Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх болсон талаар өчигдөр мэдээлэл хийж байна. Хальт уншсан хүнд бол хориг хамаагүй болсон мэт сонсогдоно. Товч утга нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн газраас Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавиагүй заалтуудыг хэрэгжүүлж эхлэхээр болжээ гэжээ.
Энэ нь маш яаруухан гаргасан мэдэгдэл юм даа. Мөн энэ мэдээлэлд төдийлөн шинэ зүйл байхгүй. Хууль хэрэгжихтэй холбогдон хэрэгжүүлэх үйл ажиллагаа тухайлбал, хоригдлуудыг шоронгоос гэр рүү нь тээвэрлэх зэрэгт шаардлагатай зардлуудын тооцоог гаргаад батлуулахаар холбогдох газарт нь хүргүүлсэн тухай юм билээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан мөн өчигдөр болж зохих байгуулагуудад дээрх чиглэлийг өгсөн байгаа. Тэр дагуу л дуугарсан байх. Мөн хоригоос болж Өршөөлийн хууль хэрэгжих нь өнгөрлөө гэж торны наана цаана хоёрт шаналах иргэдийн цөхрөл гомдлыг зөөллөх гэж яаран гаргасан мэдээлэл юм.
Бодит байдал дээр хоригийг хүлээж авбал иймэрхүү зардал мөнгөний тооцоо хийж суух нь илүүц ажил болохоор. Учир нь хууль нухаж цалин авдаг гишүүдийн зарим нэг мөн хуульчид тайлбарлаж байгаагаар бол хоригийг хүлээн авахад яг торны цаана байгаа хүн суллагдахгүй гэж байгаа юм.
Зарим нэгээс иш татвал ... Ерөнхийлөгч энэ хуульд хэсэгчлэн хориг тавиагүй. Хоригийг тавихдаа хуулийн зүйл заалтаар 4.1 буюу 7 зүйлд хориг тавьсан. Энэ нь хэсэгчилж тавьж байгаа мэт харагдуулж байгаа юм. 4.1, 7 зүйлд хориг тавьж байгаа нь Өршөөлийн хуулийн гол амин сүнс буюу зүрхийг нь сугалаад авчихаж байна.... 4.1-т хорих газар ял эдэлж байгаа хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд бүх төрлийн гэмт хэрэгтнүүдийн асуудал багтсан. Хорих газраас суллагдах хүмүүсийн асуудал 4.1 дотор байгаа... / “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нарын мэдэгдлээс. 2015.08.25./
... дээрх 4 ба 7 дугаар зүйл нь Өршөөлийн хуульд заавал байдаг, нийтлэг зарчимтай холбоотой бөгөөд үүнгүйгээр Өршөөлийн хууль өөрөө утга учиргүй болох тийм заалт.
Энэ заалт бол Өршөөлийн хуулийн амин сүнс. Өршөөж хэтрүүлнэ, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Эдгээр заалт байхгүй бол Өршөөлийн хууль өөрөө Өршөөхгүй хууль болно.
... Нэг талаасаа 4, 7-д хориг тавьчихаар хуулийн үйлчлэл бүхэлдээ зогссон. Яагаад гэвэл өршөөн хэлтрүүлнэ гэсэн гол заалтуудад нь хориг тавьчихсан. Эдгээр заалт дахь хоригийг хүлээж авах эсэх нь авлига, албан тушаалтны гэмт хэргийн талаарх заалттай шууд хамааралгүй...
/УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярын ярилцлагаас... 2015.08.26 GoGo сайт/
Эдгээр тайлбараар бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахад хорихоос өөр төрлийн .хөнгөн ялтай торгосон, баривчилсан, үйл ажиллагаа, эрхийг нь хязгаарласан хүмүүсийн асуудал өршөөлд хамрагдахаар ойлгогдож байна. Ер нь бол хоригийг хүлээгээд авчихаар өршөөлийн хууль нь бүхэлдээ унаад өгөх юм байна лээ.
Тийм болохоор хориг тавигдаагүй заалтуудаар суллагдах хоригдлууд тэдний нутаг оронруугаа буцах зардлын тухай ярилцах нь ямар учиртай байдаг юм бол доо. Одоохондоо тэгэх шаардлага байхгүй байна. Хоригийг хүлээн авсан тохиолдолд хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдүүдэд үйлчлэх хууль болж хувирахаар байна. Жишээ нь тэнсэн харгалзах ялтай нөхрийг хаанаас суллаад хааш нь хүргэж өгөх зардлыг хэлэлцээд байгаа юм бэ гэсэн асуулт урган гарч байна даа.
