Тавантолгой дахин хаалга тогшсон тухай тухай миний бие даруухан бичсэн. Энэ тогшилт улс төрд их тэмцлийг дахин өрнүүлж буй бололтой байна. Үүний оршилд өгүүлэхэд манай улс төрд нэг моод” гараад байна. Улстөрчид хэн нэгэнд хэлэх гэсэн ноцтой үг, гомдлоо ямар нэг хурал уулзалтыг “тохиолдуулан” илэрхийлдэг болжээ. Ойрын жишээнд, Прокуроруудын баярын хурал дээр Ерөнхийлөгч салхилахаар ирсэн Н.Энхбаярт зориулсан үгээ хэлж санаа нь амарсан.
Өчигдөр МҮАН-ын дарга М.Энхсайхан орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн уулзалтаар эвслийн “анддаа” дамжуулан үг дайжээ. Иймэрхүү хурал уулзалт дээр хэн нэгэнд хаягласан улс төрийн мэдэгдэл ардаа айхтар үр дагавартай буюу нэг юм болохын дохио болдгийг бид мэднэ.
Шударга ёс эвслийн М.Энхсайхан дарга хөрш Н.Энхбаярынхаа цонх руу чулуу шидчихлээ гэж болохоор. Гэхдээ Н.Энхбаяр нь эхлээд чулуу шидээд эхэлсэн гэж болно.Энэ таагүй зүйрлэлийг улс төр гэдэг талаас нь авлаа. М.Энхсайханы хэлсэн үгнээс харахад ер нь бол Иргэдийн төлөөлөгч нарт нийгэмд газар авсан авилгын тухай ярих болсон нь хар аяндаа л эвслийн найз Н.Энхбаярынхаа тухай гамгүй ярихад хүргэсэн гэж ойлгогдохоор.
Гэхдээ үгэнд дотор үг дайж байгаагаа М.Энхсайхан дарга нуусангүй....МАХН, МҮАН-ын харилцааны асуудлаар миний зүгээс тайлбар өгчих нь зүйтэй гэж бодож байна.. гэж байгаад хэлжээ.
Энд илэрхийлсэн гурван багц санааныхаа нэгдүгээрт Ерөнхийлөгчийн үгний талд хэлжээ.
...түүний үгийг /Ерөнхийлөгчийн/ зөвхөн Энхбаярт зориулсан мэт тайлбарлах нь улс төрийн ноцтой алдаа, олон түмнийг төөрөгдүүлсэн хэрэг болно. Н.Энхбаяр монгол төрд гавьяатай бол төрөөс өршөөнгүй хандлага гаргах болов уу гэж хүлээх эрхтэй. Харин авилгалтай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг “унтраах”, хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж ярих нь зохисгүй юм. ...Шударга ёс эвслийг шударга байлгая гэвэл миний хэлж байгаа зүйлийг бодолцох хэрэгтэй...
Хоёрдугаарт нь ...Тавантолгой.
Оюутолгой, Тавантолгойн асуудлаар Энхбаяр дарга “Хэрэв бидэнд олонхи нь санал өгсөн бол Оюутолгой, Тавантолгой таны өмч болох байсан”, Тавантолгойг “З.Энхболд иргэний зориг гаргаж түр зогсоож чадсан” гэх нь Монголын хөгжлийн эрх ашигт нийцэхгүй,...
Гуравдугаарт нь Н.Энхбаяр даргын нийтэд задалж ил болгосон хэтдээ хоёр нам нэгдэх тухай яриаг онцолжээ.
...Шударга ёс эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан. Гэхдээ улс орноо зөв замд гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авилгалыг хамгаалж, том төслүүдээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ бол миний хэмжээнээс хэтэрсэн асуудал юм...
“Миний хэмжээнээс хэтэрсэн” гэдэг нь даварсан зүйл болно гэсэнтэй адил сонсогдох шиг. Энэ үгс шийдлийн засгийг тогтоож байгаа Шударга ёс эвсэл тун барьцгүй болсныг дохиоллоо гэх таамаг дээр санал нэгдэх хүн олон. Хэдийгээр М.Энхсайхан санаагаа хувь улстөрчийн байр суурь мэт илэрхийлсэн ч тодорхой асуудал дээр Н.Энхбаярынхаа зарим үг үйлдэл таалагдахгүй байна гэж шууд илэрхийлсэн нь МҮАН-ын улс төрийн мэдэгдэл шахуу бууж байна.
Ойр шадарлах энэ хоёр улстөрчийн ил болж байгаа зөрчлөөс өнөөх л Тавантолгой үнэртэж байна. Сүүлийн хагас жил өрнөсөн үйл явдлын хамгийн их анхааралд орсон сэдэв ТТ байсан гэвэл энэ төслийг Их хурал дээр унах хүртэл нь гардаж байсан хүн бол Монгол Улсын сайд байсан М.Энхсайхан юм. Харин энэ Мига төслийг гардан гацаасан хүнээр Зи дарга тодроод байгаа. Харин Н.Энхбаяр дарга нь салхилах зуураа олон нийтийн өмнө хэлсэн үг бүртээ шахуу З.Энхболд дарга Тавантолгойг таагүй хүмүүсийн гарт орохыг эх орончоор зогсоож чадлаа гэсэн утгатай магтаалыг хэлэх болсон. Энэ таагүй хүмүүсийн тоонд эвслийн нэг найзыгаа хавчуулаад байгаа нь хэнд ч тодорхой.
