн баталгаат хөрөнгө болно. Өөрөө ашиглаж, бусдад түрээсэлж, бүр зарах ч эрхтэй.
Өөрт нь ашигтай, өрөөлд тустай ийм боломж олгож байхад худалдаачид нүүхгүй хэмээн эсэргүүцэж, бүр өлсөж цангаж, зам хааж дургүйцлээ илэрхийлнэ гэв үү. Ямар гээчийн хувиа хичээсэн, утгагүй бодол вэ. Тэдний машин зарах эрхийг хааж боогоогүй, хэн ч хориглоогүй. Бас машинаа зар гээд хоосон газар руу хөөж гаргаагүй. Ажлын байрыг нь бэлдэж, хувийн өмчтэй болох нөхцөлийг ч бүрдүүлсэн. Ийм саналыг үл тоож, том толгойлж байгаа хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Захиргааны хуулийн дагуу асуудлыг шийдэж болно. Газрыг нь албадан хурааж, дуудлага худалдаанд оруулах эрх ч төрд бий. Хотын удирдлагууд энэ эрхээ эдэлж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 20-30 мянган хүний асуудал, 1 сая хүний эрх ашиг аль нь чухал болохыг харуулах ёстой.
Авто худалдааны цогцолборт өдгөө 20 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдээд буй. Энэ чиглэлийн үйл ажиллагаанаас ашиг олдог бүхий л хүмүүст зориулж, энэ хэмжээний мөнгийг зарлагадсан гэсэн үг. Тэнд зөвхөн машин зарагдахгүй. Улсын дугаараас эхлээд даатгал, татвар, сэлбэг, тос тосолгоо, засвар гээд автомашинтай холбогдох бүхий л үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлнэ. Машин авах хүн хотын зүг бүрт биш нэг л цэгийг зорино. Аль ч талаас нь бодсон маш зөв шийдвэр, ажил болсныг энэ мэтээр задлан тайлбарлаж болно.
Их, дээд сургууль, том зах худалдааны төвүүдийг хотоос гаргана гэж олон жил ярьсан. Үе үеийн хотын дарга үүнийг ярьдаг ч хийж байгаагүй. Харин эхлэлийг нь Э.Бат-Үүлийн баг тавилаа. Хотын төвлөрлөөс, түгжрэлээс аврах түүний багийн ажлыг тууштай дэмжинэ. Энэ нь хэсэг бүлэг бус нийт нийслэлчүүдийн асуудал гэдгийг хэлүүлэх юун.
В.Хэрлэн