Сангийн сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад удаагүй байгаа УИХ-ын гишүүн Б.Болор анхны том даваагаа давах нь. Тодруулбал, өчигдөр Сангийн яамнаас УИХ-д 2016 оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ. Хэр чадвартай сайд вэ гэдэг нь хэр сахилга баттай төсөв оруулж ирэв гэдгээс харагдах учиртай.
Сангийн сайд аль нэг улс төрийн нам, эвслээс хараат байдлаар төсвөө оруулж ирэх, тэр тусмаа сонгуулийн жил гэж найр тавихгүйгээр төсвийн орлого, зарлагын балансыг ижил хэмжээнд хүргэж алдагдалгүй батлах ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй байгаа юм. Энэ бол нийгмийн шаардлага.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв хувилбар. Оюутолгой, Тавантолгой хөдөлчихнө, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өснө гэсэн үлгэрт итгэлгүй, бодит байдалд зөв дүгнэлт өгнө хэмээн ард түмэн түүнд найдлага тавьж байгаа билээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээрхи нүүрсний үнэ унаж, экспортын нүүрсний хэмжээ 200 саяд хүрэхтэй үгүйтэй болсон. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс дөрөв дахин их нүүрс экспортолж байсан цаг үе өнгөрч, одоо энэ хоёр байраа сольчихлоо. Зэсийн үнэ тогтмол унаж 7000 ам.доллараас 5000 ам.долларт хүрсэн.
Б.Болор сайд 2016 оны төсвийн төслийг өмнөх жилүүдээс илүү их сахилга баттай, бодит байдалд илүү нийцсэн төсөл болсон хэмээж байгаа юм. Нөгөө талаар 2015 оны төсвийн тодотголыг нэг их наядаар танах тухайд Сангийн яам хурдан хугацаанд шуурхай ажиллаж төсвийн зарлагыг танах том өөрчлөлт хийсэн хэмээн мэдэгдэв. АН-ын бүлэгт төсвийн төсөөллөө танилцуулахдаа эдийн засгийн том реформ хийх цаг болсон гэж мэдэгджээ. Сангийн яамнаас танилцуулсан төсвийн реформыг бүлэг дэмжсэн бөгөөд сонгуулийн жил гэхгүйгээр энэ өөрчлөлтийг зоригтой хийгээд явах ёстой гэж үзжээ.
Ярьж байгаа нь ажил хэрэг болдог бол АН-ыг, тэр дундаа шинэхэн сайд Б.Болорыг магтан дуулахаас өөр яалтай. Б.Болор сайд хэлэхдээ үр ашиггүй гэсэн албан тушаалтнуудыг цомхотгох /дэд сайдын орон тоог 2016 оны төсөвт тусгаагүй/, зарим яамыг татан буулгах /2016 оны наймдугаар сард есөн яамтай болох/, мөн ашиггүй гэж үзэж байгаа агентлагуудыг татан буулгах /гурван агентлаг татан буугдана/ зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр болсон гэв. Мөн сандал ширээ, машин авах, гадаад дотоод томилолтыг хязгаарлах гэх мэтээр хаа хаанаа бүсээ чангалах төсөв оруулж ирсэн хэмээн ярьсан юм. Залуу хүний хэлж ярьж байгааг улс төрийн намууд үнэхээр дуу нэгтэй дэмжих үү гэдгийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл, 2016 онд сонгууль болно. Тиймээс улстөрч бүхэн л тойрогтоо ахиухан мөнгө авах гэж, улс төрийн намууд ард түмэнд тал засах гэж халаасыг нь танах бус харин ч зузаалах бодлого хэрэгжүүлж, “тал засна”.
Гэвч олонхийг бүрдүүлж буй улс төрийн намууд тэр дундаа АН-ынхан өөрсдөө санаачилга гаргаж төрийн албаны данхайсан бүтэцдээ өөрчлөлт хийхгүй л бол Монгол Улс цаашдаа улам бүр л бүсээ чангалахаас аргагүйд хүрэх нь. Инфляци өнгөрсөн жилд төлөвлөсөн хэмжээнд хүрч чадсан. Өөрөөр хэлбэл, төв банк инфляцийг долоон хувьд хүргэж чадсан нь яах аргагүй том амжилт байлаа. Цаашдаа ч тэгтлээ доошлуулахгүйгээр энэ хэмжээнд барина гэдгээ Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлдээ тусгаж УИХ-д өнгөрөгч лхагва гарагт өргөн мэдүүлжээ.
Мөн Ерөнхий сайдад төсвийг алдагдалгүй батлах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, улсын өрийн зохистой удирдлагыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхгүй бол цаашдаа байдал улам хэцүүднэ гэдгийг сануулсан бичиг хүргүүлсэн аж. Нэг үгээр хэлбэл, хаа хаанаа хамжааргатай, хариуцлагатай байх цаг ирчихлээ гэж сануулжээ. Төв банк инфляцийг долоон хувьд хүргэсний цаана мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүг бууруулах бус харин ч нэмэгдүүлсээр ирснийг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 13 хувьд хүрчихлээ.
Төв банкны дэргэдэх бодлогын зөвлөл ойрын өдрүүдэд хуралдаж байгаа бөгөөд Засгийн газар орлого, зарлагаа блансалж төсвөө хэр сахилга баттай батлахаас шалтгаалж бодлогын хүүг суллах уу, энэ хэвээр хадгалах уу гэдгээ шийдэх сурагтай. Төр төсвөө улам тэлж, орлого зарлага нь алдагдсан хэвээр яваад л байвал хатуу бодлогыг хэрэгжүүлсээр байх болно. Энэ тохиолдолд төр бус хувийн хэвшил улам бүр том ачаа үүрч, олон ч аж ахуйн нэгжүүд хаалгаа барих хэмжээнд хүрнэ. Хоёр жил хувийн хэвшилд ачаа үрүүлэх, зээлийг нь хасах танах замаар явсан. Цаашдаа ч төрийн назгайрлын хар гайг хувийн хэвшил амссаар байх нь. Монгол Улсын төсвийн алдагдал 2009 оны хямралын жилд -6 хувьд хүрч байсан бөгөөд энэ түүхийг бид 2015 онд давтаж -7 хувьд хүргэжээ.