Энэ зураглалаар харах юм бол улс төр дэх гурав дахь хүчний хоёр толгой Тавантолгой дээр хагарч мэдэхээр болжээ. Н.Энхбаярт сайдуудыг нь хүссэнээр нь өгч толгойг нь илсэн нь “өршөөхдөө” ч бус Тавантолгой дээр ашиглаж нэг амтай байлгах болзол байсан гэж харж болохоор.
Хашир улстөрчийн хувьд Н.Энхбаяр дарга нь М.Энхсайхан даргын өөрт нь хэлсэн үгэнд тийм эмзэглэхгүй байгаа байх. Ирэнгүүтээ АН болон намын даргатай нь ам хэлээ олохдоо Тавантолгой дээр “танай тал шүү”гэж амалсан бол энэ нь цаашид Энхсайхангүй явья гэсэн сонголт хийсэн болж ирнэ. Тэгээд ч хоёр нам нэгдэх яриа бий гэж олон нийтэд цохон хэлэх болсон биз.
Энэ хоёр эрхэм шударга муудалцаад үр дүнд нь эвсэл нь задарвал засаг унана. Дараа нь яах вэ гэсэн асуудал босч ирнэ. Арай ч Их хурал тарах дээрээ тулахгүй байх. Гэхдээ Н.Энхбаяр М.Энхсайхан хоёрын толхилцоон хувь улстөрчдийн шийдвэрээс хамаарсан гэхээсээ илүүтэй Тавантолгойг шийдэх дээр талуудын хүчний шинэ байрлал өрөгдөж эхэлсэнтэй холбон харах нь бодит байдалд дөхнө. Энэ нүүдлийг эхлүүлсэн эзэд төсгөлөө яаж хийхээ тооцоолсон байгаа.
Эвсэл задраад, Засаг унаад, Их хурал тараад... гээд байж болох бүх муу туйлаар нь харлаа ч ялагчийн цом нь Тавантолгой мөн юм бол ийм эрсдэлтэй нүүдлийг эхлүүлээгүй л байх. Зүгээр М.Энхсайхан гэж улстөрчийг бусдад сургамж болгон хувьд нь баяртай болгоод нэг л толгойтой тохироод Тавантолгойг “манай” талд гаргая гэсэн байж болно.
М.Энхсайхан дарга нь хэлсэн үгнийхээ оршилд "...ингэлээ гээд Эвсэл задарч байгаа хэрэг биш, харин эвслийг зөв ажиллахад туслана гэж бодож байна..." гэж хэлсэн байна лээ. Энэ нь үүссэн шинэ нөхцөл байдалд түүнийг өөртөө тун ч итгэл муутай байгааг илэрхийлж байна. Арга мухардсан хүний үг шиг. Ингээд шудрага бус явдал гаргаад байвал цаашид шударга ёс эвслийг байх эсэх тухай ярина гэж МҮАН-ын дарга итгэлтэй мэдэгдэж чадахгүй л байна.
Эвсэлд байгаа МҮАН-ын хувьд Их хурал дахь төлөөлөл нь толгой даасан томчууд олонтой болчихсон гэхэд болно. Уянга гишүүний хувьд бараг бие даагчийн байр суурьт гараад зогсчихсон байгаа. Бусад гишүүд нь сайдын суудалд сууж “амар амаланг” олоод удсан.М.Энхсайхан даргыгаа тарцгаая гэсний зоргоор ордноос гарахааргүй чих нь хатуурсан байгаатай холбоотой ч байх.
Намрын улс төр, чуулганы нээлтэд зориулж улстөрчид өөр өөрийн тоглолтоо эхлүүллээ. Зуны гурван сар зүгээр ч нэг наадам хэсээгүй. Зүлгэж сууснаа хүлээж цөхөрсөн иргэддээ үзүүлж өгөх юм байгаа биз. Л.Гүндалай гэдэг шинэ намын даргын үзүүлбэр бол хөшиг нээхийн өмнөх зааланд тавьдаг танил ая төдий юм. Жинхэнэ тоглолт дээгүүр яаж өрөгдсөнийг бид одоо л харах гэж байна. Өрнөлийн оргил нь Тавантолгой гэдэг бүлэг байх бололтой.
Есөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэж мэдэгдэж байсан Шударга ёс эвслийн хоёр лидер 4 жилээ бүтэн баралгүй чулуу шидэлцээд эхэллээ. Чулуу гарт нь атгуулаад шид гээд шахаад эхэлсэн ч байж магадгүй. Улс төр дэх түншлэл гэдэг ийм л хэврэг аж.
Үүнийг нуршин өгүүлэх нь манайд эрх зүйт төр бус бүлэглэлд үйлчилдэг Намт ёс ноёрхоод удсан. Энэ нь өнөөгийн их хямралын эхлэл шүү гэдгийг дахин хэлэхийг хүслээ. Энэ хямралд “үргэлжлэл бий...” гэсэн гурван цэгийг МҮАН-ын дарга тавиад өглөө.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/