Зам тээврийн сайд М.Зоригт шийдвэр гаргаж, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цахим хэрэгслээр тарж эхлэв. Сайдын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Г.Нямдавааг явуулах гол шалтгаан болжээ.
Эндээс үүдэж, дарга тогтдоггүй газраар ИНЕГ-ыг нэрлэж болохоор болов. 2012 оноос хойш тус байгууллага таван даргын нүүрийг үзэж байна. Зургаа дахь дарга нь хэн болж, хэдэн сар ажиллах нь одоогоор тодорхойгүй буй.
2012 онд тус газрын даргаар С.Батмөнх ажиллаж байсан. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсч, эцэст нь 14 сая төгрөгөөр торгуулаад намжсан.
Түүний дараа даргаар томилогдсон С.Буяндалай гэх хүн ч нэр цэвэр байсангүй. Түүнийг 70 гаруй хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, бие даагч гишүүдийн танил тал, хамаатан садны 130 гаруй хүнийг ИНЕГ, түүний харьяа салбаруудад шахсан гэх сэвтэйгээрээ суудлаа өгсөн. Зам, тээврийн сайд асан А.Гансүхийн уурыг барьж, яамны шуурхай зөвлөгөөнөөс хоёр ч удаа хөөгдөж гарснаар түүний даргын карьер дууссан юм.
С.Буяндалайгийн дараа өнгөрсөн оны хоёрдугаар сард ИНЕГ-ын даргаар Т.Лхагвасүрэнг томилсон. Гэвч тэр даргын суудалд удаан суугаагүй. Өөрийн охин Л.Хонгорзулыгаа байгууллагын зардлаар АНУ-ын Сан-Франциско хотын “City college of San Francisco” сургуульд суралцуулах тухай тушаал нь ил болж, чихнээс нь хонх зүүж эхэлсэн. Түүний энэ үйлдэл УИХ-ын дарга З.Энхболдын хараанд өртсөнөөр ИНЕГ-аас явах зам нь шуударсан гэж болно.
Ийн ээлжит удирдлагынхаа нүүрийг үзэх болсон ИНЕГ-ын даргаар Ц.Эрдэнэбилэг томилогдов. Ц.Эрдэнэбилэг таван сарын хугацаанд тус газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд түүний нэр мөн л мөнгө төгрөгийн асуудалд холбогдсон. Албанаасаа багагүй хэмжээний мөнгө гаргаж, орон сууц, гар утас худалдан авсан, дүүгээ гадаадад сургаж буй гэх мэтээр идэж уусан гэх баримтууд хөвөрснөөр тэр даргын суудлаасаа буусан юм.
Өнгөрсөн есдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын даргаар Н.Нямдавааг томилов гэсэн мэдээ цагаан дээр хараар тодоос тод байна. Н.Нямдаваа 2012 оноос хойш ИНЕГ-ын тав дахь даргаар томилогдсон нь энэ. Түүнд ИНЕГ-ын тамга тэмдгийг М.Зоригт сайд гардуулж байв. Харин өнөөдөр Н.Нямдаваа сайдын шийдвэрээр хөөгдөн гарах болсон шалтгаан нь юу вэ. Зөвхөн М.Зоригт сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь түүний хөөгдөх шалтгаан болов уу. Одоогоор Н.Нямдаваа идэж уусан, эрх мэдлээ ашигласан талаар ил болсон мэдээлэл алга. М.Зоригт сайд хариуцлагыг хатуу нэхэв үү, эсвэл ээлжит улс төрийн томилгоо хийгдэх нь үү гэсэн асуулт үлдэж байна.
Ийнхүү ИНЕГ зургаа дахь даргынхаа нүүрийг үзэхээр болов. Дөрвөн жилийн хугацаанд таван даргыг халж, сольсон энэ газарт ямар хүн даргаар очих нь одоогоор тодорхой. Өнгөрсөн хугацаанд ажилласан бүх дарга нар идэж, уусан, эрх мэдлээ ашигласан, том толгойлсон шалтгаанаар суудлаасаа буув. Хүсэл, шуналаа дийлдэггүй жудаггүй нөхөд даргаар очдог уу. Эсвэл ИНЕГ гэх хялбараар идэж уух боломжтой хяналтгүй газар уу.
Нэмж хэлэхэд өнгөрсөн хугацаанд томилогдсон бүх дарга нар үүрэг гүйцэтгэгчийн статустай ажиллажээ. Хэн нь ч жинхлэгдээгүй нь мөн л сонирхол татах асуудал. Яагаад томилогдсон бүх дарга идэж уув, яагаад дарга нарыг жинхэлдэггүй, яагаад дарга тогтдоггүй гэх мэт олон асуулттай ИНЕГ-ын асуудлыг цааш ухвал дахин түмэн яагаад ундрах бололтой.
В.Хэрлэн