Хэн хуучны ТМС-д орох вэ дээ
2015-09-17

“...Одоо бол 3 баялаг бүтээгч дунд нэг тэтгэвэр авагч ногдож байгаа” гэж С.Эрдэнэ сайд мэдэгджээ. Үүн дээр нь нэмж асуухад ажилгүйчүүдийн армийн хэд нь залуучууд байгаа вэ. Солонгост ажиллахаар бүртгүүлэх залуусын урт дараалал бараг хариултыг нь хэлээд өгнө л дөө. Залуучуудын орон гэдэг манай улсад энэ бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн талаар урт холын бодлого хөтөлбөр байна уу. Тэтгэвэр тэтгэмж халамжийг яаж ийгээд шийдчихдэг улс залуусаа ажлын байраар хангачихаж чадахгүй юм.

 

МСҮТ байгуулаад залуусыг сургана, ажлын байртай болгоно гэсэн зөв чигтэй ч төгс хэрэгждэггүй нэг төсөлтэй. Уг нь хоосон дипломны гол болж мөнгө цагаа үрж яваа залуус мэргэжлийн сургууль руу шилжиж орох хөшүүргийг бодож олох байсан. Төлбөрийн зөрүүг бол энд тооцохгүй. МСҮТ-ийн төлбөр их дээд сургуулийн төлбөрөөс хэт бага байгаа нь харин ч хуучны ТМС болохоороо хямдхан байгаа гэсэн шоглол болдог.

 

Энэ жил элсэгчдийн тоо бага байгаа нь их дээд сургуулиудыг хүн голохгүй оюутан элсүүлэхэд хөшүүрэгдсэн гэхэд болно. Тэд төлбөрөө нэмж, орой, эчнээ ангиудыг олноор нээж босго оноо нь хүрэхгүй байсан ч элсэгчдийг бүртгэж, хаалгаа барьчихгүй үлдэхийн төлөө үзэлцэж байгаа гэж хэвлэлээр бичсэн байсан. Бараг үнэн байх. Ид хавтгай байх 2009 оны үед мэдлэг чадваргүй дээд боловсролтонгуудыг бэлддэг 200 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо бол 100 орчим л их, дээд сургууль үлдсэн гэсэн. Гэхдээ манайдаа бол олон.

 

Өнгөрөгч хавар төрийн өмчийн 15 их дээд сургууль коллежид 15785 оюутан, хувийн хэвшлийн 72 их дээд сургууль коллежид 10500 оюутан элсүүлэхээр хяналтын тоо гаргаж өгч байсан байж. Энэ дунд төр дэмжээд байгаа ч коллежид элсэх оюутны тоо нэмэгдэхгүй байгаа юм. Худлаа ч гэсэн дээд гэсэн нэртэй сургууль оноо босго хамаагүй элсэлт аваад байхад МСҮТ, мэргэжлийн чигтэй коллежийг зорих амьдралын ухаантай хүүхдүүд тийм ч олон гарахгүй.

 

Санал бол их энгийн байна л даа. Нэгэнт элсэлт байхгүй болоод жилээс жилд байдал нь хүндрээд байгаа зарим нэг хувийн хэвшлийн дээд сургуулийг МҮСТ болоход төрөөс дэмжиж өгөөч. Хувийн хэвшлийг хөшүүрэгдэж энэ зайд татан оруулж ирж чадвал МСҮТ-ийг хуучны ТМС /Техник мэргэжлийн сургууль/ гэсэн баринтагнаас нь салгаад хүүхэд залуусыг татах сүрхий менежмент хийж чадна даа.

 

Одоо харахад л хувийн хэвшлийн мэргэжлийн сургалтын төвийн менежмент сурталчилгаа улсын сургуулийнхаас огт өөр. Зорилтод бүлэгтээ хүрч төлөвлөсөн тоондоо хүнээ аваад гайгүй сайн сургачихаад л байгаа харагддаг. Улсын нэртэй сургалт үйлдвэрлэлийн төвүүд улсаас хөрөнгө мөнгө аваад л, янз бүрийн анги өргөтгөл нээж тууз хайчлаад л байдаг. Хүнээ татах сургуулийнхаа мэргэжлийн боловсролын нэр хүндийг өргөх тал дээр хийж байгаа зүйл мэдрэгдэхгүй юм.

