УИХ-ын ээлжит бус чуулган Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар хүлээж авлаа. Хоригийг хүлээж авснаар асуудал бүрэн шийдвэрлэгдсэнгүй.
Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталсан. Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзсэн.
Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсний дараа Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдсан. Ажлын хэсгийнхний хуралдаан ширүүхэн явагдсан бололтой. Ямартай ч Өршөөлийн хуульд нэмэлт оруулахдаа хоригт хамаарах зарим заалтаас “сугалж”, өршөөж үлдээхээр ажлын хэсгийн зарим гишүүн сэм хуйвалдсан бололтой дог. Ажлын хэсгийн зарим гишүүн ч гэж дээ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нарыг цоллож байна. Нэгэнтээ энэ хоёр эрхэм Засгийн газарт хамтарсан намын гишүүд. Тиймээс ч АН хийгээд МАХН-ын захиас даалгаврыг өвөрлөн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орж, намаасаа Шадар сайдын албан тушаалын “шагнал” хүртсэн шинэхэн сайд Ц.Оюунбаатар гишүүн ахлагчаар нь томилогдсон. Хэдийгээр Өршөөлийн хуулийг Засгийн газраас өргөн барьсан ч өнгөрсөн гурван жилийн турш парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан автор нь Ц.Оюунбаатар гишүүн. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс жагсаалтаар парламентад сонгогдсон эрхэм гишүүн намын даргаа өршөөлд хамруулах үүрэг хүлээн, ганц хуулийн төслийг гурван жил ярьж, эдүгээ өрөөлийн автороор батлуулсан хэдий ч Ерөнхийлөгчийн хориг гацаа үүсгэсэн.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараагаар ажлын хэсэг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхэд гишүүн Ц.Нямдорж “Ажлын хэсэг авлига, албан тушаалыг өршөөх заалтаа ахиад оруулаад ирлээ. Хоригийг хүлээж авсан гэж зальдахаа боль” хэмээн бухимджээ. Уг нь ч гишүүн Ц.Нямдорж Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст багтсан. Хуульзүйн байнгын хорооны гишүүд, тэр дундаа ажлын хэсгийнхэн хоорондоо ширүүхэн маргалдсан бололтой. Тиймээс Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхэд АТГ-ынхныг байлцуулах санал гарч, улмаар өнөөдөр хуралдуулахаар хойшлуулжээ.
УИХ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсны дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоригийн хэлбэрийг авлаа. Агуулга нь үлдсэн. УИХ хоригт дурдсан өршөөх, эс өршөөх хэргүүдийг хуульд нэмэх ёстой. Хоригийг хүлээж авах явц дуусаагүй байна. Хамгийн гол нь авилгын хэргүүдийг өршөөлд хамруулахгүй заалтыг нэмж тусгах ёстой. Хориг тойрох гэж хөгөө чирсээр...” хэмээн жиргэжээ.
Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсан хэдий ч нийгмийг талцуулсан асуудал дуусаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламент хүлээж авсан хэдий ч хэрхэн хуульчлагдах нь түшээдийн өнгө, авираас хамаарах бололтой.
Н.Энхбат