Аливаа хууль өөрөө салшгүй нэгдмэл утга санаатай, үг үсэг заалт бүрээрээ цаанаа нарийн зохицуулалтыг агуулж байдаг гэж хуульчид хэлдэг юм билээ. Авилгачдад хайртай, хайргүй баатрыг тодруулах уралдааны гол болзол болоод байгаа Өршөөлийн хууль удах тусмаа өөх ч биш булчирхай ч биш гэдэг болох бололтой.
Бүүр сүүлдээ нэлээн популист шинжийг олж эхэллээ. Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр бол 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө автомашин барьж яваад зөрчил гаргаж, жолоо барих эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, жолооны үнэмлэхийг нь сэргээн олгох боломж мөн энэ хуулийн хүрээнд гарах юм байна. Одоо ингээд хорих ялтай иргэдийг өршөөх тухай асуудал нь хойшоо болж задарсан хэдэн согтууг өршөөж толгойг нь илсэн явдал болох нь. Өршөөл тойрсон улс төр хийхээ больмоор юм.
Өршөөлийн хууль ер нь торны цаана гэмшиж суугаа хүнийг өршөөх юм уу. Цагаан сар ба хар нулимс гэдэг шиг юм болж өршөөгдөх хүлээлттэй хүмүүс нь хий горьдож цээжний махаа барж үлдсэнээр дуусах юм уу. Наана нь хэдэн улс төрч авилгагүй тусгай вакумд орчинд амьдардаг мэт царайлж сонгуулийн бонусаа нэмсэн шоу болоод “конец” болох юм уу.
Өршөөлийн хуулийг буцааснаар авилга устахгүйг бүгд л мэдэж байгаа. Шоронд хийгээд авилга багасдаг бол аль дээр байхгүй болчих байлаа. Хөөрхий гаалийн Баатар гэж хүнийг сүр дуулиантай барьж шоронд хийхэд л бусад нь зогсчих байсан. Харин ч энэ явдлаас хойш арга нь нарийн болж сүлжээ нь өргөссөн биз дээ. Авилгачдыг хатуу шийтгэх төрийн бодлого мөн боловч нэг мөр шийдэх арга зам нь биш гэдгийг бүгд мэдэж байгаа.
Ер нь бол өршөөлийн хууль удах тусмаа үнэндээ утгаа алдаж байна. Нэг талд хоригийг хүлээн авбал хууль бүхэлдээ унаж шоронгоос нэг ч хүн суллагдахгүй гээд байдаг. Гэтэл нөгөө талд өршөөлийн хуулиар хорихоос суллагдах хүмүүсийг гэрт нь хүргэж өгөх зардал төсвөө батлая гээд улс төр хийгээд байдаг.
Одоо больё. Улс төрийн намуудын өршөөлийн хууль гэж гаргая. Хоёр намын тэрбумаар нь босгоод байдаг санхүүжилтийг ил болгоё л доо. Тендер бүтээх амлалтаар хандив аваад барьцаанд орчихсон гишүүд гарч ирдгийг болиульё. Тэгвэл төрийн толгойд идээлсэн бэтэг хагарч магадгүй юм. Аргаа барсан санагдах ч авилгын суурь шалтгаан энд л байгаа шүү дээ.
Нэг хоёр авилгачийг өршөөх эсэх тухай үзэж тарж ард нь амьдралд эндсэн иргэдээ хатааж байхаар нийгмээ бүхэлд нь энэ шалбаагнаас гаргаж авах арга замыг хэлж өгвөл тустай болов уу. Тэмцэгч байх тэр дундаа авилгачидтай тэмцэгч байх сайхан имидж мөн боловч нэг хүнд л нялзаад өнгөрөх нэр төр болж үлдвэл дэмий. Харин асуудлыг шийдвэрлэх арга замыг зааж, эв нэгдлийг зангидаж массыг хөтөлж явах гэдэг бол ухаалаг удирдагчийн ялгарах шинж гэдэг дээ.
Б.Хэгжүүн
Уншиж байна |