Хаврын чуулганы нээлтийн өмнөх орой. Тавантолгой гацаанаас гарлаа гээд Ерөнхий сайд телевизээр итгэл төгс зарласан юм. Тэгсэн маргааш өглөө нь аав нь ажлаасаа ирсэн мэт Их хурлын дарга индрээс тийм юм байхгүй шүү. Үүнийг дэмжсэн сайдууд шууд огцорно шүү гэж загнаад нам болгосон. Унтаад босох зайд л ийм тэс зөрүүтэй хоёр мэдэгдэл гарч олны нүдийг орой дээр нь гаргасан. Тавантолгой хөдлөх нь гээд өглөө нь хүмүүс ярихаар амаа билүүдэж байтал араас нь нам таглаад өгсөн. Тэгээд Тавантолгойн төслийг тас гацаах ажлын хэсэг байгуулагдаж тэндээс нэгэн бүсгүй гишүүн сайд болох карьерээ эхлүүлсэн түүхтэй. Харин тэр амлалт биелдэг дээрээ иртэл Ерөнхий сайд багтаа авахгүй гээд гэдийсэн сураг гарав.
Яг нарийн учир одоогоор тайлагдаагүй ч сайдын томилгоо АН-аас төрийн ажилд ээлжит гацаа үүсгэсэн нь үнэн. Ийн гацах нь өнөөх “гацаасны баяр” хийж яваа Л.Эрдэнэчимэг гишүүний нэр орсонтой холбоотой гэж хэвлэлүүд хов базав.
Даваа гарагт Ерөнхий сайд шинэ сайдуудын нэр тодрох залхаасан хүлээлтийн хариу болгож “ирэх намрын чуулган болтол шинэ сайдуудын нэрийг Их хуралд өргөн барих боломжгүй” гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө хэлүүллээ. Бид ч хүлээх юмгүй болж намар хүртэл улс төр унтлаа гээд хүүхдийнхээ цэцэрлэгийн бүртгэлд алалдахаар гарах гэж байлаа. Гэтэл маргааш өдөр нь Их хурлын дарга тас цохидгоороо цохиж “тийм юм байхгүй ээ, сайдуудаа томилно шүү” гээд тоот шидчихэв.
Энгийн л төсөөлөл бууж байна л даа. Намын даргын З.Энхболдын хувьд шинэ сайдууд дээр хэлдгээ хэлж нэр заасан юм байна. Тэрийг нь гөжүүд Ерөнхий сайд мөн таалахгүй учир намар болтол хойшлуулж “уях” гэж. Нэрс нь тодорсон ч шинэ сайдуудын нэрийг өргөн барихгүй гэж гэдийв. Ерөнхий сайд хүн бүрэн эрхээ хагас ч болов эдэлж буй хэрэг л дээ. Хариуд нь намын даргын хувьд базаад болохгүй болохоор нь Их хурлын даргын хувьд "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" тоот шидээд гэдийгээд байгаа Засгийн тэргүүнийг чуулганд дуудчихлаа. Хоёр сэлэмтэй баатар гэдэг шиг. Үнэндээ л чадаж байна.
Цаашид намын дарга биш хүн Ерөнхий сайд болоод ямар нэг шийдвэр гаргавал тэрийг баталгаажтал дор хаяж 3 хоног харж байж тэглээ ингэлээ гэхгүй бол ер найдваргүй. Маргааш нь л “кэнсел” болчихоод байх боллоо.
Их хурлын даргын "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" тоотод “...Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орсон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасныг үндэслээд 2015 оны 09-р сарын 6-ны дотор шинэ томилогдох сайдуудыг оруулж ир гэж маш тодорхой “хүслээ”. Сайтууд тэр дор нь “ханд” авчихсан энэ тоотын “хүсье” гэснийг нь “оруулж ир, өргөн барь” гэх зэргээр захиран тушаах хэлбэрт оруулж гарчиглаад л. Цаагуураа юм хэлцгээгээд байна лээ. Үнэндээ ч Их хурлын даргын энэ тоот цаагуураа миний хэлснээр оруулаад ир гэсэнтэй агаар нэг сонсогдоод байгаа юм.
Учир нь АН-ын дарга, МАХН-ын дарга Энхбаяртай ойлголцсон хойно Ерөнхий сайд уртаашаа гуравхан сайдыг л өргөн барих болоод байгаа. Энэ гурвынхаа нэрийг бариад ороход бэлэн болгочихоод 10 сар хүртэл амрах гээгүй болов уу. Цаана нь сайд болох хүсэлтэй 30 хүн байлаа ч фракцууд нь, мөн Зи дарга тус бүртээ л нэг хүнийг “заавал шүү” гэж нэрлэсэн бололтой. Үүнийг нь Ерөнхий сайд зохицуулж болохгүй оргиод цаг хожиж намрын чуулган гэж бултсан байх. Их хурлын дарга бөгөөд намын дарга нь тэгвэл хуулиар яринаа, хурдан аваад ир гэж тоот шидлээ. Ёстой гаргаахгүй дарах юм даа. Үүгээр хатгаж байгаа бус. Гүйцэтгэх засаглалын тэргүүний чансаа, нөлөө ийм дор орж байсныг санахгүй дээ л ингэж бичиж байна. Их хурлын дарга, Ерөнхий сайд хоёр маань өөр хоорондоо “чи юу, би юу” болчихсон юм биш үү.
Аравдугаар сар болтол 6 сайд нь хоосон байх бол тийм ч таатай хэрэг яав ч биш. Ядахад мөнгө зоос цохолж төсвийнхний магнайг тэнийлгэдэг Сангийн сайд байхгүй. Нэг универсал сайд давхар хашаад байдаг. Гэтэл харин ч төсвийн мөнгөн урсгал нэмэгдээд сайхан боллоо гэсэн утгатай мэдээ гарсан байсан. Сангийн яаманд бас “гацаагч” сайд байсан ч юм шиг. Зарим нь сайдыг давхар хамаарагч нь хааяа нэг эзэнгүй яамаар нь эргэлдэж халах тушаал бөөндчихөөд байгаа. Өөр юун дээр ч цохож суудаг юм. Одоо шинэ сайд ирэхээр хавсрагч нарын гаргасан тушаал шийдвэрийг хүчингүй ч гэх юм уу. Бүү мэд, таг сохор гэдгээр төрийн яамныхан цагаа бүртгүүлээд цалингаа аваад л суугаад байна гэнэ. Ийм байхад 6 яамыг бүтэн сар сайдгүй барья гэх шийвэрт хүрэхийг бодоход Ерөнхий сайд хүнд шахаанд орсон бололтой байна. Ямартай ч “том” тоот шидэж дуудсан. Одоо нэрсээ бариад зүтгэх болж дээ. Дараа нь залгуулаад биднийгээ бодсон тоотууд хөврөх байгаа гэж найдья.
Б.Хэгжүүн