Тавантолгой дахиад хаалга тогших нь ээ
2015-09-30

 

Чуулган бүрийн эхэнд задрах сураг гардаг нэг чихрийн сураг бол Тавантолгой, Оюутолгой хоёр болжээ. Шинэ долоо хоногийн өнгөн дээр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Тавантолгой хэлэлцээ урагшилж байгаа талаар мэдээллийг яг цагтаа хийлээ. Цагтаа гэхийн учир нь 10 сарын 01-нд намрын чуулган нээлтээ хийх гэж байгаа юм. Хаврын чуулганаар хамраараа таслуулж гацсан Тавантолгой гэрээний төсөл дахин амилна гэхэд итгэх хүн ховор болсон. Гацаасандаа баяртай явдгаа хуучин ажлын хэсгийн ахлагч гишүүн цагаахнаар хэлснээр энэ төсөлд цаанаас нь чөдөр шидсэнийг олон нийт мэдсэн. Бас л хоёр туйлд гарсан төсөл дөө. Эх орондоо хайртай хэсэг харамлаж, хайргүй хэсэг нь Хятадын компанид өгчих гээд байгаа мэт мэдээллээр жирийн иргэдийг төөрөлдүүлсэн.

 

Уул уурхайгаасаа мөнгө олох боломжтой гэж ярих хэрнээ шийдэх болохоороо улс төржүүлээд гацаагаад хаячихдаг. Иргэд уул уурхайн баялгийг бусадтай хамтарч ашиглахыг бизнес гэдгээр нь харж чаддаггүй. Харийн хэн нэгэн тоногч зальтангуудаас ордоо авч үлдэх дээд зэргийн өндөр сэрэмжтэй л болсон. Уг нь бол хоёр толгой хөдөлбөл манай эдийн засгийн уушигны хатгааг нам дарах ганц тариа нь юм.

 

Хөндлөн чиглэлийн 1300 км төмөр зам барих 3.1 тэрбум, урагш тавих 268 км төмөр замд шаардлагатай нэг тэрбум ам.доллар буюу нийт 4.5 тэрбум ам.доллар гаргаж чадах компанид нүүрсээ олборлуулья гэж ажлын хэсгийн дүгнэлт нь шийдвэр болж гарснаар нээлтийн туузаа бэлдээд байсан төсөл нэг мөр унасан. Энэ нь бараг боломжгүй биз дээ гээд Тавантолгойг сонирхогчид тараад явчихсан.

 

Төслийг гацаах ёстой ажлын хэсэг ийнхүү үүргээ “маш сайн” биелүүлсний дараа цааш нь явуулах зорилготой шинэ ажлын хэсгийг Ерөнхий сайд байгуулсан байгаа юм. Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар ажлын хэсэгт орж ажиллаж байгаагаар онцлогтой юм байна.

 

Нэг удаа хөөгдөөд хулхи нь буусан хөрөнгө оруулагч нартай яриагүй нэг удаа муриулаад итгэл нь дундарсан хөрөнгө оруулагчтай дахин гэрээний төсөл дээр ажиллаж байгаагаараа энэ ажлын хэсэг хүнд байдалд “хөдөлмөрлөж” байгаа бололтой. Харин иргэд Тавантолгойг гацаагчдын шинэ тааллаар дахин яригдах тул гээд хэсэг мартсан. Үүнийг мэдэрсэн ажлын хэсэг чуулганы нээлтийн өмнө яаран мэдэгдэл хийж “бид байгаа шүү” гэдгээ санууллаа.   

 

Харин гэнэт чимээлсэн ажлын хэсгийн мэдээллийг сонссон иргэд юун Тавантолгой гэрээ хэлэлцээр, ажлын хэсэг вэ гэж цочих шахуу болж байна.

