Монголын төрд их цэвэрлэгээ хийх цаг болсныг бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн билээ. Өдгөө 4295 төрийн байгууллагад 183 601 хүн ажиллаж, цалин болон бусад зардал нь төсөвт том дарамт болж буй учраас цомхотгол хийх шаардлагатайг дурдсан. Тэгвэл энэ удаа төрийг албыг хэрхэн эмхлэх талаар санаагаа нэмэрлэхээр шийдлээ. Монголын эдийн засаг “сэхээнд орж”, дарга нарын цалинг 30 хувьдах “амь тариа” хийж байхын оронд зоригтой алхам хийж, төрийн бүх шатанд цэвэрлэгээ хийе. Огт хэрэггүй албан тушаалуудыг үгүй болгож, яамдыг ч цөөлье.
Юуны өмнө төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийг цөөлөх санал дэвшүүлж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд зургаан зөвлөхтэй. Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүний эрх, хуулийн бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн чиглэлүүдээр зургаан хүн Ерөнхийлөгчид зөвлөж байна. Тэгвэл үүнийг Гадаад бодлого, Хууль, Эдийн засаг хэмээн цомхотгож, бусад асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан ажиллахад хүнд ачаа болохгүй болов уу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрвөн зөвлөхтэй. Түүний ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа, эдийн засгийн зөвлөхөөр О.Чулуунбат, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Ургамалцэцэг, Хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөхөөр Ц.Мөнхтөр нар ажиллаж буй. Тэднийг ч хоёр болгон цөөлөхөд буруудахгүй. Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаад эдийн засгийн асуудлыг хариуцан ажиллах мэдлэг, мэдээлэл бий. Мөн нийгэм, хэвлэл мэдээллийг ч тусдаа хүн хариуцаж байгаа нь одоо бол илүү зардал болон харагдаж байна.
УИХ-ын дарга З.Энхболд ч дөрвөн зөвлөхтэй. Түүний ахлах зөвлөхөөр С.Ламбаа, хуулийн бодлогын зөвлөхөөр А.Гансүх, нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоо, эдийн засгийн зөвлөхөөр Д.Лхагвасүрэн нар ажиллаж байгаа. Энд ч мөн цомхотгол явуулж, хэмнэлт хийх хэрэгтэй.
Ийн зөвлөхүүдийг цөөлж, цомхон болгосноор “хөөрхөн” хэмнэлт хийнэ хэмээн харж байна.
Цаашлаад яамдыг цөөлөх шаардлагатай байна. Төрийн данхар бүтцийн хамаг учир яамдад бий. Яамыг дагасан агентлаг, газар, хэлтэс гэх мэтээр цааш сунжирсаар хүнд сурталтнуудын орооцолдсон сүлжээ үүссэн. Тиймээс одоо ажиллаж буй 15 яамыг 10 болгоод цөөлчихье. Сангийн яам, БОЯ, Хуульзүйн яам, БХЯ, Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, ЭМЯ, ХХААЯ, БСШУЯ, ГХЯ, Барилга, зам тээврийн яам гэхчлэнгээр цөөлж, илүү зардлыг хэмнэе. 900 тэрбумаас 1 их наядаар тасраад буй төсөвт ч том нэмэр болно. Ингэснээр сайд нарын тоо ч багасна. Мөн сайд нарын зөвлөх гэх орон тоог ч хойш нь тавих хэрэгтэй. Яам гэх ажлын том аппарат, Төрийн нарийн бичгийн дарга байхад сайд нар зөвлөх гэх хүнийг хажуудаа байлгаж, цалинжуулах шаардлага байхгүй.
Үүнээс гадна өнөөгийн нөхцөл байдалд манайд огт хэрэггүй нэг албан тушаал бол дэд сайдууд. 15 яамны дэд сайдыг томилох гэж өвөр зуураа тохироо хийж, өөр хоорондоо хэрэлдэж байхын оронд энэ албан тушаалыг хэсэгтээ бүр үгүй хийе. Дэд сайдын ажил үүргийг Төрийн нарийн бичгийн дарга хариуцахад зовлон болохгүй.
Цомхотгох хийх өөр нэг албан тушаалтнууд бол орлогч дарга нар. Нийслэл, аймаг, сум, дүүрэгт олон орлогч дарга нарын шаардлага байхгүй. Дээр нь төрийн 4295 байгууллага бүгд орлогч даргатай гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэднийг бүгдийг нь явуулъя. Тамгын газар, газар, хэлтсийн дарга нар ажлаа хувааж аваад, хийж гүйцэтгэж болно. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл л гэхэд зургаан орлогч даргатай байна. Түүний орлогч дарга нарыг гурав болгон цөөлөхөд Улаанбаатар хот сүйрчихгүй нь мэдээж.
Энэ мэтээр төрд цөөлөх шаардлагатай байгууллага, явуулах ёстой хүн олон байна. Мөн унаа, утасны төлбөрийг нь ч хязгаарлах шаардлага ч бий.
Ч.Сайханбилэг дарга нарын унааг жижгэрүүлж, цалинг нь танах тухай ярьж буй анхны Ерөнхий сайд байх. Гэвч түүний энэ аргууд далайд дусал нэмэрлэсэн, гал унтраах төдий үйлдэл гэдгийг хэн хүнгүй харж, мэдэж буй. Тиймээс Ерөнхий сайд зориг гаргаж, төрд том цэвэрлэгээ хийвэл хүссэн хэмнэлтээ хийж чадна. Монгол төрийн зохистой бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгох алхмыг хийчихвэл том ажил болно.
Дарга нарын цалингийн 30 хувийн таналтаас 2 тэрбум хэмнэж, шатахууны онцгой албан татварыг нэмж 60 тэрбумыг оллоо ч 900 тэрбумаас 1 их наяд төгрөгийн цоорхойг нөхөж чадахгүй. Тиймээс л зоригтой алхам хийж, зоримог шийдвэр гаргах хэрэгтэйг Ерөнхий сайдад дахин дуулгая.
В.Хэрлэн