Н.Энхбаярын хэргийн анхан шатны шүүх хурлаас хойш телевизээр таван өдрийн турш “full HD”-ээр олон нийтэд нээлттэй явагдсан өөр нэгэн шүүх хурал шийдвэрээ гаргажээ. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх хэнд ч байхгүй л гэдэг.
Гэхдээ энэ шүүх хурлын явцыг тойрсон шүүмжлэл, жиргээ постоор соршиал ертөнц хахаж бөглөрөх шахлаа.
Энд бараг шүүхийг шүүхийн дайтай хэлэлцүүлэг өрнөх шиг болов. Хэдэн жилийн өмнө экс ерөнхийлөгч Н.Энхбаяр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй дамжуулснаараа шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг зорьсон давхар санаатай байсан нь нууц биш. Аль нэг тал шүүхийн аливаа шийдвэрийг зөвшөөрөхгүй байх бол хэвийн үзэгдэл. Энд мөн л хүний эрхийг дээдлэх хэм хэмжээ яригдана. Тийм ч учир давж заалдах шатны шүүх гэж байдаг.
Шүүхийг зөвхөн хүнд ял өгдөг газар гэсэн ойлголт нийгэмд улам бүр зузаарч байгаа нь ажиглагдаж байгааг энд хэлэхийг хүслээ. Үүнд улстөрчдийн нөлөө явуулга их болж байгааг ч хэлэх ёстой юм. Шүүх нотлох баримтад тулгуурлан гэм буруутай бол хуулийн хүрээнд ял зэм хүртээж, гэм буруугүй нь тогтоогдвол цагаатгадаг.
Энгийн ойлголтоор хэрэг шалгах явцад бүрдүүлсэн мөрдөн байцаагчийн хавтаст хэрэг, түүнийг хянан харж дүгнэлт гаргасан прокурорын яллах дүгнэлтийн зөв эсэхийг дахин шүүж гэм буруутай эсэх талаар эцсийн шийдвэр гаргадаг газар нь шүүх. Энэ талаар “Хүний эрхийг хамгаалах эцсийн найдвар бол шүүх” гэж Ц.Оюунгэрэл гишүүн маш зөв хэлсэн байна лээ.
Шүүх ял өгдөг газар, шүүгчдийг хүрэл чулуун зүрхтэн мэтээр төсөөлөх нь нэг талаас нийгэм олон нийт хуулийн мэдлэг муутай байгаагийн илрэл гэж болно. Нөгөө талаас нийгмийн ухамсрын энэ сул тал дээр дөрөөлж шүүхэд үл итгэх, агаар бий болгон өөрсдийн сонирхлоор шүүхэд нөлөөлөх гэсэн санаатай явуулга газар авч буйд сэрэмжлэх цаг иржээ. Үүнийг Л.Гансүх нарын хэрэгт хамааруулан бичээгүй болохыг онцлон хэлье. Цаашид ч аливаа хэргийн үнэн зөвийг тогтоох шүүн дэнслэхэд шударга ёсны асуудал тавигдсаар байх тул энэ сэдвийг хөндөж байна.
Урьд урьдын шүүхийн практикт ямар “уламжлал” байсныг сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч хоёр ч удаа улстөрчдийн холбогдсон хэргийн шүүх хурал телевизээр шууд дамжуулахыг харлаа. Бидний мэдээгүй, мэдэхгүй өнгөрдөг олон үнэнийг ил болгосон энэхүү шүүхийн “шууд” эфирийн ач холбогдол их байлаа. Мөн ийм шууд дамжуулалтын сенсаацаар шүүгчдэд дам байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого гарч байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Телевизийн эфирээр дамжин олон нийтэд шууд хүрсэн шүүхийн үйл ажиллагаанд өгч буй хүмүүсийн санаа бодол дүгнэлтэд шүүхийн талаар “олон ургальч” үзэл хангалттай байлаа. Туйлшрал мэдээж байгаа. Гэхдээ бараг бүгд санал нэгдэж байгаа зүйл бас ажиглагдаж байна. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулийг яаравчлуулах хэрэгтэй болжээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль буюу шинэ төслөөрөө Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх нэртэй болж байгаа хуулинд хүний эрхийн хамгаалалтыг үнэхээр өөр түвшинд тавих хэрэгтэй болсон байна. Байцаагч прокурор нь хоёул яллах сонирхолтой нэг тал болчихвол хэрэгт шалгагдах явцад хүний эрхийн тухай асуудал юу ч биш болж хувирч болохоор болжээ гэсэн дүгнэлтийг шүүх хурлыг шууд үзсэн олон нийт хэлж байна. Ийм нөхцөлд ёстой шударга ёсны эцсийн найдвар нь шүүх болж үлдэхийг бас харлаа.
