Энэ парламент намрын отгон чуулганыхаа өмнө хоёр ч удаа ээлжит бусаар хуралдаж, “дотоод” асуудлаа шийдвэрлэлээ. Эрх баригчид МАН-тай хамтарсан гэрээгээ цуцалж, Засгийн газарт сэлгээ хийж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд найр тавьж байгаа нь сайндаа ч биш, угтаа ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа базаасных гэж олон нийт үзэж байна. Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал хоёр ч удаа ээлжит бус чуулганыг зарлуулахад хүргэж, хугацаа их алдлаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Энэ нь АН дахь фракцуудын нөлөө, тэр дундаа намын дарга, Ерөнхий сайд хоёрын үл ойлголцлоос үүдэлтэй, дээр нь дуртайдаа бус эрх ашгаараа нэгдэн хамтарч байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс”-ын зүгээс ирэх дайралт, барьцаа гээд улс төрийн ээдрээтэй үзэгдлүүд албан тушаалын томилгоонд нөлөөлсөн биз.
Энэ удаагийн Засгийн газрын гишүүдийн томилгоо улс төрийн шахааны хүнээс бүрдсэнийг нийгэм шүүмжилж байна. Барилга хот байгуулалт гэх инженерийн ухаан шаардсан гол салбарт мэргэжлийн бус төдийгүй төрийн алба, удирдахуйн ухаанд мэргэшээгүй хүнийг томилсон. Хэнийг сайдад, хэнийг сул гишүүнээр үлдээх нь хамтарсан улс төрийн хүчнийх нь мэдлийн хэрэг болохоор эрх баригчид хийгээд Засгийн газрын тэргүүн чимээгүй хүлээж авсан биз. Шинэхэн Сангийн сайд Б.Болорыг АН-ынхаа ирэх сонгуулийн зардлыг төсвөөс бүрдүүлэх үүрэг аван томилогдсон байх гэж хардлага байна. Учир нь нэгэнтээ сонгуулийн жил эхэлсэн. Намрын чуулганаар ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх хэдий ч намуудын сонгуулийн зардал хамгаас чухал нь. Ер нь аль ч нам эрх баригч байсан сонгуулийн жилд улсын төсөв, нийгэм эдийн засаг ямар байх нь чухал бус сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлэх зорилго агуулах нь тодорхой. Тиймээс ч олон нийтийн хардах нь зүйн хэрэг.
Харин АН-аасаа сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд намын даргатайгаа үг сөрөн байж бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан. Ерөнхий сайдтай эрх мэдлийг нь булаалцалдах эрх бүхий хүн З.Энхболд. УИХ-ын даргын захирамжилж, АН-ын даргын хувиар тушааж, нөгөөтэйгүүр “ялсан намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн хуулийн заалтаар ч өнөөдрийн нөхцөл байдалд З.Энхболд бол Ерөнхий Ч.Сайханбилэгийн хамгийн “бүдүүн” дарга болоод буй.
Тиймээс ч “сайд нарын томилгоог намрын чуулганаар өргөн барьж, өвлийн бэлтгэлээ базааж, намрын ажилдаа яаравчилъя” гэсэн Ерөнхий сайдын шийдвэрийг “дээрээс” тас хорьж, сайд нарын нэрсээ оруулж ирэхийг шаардаж, шахсан билээ.
Нөгөөтэйгүүр өөрсдөдөө зориулан баталсан гэх тодолтголтой Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан хэдий ч Өршөөл үзүүлэх хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж амжилгүй ээлжит бус чуулганыг хаалаа. Нэгэнтээ ээлжит бус чуулганыг хаах, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, шийдвэрлэх хуулийн хугацаа тулсан байлаа. Ингээд парламент ээлжит бус чуулганаа хуулийн хугацаанд хааж, харин Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Дээд шүүхээс тайлбар авахаар хүргүүлж, Дээд шүүх нь Цэцээр шийдвэрлүүлэхээр илгээсэн. Ийнхүү Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл гацсанаас намрын чуулган хүртэл хойшиллоо. Харин Өршөөлийн хуульд хамрагдах горьдлого тээсэн хүмүүс төрийн шийдвэрийг хүлээсээр хоцров.
Зун, намрын халуун өдрүүдэд сайд нарын халаа сэлгээ хийн цаг, ажил алдан хоёронтоо хуралдсан парламент ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлаа бүрэн шийдвэрлээгүй, сунжрууллаа.
Засгийн газрын тухайд ч томилгоо бүрэн дуусаагүй, дэд сайд нарын томилгоо хийгдээгүй байна. Дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар томилдог. Дэд сайд нарын томилгоон дээр ч асуудал үүсээд, улс төрийн намууд дотроо бужигнаж байгаа сурагтай. Өнөөдөр Засгийн газрын хуралдаантай. Хэрвээ улс төрийн тохиролцоонд хүрсэн бол Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нараа томилох биз ээ.
Ийнхүү “их тулааны өмнөх нам жим” гэдэг шиг энэ парламент намрын отгон чуулганаа эхлүүлтэл түр амсхийн завсарлаад байна. Намрын чуулганаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд амрах байтугай амсхийх завгүй өдрүүд үргэлжилнэ.
Н.Энхбат
Уншиж байна |