 

Үгүй гэнээ. Тавантолгой чинь хөдөлчих гээд байгаа юм байна. Хөрөнгө оруулагч тал болох консерциумид багтаж байгаа  Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Суматоми” корпорацитай  наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийж, тодорхой үр дүнд хүрч байгаагаа Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлснийг Засгийн хэвлэлийн төлөөлөгч бидэнд мэдээллээ. Хавраас гэнэт ашигтай ажиллаж эхэлсэн нэлээн том бүлгийн хэтийн эрх ашгийг хадгалсан байж болох “Эрдэнэс MGL” компанийн хувь эзэмших асуудал нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чадсан гэж байна. Ингэснээрээ манай тал ногдол ашиг авах төдийгүй хувь эзэмшиж байгаагийн хувьд хяналт тавих эрхтэй болно. Үүгээр Их хурлаас өгсөн нэг чиглэл хангагдаж болох юм.

 

Эхний гэрээний төслийг буцаах нэг том нээнтэг бол төмөр замын асуудал байсан.

 

Төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр гэрээний төсөлд хийсэн байсан. Харин шинэ ажлын хэсгийнхэн ярилцаад  “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирчээ. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа юм байна. Концессоор төмөр зам барих төслөө больж “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групптай хамтарч төмөр зам байгуулахаар ярьжээ. Монголын төмөр зам маань төмөр зам хамтарч тавих дээр тун асуудалтай явааг энд бас цохон хэлэх ёстой л байх.

 

Гэрээний шинэ төсөлд олборлосон нүүрсээ борлуулах маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшихээр яригджээ. Энэ нь мөн л Монголын талын оролцоо хяналтыг нэмэгдүүлж байгаа алхам гэж ойлгогдоно. Ийнхүү Их хурлаас өгсөн чиглэл буюу шинэ болзлыг хангасан шинэ гэрээний төсөл бэлэн болж Их хурлыг хараалж эхэлсэн бололтой байна.

 

Улс төр дэх олон зөрчлийн цаад зангилаа болоод байгаа Тавантолгой дахин анхаарлын төв орж ирлээ. Энэ Засгийн газар намрын чуулган дээр унах дээрээ тулбал зуурах юм нь эцсийн үнэндээ Тавантолгой л байх болно гэсэн гаргалгаа ч байгаа.

 

Дараагийн засаг эмхлэгдэж ямар бонд хаанаас босгож сонгууль хүртэл яаж гэзэгдэх тухай яриа ил цагаан болсон байгаа таагүй фонн дээр намрын чуулган эхлэх гэж байна. Тавантолгойн гэрээ ч засварлагдаад Их хуралд хэлэлцэгдэх дараалалд орохоор хаалга тогшиж байна. Бизнес нь бизнесээрээ, улс төр нь улс төрөөрөө үл хутгалдан яваасай билээ дээ.  

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Таван толгой төслийг гацааснаар Монгол хожсонгүй хожих ч үгүй.Энэ төслийг хувийн сонирхолоор зогсоосон эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй.
2015-09-30
Иргэн:
Таван толгойг гацаасан Зандаахүүгийн Энхболд,Халтмаагийн Баттулга,хуульч нэртэй хулхи Гансүх,Их хурлын нүдний булай шүдний өвчин Эрдэнэчимэг нарыг Бүх ард түмний хуралдайгаар шүүж цөлд 10 жил суулгах ял өгье
2015-09-30
bagi:
Монголын төмөр зам 51 -н төмөр зам барих хөрөнгөө хаанаас гаргах вэ? Улсаас уу? JENCO гаргахгүй нь мэдээж. Яагаад хувийн компаниуд эрсдэлээ даагаад хөрөнгөө гаргаад хариуцлагаа үүрээд төмөр зам бариж болдоггүй юм бэ? Tөмөр замаа битгий л гацаагаарай даа.
2015-09-30
setgel:
HOOSON YARIDAG MONGOLOO GEJ
2015-09-30
irgen:
tavantolgoi odoo hudulguh ni zuw shdee ene ard tumen chine tartagtaa tulah nee sdaa
2015-09-30
Зочин:
Одоо сайханбилэг огцорохоосоо өмнө эзэн оджаргалдаа таван толгойг л авч өгвөл зорилго нь биелнэ
2015-09-30
Зочин:
эргэлтэнд оруулаа
2015-09-30