Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах саналыг гаргаад буй. Энэ таналтаас 2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог Сангийн яам хийжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дарга нарын цалинг 30 хувиар бууруулах эсэхийг шийднэ. Хэрэв тэдний цалинг 30 хувиар бууруулах шийдвэр гаргавал 900 тэрбумаас 1 их наяд төгрөгөөр тасрахдаа тулаад буй улсын төсөвт 2 тэрбумын дусал “нэмэгдэнэ”. Гэрээ нь хийгдээгүй ажил, гадаад томилолт, элдэв сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцааж, цалин, тэтгэвэр, тэтгэмжээс өөр зарлагагүй төсвөөр аргацаахдаа тулаад буй нь энэ.
Улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах санал олон нийтэд таалагдаж буй. “Өндөр цалин авдаг, идэж уудаг баячууд цалингынхаа 30 хувьд гороохгүй” гэх хатгаас ч явж эхэлсэн. Цалингаа хасуулах нөхөд Засгийн газраас шийдвэр гарчихвал хүссэн, эс хүссэн ч дагах л болно. Олон нийтийн дунд тэр дундаа сошиал ертөнцөд “харамч” гэсэн нэр зүүхийг тэд хүсэхгүй. Гэвч энэ арга амь тарианы ганцхан дусал нь. Харин шийдэмгий алхам хийж, төрийн албанд цомхотгол хийвэл төсвийн зардалд бодит хэмнэлт болно гэх бодолтой хүмүүс олон байна.
2014 оны эцсийн дүнгээр Монголын төрд 183 601 албан хаагч ажиллаж байгааг Төрийн албаны зөвлөл танилцуулжээ. Энэ нь өмнөх оноосоо 14 153 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Төрд нэг жилийн дотор 14 153 хүн ажилд орсон гэсэн үг. 2010 онд 155 мянга байсан төрийн албан хаагч 2011 онд 161, 2012 онд 162, 2013 онд 176 мянга гэх мэтээр өсөн нэмэгдсээр 183 мянгад хүрчээ. Жилээс жилд өссөн төрийн албан хаагчийн тоогоор зөвхөн цалингийн зардал нэмэгдэхгүй. Шатахуун, бичиг хэрэг, тавилга гэхчлэнгээр зарлагадах зүйл мундахгүй. Тиймээс нэр төрөө бодож 30 хувьд гороохгүй хүмүүсийн цалингаар оролдож, амь аргацааж байхаар дорвитойхон алхам хийвэл ямар вэ?! Наанадаж л дарга нарын зөвлөх, орлогч гэх олон хүнийг цөөлбөл төсөвт бодит хэмнэлт болно.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр бодож, тооцоо хийсэн харагдана лээ. Тэрбээр АН-ын үед төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар нэмэгдсэн. Ингэхээр жилд зөвхөн цалинд 180 тэрбум төгрөгийг зарлагадаж буй гэсэн үг. Энэ мөнгөөр 150 ерөнхий боловсролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам тавих боломжтой гэжээ. Н.Номтойбаяр гишүүн улс төрийн өнцгөөс асуудалд хандсан байж болно. Гэхдээ төрийн данхайсан бүтцийн талаар ярих цаг болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Нэг сонгуулийн дараа намын, хамаатны, нэг ангийн, нутгийн гэх мэт шахааны хүмүүсээр төрийн алба өргөжин, тэлсээр өдгөө төсөв нь даахгүй хэмжээний данхар болсон. Эргээд цөөлөх ажил ч амаргүй байна. “Төрийн албан хаагч ч хүн, ар гэрээ тэжээдэг” гэх эсэргүүцэлтэй ч тулгарна. Бас хүнд хэцүү цагт хүнээ бодсонгүй гэж улстөржүүлэх ч энүүхний асуудал. Гэвч хэзээ нэг цагт хийгдэх нь шаардлагатай “цэвэрлэгээ”-г одоо эхэлбэл зүгээр биш үү. Хэмнэлт ч хоёр тэрбумаар зогсохгүй биз.
В.Хэрлэн