Хонх дуугарлаа гэдэг шиг нөхөн томилогдох зургаан сайдад нэр дэвшигчид баасан гарагт тодорлоо.
За бараг л ярьсан тохирсноороо болсон юм байна. Хоёр “Э” дарга нар хэн хэнээ бодоод яам гэдэг бялууг хэрхэн хуваасныг Ерөнхий сайд нэрлэлээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан сайд зэрэг төрийн ажил үүрүүлэхээр урдаа гаргаад барьчихдаг МАХН-ны луухруудын нэр алга. Тоглоомын юм шиг засгийн газарт хэдэн сар сайд хийж нэрээ баастахгүй гэсэн амбиц гаргасан юм шиг л харагдаж байна. Гэхдээ нэг хүний намд байгаагаа мартсан мэт Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ноднин Н.Энхбаяртайгаа нээх сүрхий мууцалцсан гэсэн. Зуугдсан байхыг үгүйсгэхгүй.
Н.Батцэрэг нарын хашрууд их мөнгөтэй дараа толгой ороох яамнаас бултаж бэлэн их орлогогүй ч мөнгөөр тасардаггүй бэлэглэлийн ногоон яамыг аваад үлджээ. Саяхан даншигийн Миссийг мэдрэмтэй харж тодруулсан гишүүн М. Зоригт Зам тээврийн сайд дээр нэр тавигджээ. Тавантолгой болоод төмөр зам дээр араас өгсөн командаар ажиллах амлалттай гарчихаагүй бол бие даасан байж болох л хүн гэж зарим нэг нь магтах юм билээ. З.Баянсэлэнгэ гишүүн Барилга хот байгуулалтын гэдэг баахан мөнгө бүтээн байгуулалт, тендер авилга эргэлдсэн яаман дээр нэр тодроод ирлээ.
Мэдээж МАХН-хан Баянсэлэнгийгээ яам аваад явчих хэмжээнд хүрсэн гэж нэр дэвшүүлээгүй байх. Н.Энхбаяр дарга нь хоёр талын бодолтой л энэ бүсгүйг сайдад гаргасан байгаа л даа. Нэг талаас өөртөө үнэнч зүтгэсэн хүнд мэдлэг чадвар үл харгалзан төрийн албан тушаалыг өгч ирсэн хуучны барилаа гаргасан. Нөгөө талаас намайг шүүмжилж зуулгавал хэн ч байлаа хойшоо болно шүү гэдгийг нэр бүхий хэдэн нөхдөд болон ойр шадарлагч нартаа харуулсан хэрэг. Цааш бодвол чих зөөлөнтэй гар султай бүсгүй хүний гараар могой бариулж намдаа сонгуулийн мөнгө харсан ч явдал байгаа байх.
Хүмүүс "нөхвөр" сайд нарын нэрс тодроход З.Баянсэлэнгэ гишүүн дээр элдвээр л ярьж хэлж байна. Гэхдээ З.Баянсэлэнгэ нь идэж уухаас хол байсан тулдаа нэр цэвэр гэдгээрээ бараг энэ 76 гишүүн дотроо гэнэ . Улс төрийн карьерийн хувьд нэг хүнээс хамааралтай гэж гоочлуулаад байгаа юм.
Гол зүйлдээ ороход төрийн сайд хийх чадвартай хүнийг гаргаж ирж томилох тухай бол ярилтгүй болоод байна. Бид мэргэжлийн салбарын хүнийг сайдаар тавих тухай их буюу мэргэжлийн сайдтай болох талаар их ярих болсон. Санаа нь их зөв ч манайд сайд гэдгийг ярихын тулд түүнийг томилдог хүчин ямар байх, томилгооны цаадах бүлэг фракц буюу сонгуульд мөнгө хандивлагчдийн төсвийн хөрөнгөөс “хусах” сонирхол нь хэр их байхаас хамаарч байгааг тооцох ёстой юм байна.
Үүнийг өнгөрсөн гуравхан жилийн доторх хоёр ч удаагийн сайдуудын томилгоо тодоос тод харуулаад өгч байна. Одоо яах вэ. Яамдыг яаж хуваасныг харчих. Ийм төр авилгаас яаж салах билээ. Энэ талаар дараа үргэлжүүлэн ярилцах ёстой шүү.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/