Өршөөлийн хууль хоёр ээлжит бус чуулган дамжин намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг тэргүүлэн орж ирлээ. Энэ хууль нийгэмд хүлээлт үүсгэсэн, хугацаа алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай, уг нь. Гэвч улс төржилт шургалснаас хэлэлцүүлгийн явц сунжирч, хугацаа талийн одлоо.
Эдүгээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотой Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээж байгаа юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгчийн хоригийг 10 хоногийн дотор хэлэлцэн батлах ёстой. Бид Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсан, хуулийн хугацаа нь дуусгавар болсон. Одоо хуулиа хэрэгжүүлэх л үлдсэн” гэж тайлбарлаж байгаа. Түүний энэ тайлбарыг МАН-ын гишүүд эсэргүүцэж, байнгын хороо, чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн, санал хураалт явуулж баталсаны дараагаар хууль хүчин төгөлдөр болно гэж үзэж байгаа юм.
Хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй” гэж хуульд тусгажээ. Энэ санал Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй юм. Нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Харин чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гарган МАН тав хоногийн завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг гарган асуудлыг байнгын хороон дээр эргэж хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тиймээс энэ асуудлыг магадлаж байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг Ц.Нямдорж гишүүн илэлрхийлсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат “Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар цэцэд хандсан эсэх асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн, энэ нь хүчин төгөлдөр бус асуудал юм байна. Иймээс өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд явах боломжтой” хэмээн эсрэг саналтай байлаа.
Нөгөөтэйгүүр гишүүн З.Баянсэлэнгэ “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсан нь Өршөөлийн хуульд хэсэгчлэн биш бүхэлд нь хориг тавьсан гэсэн үг” гэдэг байр суурин дээрээ одоо ч бат зогссоор байгаа. Эрхэм гишүүн “Авлигын хэрэгт холбогдон ял эдэлж байгаа МАН-ын 20 орчим, АН-ын 10 орчим хүн байгаа” гээд хэлчиж болдоггүй юм уу. Баталсан хуулиасаа эргэж буцаад байвал та нарыг илчилнэ шүү” хэмээн сүрдүүлээд авна лээ.
Энэ хуулиас үүдэн гишүүдийн хооронд ч талцал, маргаан хүчтэй явагдаж байгаа билээ. Гишүүд буруугүй буруутан болчихлоо гэдгээ батлах гэж АТГ-ын удирдлагуудаас сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа хэргийнхээ талаар лавлаж байлаа. Жишээлэхэд, гишүүн Л.Болд “Намайг шалгагдаж байгааг хэлсэн юм чинь холбогдох хэргийг нь ч хэлчих. “Энхийг сахиулагчдын төлөө хэрэгжүүлсэн ажлаасаа үүдэн би энд хэрэгтэн болох шахаад байна” хэмээж байсан бол гишүүн Ё.Отгонбаяр өөрөө болон гэр бүлийнх нь хүн хэрэгт холбогдон шалгагдах үндэслэлгүй гэдэг тайлбарыг чуулганы хуралдаан дээр албаны хүнээр уншуулж санаа нь амарсан. Харин хуулийнхныг буруутган давшилж байгаа түшээдэд Ц.Нямдорж гишүүн ихэд ундууцаж “чуулганы танхимд дуудан авчирчихаад мөрдөн байцаалт явуулж болохгүй. Өөрсдөө асуулга тавьчихаад тайлбар хийхээр илчиллээ гээд зөрж ярьдаг зангаа больцгоо” хэмээж байсан. Ер нь гишүүдийн ам нь халахаар хэл нь хальтирдаг гэмтэй. “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярих” шахсан гишүүд Өршөөлийн хуулийг тойрон мэтгэлцсээр байна.
Харин улстөрчийн үл ойлголцлоос үүдэн Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гацаж, ял эдэлж байгаа хүмүүс суллагдах нь хойшлогдон нийгмийн хүлээлт үргэлжилсээр байна.
Н.Энх