Ээлжит бус чуулган эхний асуудлаа шийдвэрлэж, Засгийн газрын 6 гишүүнийг томилон, танхимыг бүрэн болгов. Шинээр томилогдсон Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нараас салбартаа шинэ бодлого хэрэгжүүлж, шинэ дэвшил гаргана гэж найдаад, итгэл тавих сэтгэлзүй нийгэмд алга. Салбартаа очоод албан хаагчдыг бужигнуулж, ажлыг нь самарчихгүйхэн хуулиа мөрдөж ажиллаасай гэж л харцгааж байна. Томилогдсон сайд нар салбартаа мэргэжлийн, мэргэшсэн, мэдлэггүй гэх санал шүүмжлэл олны дунд яригдсаар томилогдлоо. Ямартай ч салбарынхан нь ажлаа дор бүрнээ хийгээд явна, сайд гэдэг туг, тамга барьсан улс төрийн албан тушаалтан. Тиймээс хүрз барьж, тоосго өрөөд суухгүйгээс хойш хуулийг нь чанд мөрдөх нь тэдний үүрэг. Дээрээс нь намын даргынхаа захиас даалгаврыг өвөртлөн томилогдож байгаа. Хуулийн цоорхойг ашиглан, салбарын бодлогыг доголдуулчих вий гэсэн хардлага нийгэмд байгааг шинэ сайдууд эрхбиш мэдэж байгаа байх.
Нэгэнтээ шинэ сайдуудаа томилсон ээлжит бус чуулган үргэлжлүүлээд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авлаа. Албан тушаалаа хууль бусаар ашиглан бусдаас авлига, хээл хахууль авсан этгээдүүдийг өршөөлд хамруулахыг Ерөнхийлөгч төдийгүй нийгэм эсэргүүцэж байгаа. Тиймээс ч УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ИЗНН, бие даагчид Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжин хүлээж авахаа илэрхийлсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг тэр дундаа МАХН-ын гишүүд хоригийг эсэргүүцэж байгаа. Цаашлаад МАХН-ын даргаа цээжээрээ хамгаалж, хөдөлмөрийн хүчээ өндрөөр үнэлүүлж, сайдын албан тушаалаар “шагнуулаад” байгаа З.Баянсэлэнгэ Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд хэсэгчлэн бус бүхэлд нь хориг тавьсан гэж үзэн, байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярыг гараа занган хашгирч суусан.
Ерөнхийлөгчийг хоригийг парламент хүлээж авах нь нэгэнт тодорхой болсон энэ үед ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлэг хугацаа хожин, гарц хайх үүднээс тав хоногийн завсарлага авлаа. Ер нь Өршөөлийн хуулиар МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг өршөөгдөхгүй, уучлалд хамрагдсан хүнийг дахин өршөөдөггүй гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдэж байсан. Нөгөө талаас “Н.Энхбаяр даргаа өршөөлгөх гэж Өршөөлийн хуулийг хамгаалаад байгаа юм биш” хэмээн гишүүн З.Баянсэлэнгэ тайлбарладаг. Тэгвэл Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсныг яагаад “бүхэлд нь тавьсан” гэж түүнийг хоолойгоо чичрүүлэн чанга хашгираад байгааг олон нийт эсэргүүцэж “авлига, хээл хахуулийн хэргийг өршөөлд хамруулж, даргыгаа сулахаар тэмцэж байна” хэмээн хүлээн авч байна лээ. Энэ нь нэгэнт тодорхой. Дээрээс нь Н.Энхбаяр гэлтгүй АН, МАН-д ч энэ хэргээс мултрах, чөлөөлөгдөх журмын нөхөд байсан. Тиймээс УИХ өөрсдөдөө зориулан баталсан хуулиа эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Хэсэг бүлэг нөхдөө хамгаалах гээд намын нэр төрийг навс унаган, ирэх жилийн сонгуулийн дараагаар хамтаараа лааз өшиглөж, ордон тойрч гороололтой биш. Журмын зарим нөхрөө хамгаалах гэж хууль гаргаад олон түмний эсэргүүцэлтэй туллаа, эдүгээ буцаахаас өөр гарцгүй.
Одоо нэгэнтээ Засгийн газар бүрдэж, галт тэрэг хөдөлсөн энэ үед эвслийн сайд нарыг татах асуудал гарахгүй, Засгаас гарах хоншоор ч дутах байх. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараагаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэхдээ өөрчлөлтийг хэрхэн хийх, хуулийн цоорхойг хэрхэн ашиглах, зарим нэг хүнийг хэрхэн өршөөлд хавчуулах гээд Засагт хамтарсан, хамтраагүй хүчнүүд ирэх өдрүүдэд хэлэлцээрийн ширээний ард ярилцах биз.
Тэр дундаа “Шударга ёс” эвслийнхэн, Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч эрх баригчдад Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхэд “зөвлөгөө” өгөх талтай. Ээлжит бус чуулганыг хугацаанд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хүртэл “түгжиж” байгаад гарц хайцгааж эхэллээ, улстөрчид.
Н.Энхбат