Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өндөр албан тушаалтнуудын сүүлийн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах санаачилга гаргаж, энэ асуудлыг яаралтай судлахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Ингэхдээ УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын цалинг X, XI, XII сард танах тухай ярьж буй. Яг одоогоор хэдэн төгрөг хэмнэх нь тодорхой болоогүй ч 900 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр тасрахдаа тулаад буй улсын төсөвт бага ч атугай дэм болно биз. Ерөнхий сайдын энэ санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа энэ зуур дайя. Улс төрийн албан тушаалтнууд ч татгалзахгүй байх. Тэд улс орон, ард түмэн гэж хий дэмий ярьдаггүй гэдгээ жижиг гэсэн энэ санаачилгыг дэмжиж харуулна гэж найдаж байна.
Энэ таналтад зайлшгүй оруулах шаардлагатай өөр нэг албан тушаалтнууд бол НИТХ-ын төлөөлөгчид. НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэд улирал бүр 15 000 000 төгрөгийн урамшуулал авдаг. Нэг төлөөлөгч жилд 54 сая төгрөгийн урамшуулал авдаг гэсэн үг. Тэгэхээр НИТХ-ын 45 төлөөлөгч жилд 2 430 000 000 төгрөгийг халаасалдаг болж таарах нь. Энэ жилийн эхний хоёр улирлын 27 сая төгрөг төлөөлөгч бүрийн дансанд аль хэдийнэ орсон гэдгийг НИТХ-ын шилэн данснаас харж болно. Харин одоо үлдсэн хоёр улирлын урамшууллаас таналт хийе. Ерөнхий сайд ч төрд ажиллаж буй улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг танах тухай ярьж буй. Тэнд НИТХ-ын 45 төлөөлөгч багтах ёстой. Тэд намаас сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд. Тиймээс таналт хийгээд зогсохгүй үлдсэн хоёр улирлын урамшууллын өгөхгүй байхад ч буруудах зүйлгүй.
Учир нь НИТХ-ын төлөөлөгч нар жилд хэдэн тэрбумаар нь урамшуулал аваад байх хэмжээний ажил хийдэг хүмүүс биш. НИТХ байнгын ажиллагаагүй. Тоотой хэдхэн хуралдаанд сууж, сонгогдсон дүүрэгтээ тууз хайчилж, алга ташихаас өөрийг хийдэггүй хүмүүс сая саяар нь урамшуулал авах нь зүйд нийцэхгүй. Тэгээд ч НИТХ-ынхны урамшуулалд хэмжээ, хязгаар тавих цаг болсон. Хийх ажилд нь ямар ч өөрчлөлт ороогүй атлаа авах урамшууллын хэмжээ нь жилээс жилд нэмэгдсээр байгааг зохицуулах шаардлагатай.
Монгол Улс аль хэдийнэ хэмнэлтийн горимд орсон. Өдгөө ч Ерөнхий сайд тэвчиж болох бүхнээ тэвчиж, бүсээ чангалсаар байхыг сануулсаар байна. Энэ тэвчиж болох зардалд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал багтах нь зүй ёсны хэрэг гэдгийг дахин давтъя. Бүр НИТХ-ынхан өөрсдөө үлдсэн хоёр сарын урамшууллаасаа татгалзах нь шударга ёсонд нийцнэ. НИТХ-ын төлөөлөгчдийг ч иргэд сонгосон. Тэд иргэд, улсынхаа төлөө урамшууллаасаа татгалзах нь өнөө цагт тэднийг чамгүй сайн эх орончид болгож харагдуулах ч юм билүү.
Улсын төсвийг 900 тэрбумаас 1 их наяд төгрөгөөр танах шаардлага тулгарч буйг Сангийн сайд Б.Болор хэлж буй. Тэвчиж, танаж болох бүх зардлыг хойш нь тавина гэсэн үг. Тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй бүх ажлыг дараа жил рүү шилжүүлнэ. Товчхондоо цалин, тэтгэврээс өөр зардалгүй төсөв. Тэгээд ч байдал хүнд буй учраас дарга нарын цалингийн 30 хувийг хасч, далайд дусал нэмэрлэх гэж байна.
Нэгэнт үүссэн нөхцөл байдлаас буруутан хайгаад тус болохгүй. Тиймээс өнөөгийн нөхцөл байдлаа улам дордуулахгүйн тулд дуслаар ч болтугай аргацаах энэ аргыг дэмжихийг улс төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа НИТХ-аас хүсье.
В.Хэрлэн