Энэ удаагийн шүүх хурлын бүрэлдэхүүн Б.Мөнгөнтуяад ялын дүгнэлтээр оноосон 7.5 жилийн ялыг торгуулийн ял болгон өөрчиллөө. Ид залуу насныхаа долоон жилийн амьдралаа торны цаана өнгөрүүлэх мөч дээр тулж ирсэн энэ эмэгтэй ямар нэг хэмжээгээр хэргийг нь үнэн зөв тогтоогоогүй гэдгийг шүүхийн өмнө тодорхой үндэслэлтэйгээр зоригтой хэлж чадлаа. Шударгаар хэргээ шийдүүлэх эцсийн боломж нь шүүх гэдгийг мөн олон нийт ямар нэг байдлаар харлаа.
Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарын холбогдох хэрэгт хийсэн шинжээчдийн дүгнэлт болоод мөрдөн байцаах ажиллагаанд авагдсан нотлох баримтууд хангалттай тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхээс үзсэн гэж хэлж болно. Шүүхийн шийдвэрийн мөн чанар энд л байгаа. Энгийн үгээр бол шүүх нь дан ганц яллах бус үнэн мөнийг тогтоох процесс.
Гэхдээ Гансүх нарын хэрэг эхнээсээ улс төржсөн байсан нь энэ хэрэгт их төвөг учруулах шиг боллоо. Н.Алтанхуягийн Засгийн газрын санаачлан хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг энэ шүүх хурлаар шүүгээгүй. Хуулийн байгууллагаас хэрэг гэж үзээд мөрдөн байцаалт явуулж, прокурор нь хянаж үндэслэлтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлыг өөрийг нь шүүх хэмжээнд хүртэл нь улс төржүүлэхийг бид харлаа даа.
Яг л Өршөөлийн хууль шиг. Үнэхээр их улс төржүүллээ. Хоёр туйлд гарчихсан гэж болохоор. Ийм тохиолдолд маш хэцүү. Хэрэгт шинээр авагдсан нотлох баримтыг авч үзээд ялыг хөнгөллөө гэж бодоход авилгач нарт үйлчилсэн “шүүх” болно. Тодорхой гэм буруутайд нь ял оноочихоор захиалгаар ажилладаг бусдын гар хөл болсон “шүүх” гэж цоллоно. Ийм дарамт шүүхийн хувьд юу ч биш байж болох ч шүүгч нь өөрөө бидний адил хүн байх тул бас хэцүү байдаг биз.
Зарим нэг том гэх хэрэгт цаанаа улс төрийн нөлөө орсон гэх хардлага байж болох ч үүнд шүүх ажиллагааг хутгах нь дэмий юм. Хэрвээ та энэ хэрэгт шүүгч байсан бол гээд асуувал хүн бүр өөрийнхөөрөө шийдвэр гаргана. Үүнд жишээ болгоход нүүрс тойрсон хэрэг болоод түүний шүүх хуралтай холбоотой бичсэн мэдээ нийтлэлийн доорх сэтгэгдлүүдийг харахад аймшигтай дүр зураг бууна. Зарим нь ууч сэтгэлээр өршөөнө. Зарим нь бараг бүгдийг нь жагсаагаад буудна гэнэ. Ийм хэмжээгүй туйлд гарахгүй, нотлох баримтад тулгуурлан хуульд нийцүүлж шийдвэр гаргаж чаддагаараа бие даасан хараат бус шүүх байгаа юм.
Төрийн машин буруу ажиллаж хүний эрх гэдэг үнэт зүйлийг устгахаас бид сэрэмжлэх ёстой. Гэхдээ хараат бус “шүүх”-ээ өөрийг нь шүүгээд эхэлбэл бид хэмжээгүй эрхт нэг ХААН-ыг л хүсэмжлээд байгаа болно доо.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/