 

Нэг бол хэдэн ийм сургууль нь элсэлтэндээ тулчихсан байдаг байх. Тийм бол цаана нь ажилгүй залуусын арми шахуу юм байна. Хувийн хэвшлийн дээд сургуулиуд ийшээ ороочээ гэмээр. Төр сайхан дэмжээд тохижиж томроход нь туслаад оюутан хүүхдүүдийнх нь төлбөрийг зээлээр гаргаад үнэхээр сайн мэргэжилтэн бэлтгэж ажлын байранд зуучлаад байвал гэрэл цахилгааныг нь хөнгөлдөг ч юм уу, энгийн хараад хийчихмээр зүйл зөндөө л байгаа санагдах юм. Баялаг бүтээгчдийг бүгдийг нь байтугай талыг нь ч дээд сургуулиас бэлдэхгүй шүү дээ.

 

МСҮТ гэдэг энэ нэрийг нь солимоор юм. Хүүхдээ оруулах гэхээр “яах юм бэ, найзууд шоолно” гээд байхын гэж нэг танил ярихыг сонссон. Сайхан чадвартай мэргэжилтэй болохын тулд дээд сургуульд сурах хэрэггүй ч сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн хөгийн сургуульд нэрээ бичүүлж явахаар “дээд” гэсэн нэг юманд явж л байя гэж төөрөлдсөн алтан гартай токарьчид, машин байтугайг зохиочих инженерүүд зөндөө л байгаа. Тэдний ихэнх нь нэг мөсөн төөрөлдөөд бизнесийн удирдлагын гэсэн гоё нэртэй ангид орчихсон шоудахыг сурч яваа даа.

 

Мэргэжлийн боловсролыг дэмжинэ гэхийн наана цаана сүр бололгүй хийчих юм их байна шүү.

Бүгд улстөрчид нэг бол цэцэрхэгч жиргээч болсон энэ үед баялаг бүтээгчдийг дэмжихийн зэрэгцээ тэдний шинэ үеийг төрүүлэх том аян өрнүүлэх хэрэгтэй санагдана.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-10-04
Зочин:
11-11
2015-09-17
зочин:
Шал дэмий үг. Тэнэг амьтад л ийм юм ярьж яваа болов уу.Одоо ухаалаг залуус харин ч хоосон нэрнээс цаашгүй дээд сургуульд сурах бус харин чадварлаг мэргэжилтэн болж өндөр үнэлгээтэй ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болсон.Сэтгүүлч өнгөрсөн 90 ээд оны хоцрогдсон сэтгэлгээг илэрхийлсэн байна. Одоо нэг айлын гэрийг саяар засаад сардаа хэдэн саяыг хийдэг сайн засалчин бүсгүйчүүд пээдийгээд явж байна шүү дээ.Жип уначихсан туслах дагуулчихсан явж байгаа ийм мэргэжилтэй ажилтан лангуу сахьсан дээдийн диплом өвөрлөсөн ядуусыг хараад нулимна биз дээ.
2015-09-17
лхагва:
vг хоохоор vхэр хоо гэж монголчууд хэлцдэг утга чанарыг барьж олон тvмэнд зов мэдээлэл огч чадахгvй бол цаас цоохорлоод юу хийх вэ хуучны ТМС ч гэх шиг МVСТ ч гэх шиг нэршил чухал биш их юм сургадгvй байж их сургууль гэж нэрлээд залуусын толгойг эргvvлж байна аль нь ч гэсэн эцэстээ амьжиргааны арга барилд л суралцаж байгаа ш дээ хvн юуны омно амьдрах гэж амьд явах гэж л тордог эрдэмтэн эсвэл дарга болох гэж тордгvй хэн ч гэсэн хийсэн бvтээснээрээ чадаж байгаа ажил ходолмор бvтээлээрээ л бахдаж таашаал урам авч vр дvнд нь сайхан амьдардаг
2015-09-17