“Өөрсдөдөө таалагдсан хууль битгий батлаад бай”
2015-09-04

Гэрэл зургийг MPA.MN

 

Парламентад суудалгүй улс төрийн намын удирдлагууд  сонгуулийг шударга явуул, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад хэрэггүй гэсэн эрс тэс байр суурьтай байна.   Эрх баригч, сөрөг хүчин болох АН, МАН-д шүүмжлэлтэй хандаж,  бусаддаа ээлж халаагаа өгөх цаг болсныг шуудхан хэлж байлаа.  

 

Сонгуулийг хэрхэн явуулах, сонгогчдын саналыг автомат машинаар тоолох нь зөв үү, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу  эсэх талаар   улс төрийн 20 хүчний удирдлагууд  саналаа солилцсон уулзалтаар  парламентын гаднах намуудын бухимдлаа сайн тайлж авав.  Ингээд улс төрийн намуудын удирдлагууд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

Системийн гүн хямрал руу орчихлоо

 

МУНН-ын дарга н.Батболд:

 

-Үндсэн хууль, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулъя гээд 3 жил боллоо. Зөвхөн өнгө засал хийгээд асуудлаа шийдээд явах гээд байна.  Монгол Улс системийн гүн хямрал руу яваад орчихлоо. Үндсэн хуулиа бид өөрчлөх ёстой.  Монголын төрийг эзэнгүй болгох заалтыг өөрчлөх ёстой. УИХ бол зөвхөн хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ыг төрийн дээд байгууллага гээд заачихснаас болоод гүйцэтгэх засаглал руугаа ч, шүүх эрх мэдэл рүү ч дайрч орж байна.

 

Чадвар муутай хүмүүс парламентад орж ирж байна

 

Эх орон намын нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар:

 

-Улс төрийн намын тухай хуультай хамт энэ асуудлыг ярьж болохгүй гайгүй боллоо гэж ярьж болохгүй. МАН төрийн эрх барьж байх үедээ энэ асуудлыг ярьсан бол олон нийтийг илүү татах байсан байх. Гэхдээ мориноосоо буучихаа ярьж байгаа нь хожимдсон асуудал болжээ.  Дараагийн сонгууль хүртэл шүүхдэж байгаад парламентад орж ирж байна. Энэ асуудлыг зогсоох хэрэгтэй. Эрх барьж байсан хүнийхээ тоогоор шүүхдээд парламентад орж ирж байна. Энэ үзэгдэл 2004 оноос хойш бий боллоо. Улстөрчид өөрсдийнхөө намыг шүүмжилж олон түмэнд өөрсдийгөө шударга мэт харагдуулж  дүр эсгээд байгаа нь буруу. Парламентчдын дийлэнх нь бүлэглэлийн нөлөөнд орсон байна. Тийм учраас чуулганы хуралдаанаар асуудал шийдвэрлэх гэхээр хуралдаандаа суудаггүй. Ирц бүрдүүлдэггүй. Тиймээс асуудал шийдэгдэхгүй байна. Дээрээс нь улс төрийн чадвар муутай хүмүүс парламентад орж ирсэн байна шүү. Парламент ёс зүйгүй байна. Намууд нэр дэвшигчдэдээ тодруулахдаа зөв хүнээ нэр дэвшүүлэх нь зүйтэй байна.

 

Фракц, бүлэглэл төлөөлсөн хүмүүс гарч ирлээ

 

Хамаг Монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Одсүрэн:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт намуудын хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг заавал Намуудын тухай хуультай холбож өгөх ёстой. Намуудын сонгогдсон эсэхийг СЕХ шийднэ гэж намуудын тухай хуулиар явж байна. Энэ хуулийн төсөл дэмжигдээгүй.  2012 оны сонгуулиар бүрдсэн парламент өөрсдөдөө таалагдсан хууль баталлаа. УИХ-ын гишүүн нь хуралдаа ирдэггүй, бүлэг, фракцын эрх ашгийг хамгаалж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дараагийн УИХ нь хэлэлцэх ёстой байх. Намуудын тухай хууль парламентад суудалгүй намууд саналаа өгсөн. Намуудын рейтэнг одоогийнх шигээ байхгүй. Хар машин, холимон системээр парламентад суудалгүй намууд сонгогдохооргүй байна. Холимог тогтолцоогоор явуулъя гэвэл томсгосон тойргоо болих хэрэгтэй.  Фракц, бүлэглэлийн амбицийг төлөөлж байгаа гол хүмүүс жагсаалтаар нэр дэвшиж орж ирэгсэд. Хэрвээ өмнөх хууль шигээ намын дээр жагсаачихвал дахиад л фракц, бүлэглэл төлөөлсөн хүмүүс гарч ирнэ. Тиймээс  намын жагсаалтаар нэр дэвшүүлэх бол нэрсийг нь бич.

 

Барьцааны улс төрийн бодлого явуулж байна

 

ИЗНН-ын дарга Д.Ганхуяг:

 

-Монгол улс засаглалын гүнзгий хямралд орсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойш тавина гэдэгтэй санал нийлэхгүй байна. 1990 оноос өмнө нам төвтэй төрийн тогтолцоо манайд үйлчилж байсан. Харин өнөөдөр бүлэглэл төвтэй төрийн тогтолцоотой боллоо. Улс төрийн намууд улс орныг удирдаж байна. Иргэд нь төрөө удирдаж, байгуулж улсаа авч явах боломжгүй боллоо.  УИХ-ын гишүүд хүртэл би төр гэж ярьдаг болсон.  Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглал, төсөв санхүү рүү хальтирч ордог болсон. Засгийн газар байгуулах эсэх барьцааны улс төрийн бодлого явуулж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
baritsaalagdsan uls tor geech
2015-09-04
Zochin:
Ene olon namuun humuus bugd undur alban tushaal hj baisan!odoo hudlaa yriad yahav dee!
2015-09-04