Уул уурхайгаас орж ирдэг байсан хөрөнгө оруулалт хэдийнэ зогсчихлоо. Нэг ёсондоо орж ирсэн мөнгө болгоноор туйлж ардах, урдахаа харахгүй цамаан загнаж байсан тэр цикл зогссон гэдэг нь тодорхой болсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны эхний хагас жилд нэг хувьд хүрч, оны сүүлээр гэхэд хасах руу орох хэмжээнд хүрчихжээ. 2015 оны төсвийн орлогын тасралтын ихэнх хувийг импортын НӨАТ болон гаалийн албан татвараас оруулах мөнгө бий болгосон гэх. Өөрөөр хэлбэл, уул уурхай ажиллачихна. Тэрнийг дагаад техник тоног төхөөрөмж орж ирнэ гэсэн гэнэн мөрөөдөл маань хий хоосон байжээ. Төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр Засгийн газрын өр улам бүр л ихэсч байгаа. 2015 оны төсвийн орлого 629 тэрбум, зарлага нэг их наяд, 226 тэрбумаар тасарчихсан.
Үүнийг хаанаас хэрхэн олж, алдагдлаа нөхөх вэ гэдэг юу юунаас илүү УИХ-ын хамгийн түрүүнд ярих сэдэв болж байна. Өршөөлийн хуулийн хориг, нэг сайдын суудлаас илүүтэй төсвөө алдагдалгүй батлах, хатуу бодлогыг зөөлрүүлэхийн тулд төрийн албаа цомхотгох ажлыг л эрх баригч намууд сөрөг хүчинтэйгээ ойлголцоод хийхээс өөр аргагүй. Төр данхагар байна, бүтцээ цомхотгох ёстой гэж сүүлийн дөрвөн жилд бид ярилаа. Гэвч төрийн албанд төмөр нүүрээ харуулахыг тэд хүсээгүй. Төр улам бүр л данхайж, төсөв жил ирэх тутам тэлсээр байсан. Харин нөгөө талд хувийн хэвшлийн бүсийг чангал, ахиухан мөнгө татвар ав гэсэн бодлогыг л хэрэгжүүлж иржээ. Одоо хангалттай.
Алийн болгон бид мэдлэггүй, чадваргүй, ах дүү хамаатан садны цуглуулга болсон данхагар төрд дарлуулж явах гэж. Хувийн хэвшлээ хэмлэсэн төрийн албаны данхагар бүтцийг өөрчлөх цаг нь болсон байна. Үнэхээр ажиллаж чаддаг, чухал салбараа дэмжээд ажиллая. Харин хэрэггүйг нь хувийн хэвшилд ажиллаж тархиа ажиллуулах боломж олгоё. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар таналаа гэсэн хэлбэр хөөсөн өөрчлөлт хийгээд нэмэргүй. 260 хүний цалинг 30 хувиар буурууллаа гээд 600 тэрбумын орлогын тасалдалд өөрчлөлт орохгүй.
Үүнээс том өөрчлөлт хийж байж л бид төсвөө алдагдалгүй баталж чадах учиртай. Хасах долоо руу орчихсон төсвийн алдагдлыг 3.5 болгож бууруулаад ч нэмэргүй. Бодлогын хүү нь өндөр, хөрөнгө оруулалт хүлээсэн, сарын цалингаа тавих гэж өр зээл тавьсан хэвээрээ л сууна. Төрийн албан хаагчдаа цомхотгож тэдэнд хувийн секторт ажиллах орон зай бүрдүүлье. 70 мянган ЖДҮ эрхлэгчийн тоог хасах бус харин нэмэгдүүлэхэд анхаарсан төсөв баталмаар байна. Төрөө бид цэгцэлье, харин та хувийн хэвшилд ажилла, бид дэмжээд өгье гэдэг бодлогыг өмнө нь хэрэгжүүлж байсан. Шинэ зүйл огт биш. Ашиггүй албатуудаасаа ангижрахгүй л бол, хийх ажил нь давхардчихсан, чиг үүрэг нь ойлгомжгүй яам агентлагийн тоо хэтэрхий олширчихлоо. Мэдээж АН төрийн албан хаагчдыг ажлаас халахыг хүсэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл тэдэнд ажилтай орлоготой монгол хүнийг бий болгож, ирэх сонгуулиар ахиухан оноо авах нь чухал.
МАН-ын хувьд цалинг хасах бус харин ч нэмэх ёстой гэсэн байр суурь баримталж буй гэдгээ байн байн мэдэгдэж байна. Энэ тохиолдолд эрх баригч нам л улсынхаа эрх ашгийг урдаа тавих нь чухал бус уу. Б.Болор сайдын хэлж буй орон тооны цомхотголыг хийж, хувийн хэвшлийн нурууг бага ч гэсэн тэнийлгээч, улстөрчид өө. Одоо ард түмнээ боддог гэсэн хуурамч хайраасаа ангижирмаар байна. Үнэхээр л ард түмэндээ хайртай бол тэр яриад байгаа реформоо хийж, данхагар бүтцээ тана. Юу юунаас илүүтэй төсвөө алдагдалгүй батлах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлье. Сайд огцруулах бол дараагийн ярих асуудал.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn