Зургаан сайдыг тодруулах болон Ерөнхийлөгчийн хоригийг шийдэх асуудал намраа даахаар боллоо. Ээлжит бус чуулган л дахин зарлагдахгүй болж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд өөртөө 40-өөд хоногийн зай гаргаж авлаа. Алтан намрын өрөм тосыг авдаг ид ажлын цагаар дарга сайдын томилгоо ярьсаар ажил хийсэнгүй өнгөрсөн гэх хар шүүмжлэлээс түр мултарлаа. Талуудын дунд бөмбөг болж суугаа тэрбээр асуудлыг дахин нэг базаж харах боломж гаргаж авсан байх.
Өөрөө мэдээд танхимын сайдаа ч өргөн барьж чадахгүй байгаа нь түүнийг тун сул дорой харагдуулах болоод байна. Өнөөдрийн Ерөнхий сайд байх нэг хэрэг. Харин шийдвэр гаргаж чадахгүй бол хэн ч биш болж ирнэ. Өнгөрсөн хугацаанд улс төрд лидерийн орон зайд хүлээн зөвшөөрөгдөх эсэхээ харуулах гэсэн Ч.Сайханбилэгийн “зүтгэл” явсаар сайдын суудлын төлөөх намрын зодооныг намжааснаар завсарлага авлаа. Их хурлын дарга өнөөдөр түүнийг шийдэх ёстой гэсэн албан тоотоор шахлаа.
Уул нь бол Ерөнхий сайд ирэх аравдугаар сар намрын чуулган хүртэлх зайд дараагийн маневраа хэрхэн хийхээ шийдэх цаг хожсон байх.
Энэ чигээрээ зүтгээд зургаан сайд дээр хэн нэгийг нь хэтэрхий гомдоовол өөрийг нь огцруулчих амархан гэдгийг хөндлөнгийн бид ч мэдэрч байна. Өршөөлийн хуулийн хориг хэрхэх, сөрөг хүчний тоглолт ямар байх дараа дараагийн үйл явцаас хамаарч Н.Энхбаяр гэдэг хүн ямар ч авир гаргаж хаашаа ч салхилж мэднэ. М.Энхсайхантайгаа элэгдэлцээд эвслээ задалж засгаас гарчихад л танхим нь ганхаад ирнэ. Г.Уянга нарын нээлтийг нь хийсэн гарын үсэг цуглуулах аян ч хаалтаа хийгээгүй л байгаа. Сайдаас мултарсан хэд гомдсондоо энэ аянд нэгдвэл бас хэцүү. Бүр шившигтэйгээр огцрох болно. Энэ бүх төвөг бэрхшээл хяслын гогцоо нь эрх мэдлийн саланги байдалд байгаа.
Ирэх сонгуульд хэн тугны дор зургаа татуулахыг шийдэх намын даргын эрх мэдэл танхимын гол ширээний эрхэмд байна. Ийм байхад Ерөнхий сайд гэж зарлагдлаа ч нам дотроо хүлээн зөвшөөрөгдөнө гэж байхгүй харагдана. Гадаад талдаа ч хэцүү. Айлчлалаар явж гэрээ хэлцэл хийгээд тэр нь ирээд хэрэгжих нь бүрхэг. Учир нь намын удирдах зөвлөл, Их хуралд оролцохгүй сэдэв, гаргахгүй шийвэр гэж байхгүй болж. Намын удирдах зөвлөл нь Гүйцгэтгэх засаглалыг гартаа атгасан байхад 6 сайдтай байсан байгаагүй үнэндээ ялгаа ч байхгүй юм байна. Ерөнхий сайд яаж ч хөдлөх гээд тэд болгохгүй гэвэл болохгүй л юм байна.
Энэ зуны сургамж бол энэ л байлаа. Үүнийг ухаарсан хүний намрын улс төр өөр л болж ирэх ёстой. Танхимаа бүрдүүлээд цаашаа зүтгэх үү. Тас гүрийгээд намын даргаа нэхээд суух уу, ҮЗХ-ны хурал зарлах шаардлагаа дахин тавих уу. Нэг бол Ерөнхий сайдаа ав. Нөгөө бол намын даргаа өг гэж хаврынх шигээ дахиад дуугарахад гинжнээсээ өөр алдах юмгүй л болсон харагдана. Намын дарга нь Ерөнхий сайд байх “алтан” заалтаа бариад “дагагтун” гэж дахиад нэг зүтгэх цаг хугацааны боломж харагдаж байна. Үүнийг тэр 10 сар хүртэл бодож л таарна.
Тэгээд болохгүй бол хэсэг бүлгийн хэвлэлээр дайж найрсгаар зөвлөөд байгаа нэр төртэй огцрох замыг сонгож болно. Ингэхэд огцорсон ч гэлээ хөлгийн ахмадын тавцан дээр үлдэнэ. Нийгэмд үнэлэгдэнэ. Эрх мэдэлгүй, юм хийгээгүй Ерөнхий сайд гэсэн хамаг буруутгалаас нэр бүтэн сална. Гуравдугаар ээлжийнхэн нэг мөр хоолондоо орж үүгээр намаа хямралаас гэтэлгэсэн давхар гавьяатай ирэх сонгуулиар шагналын тавцан дээр шууд гарч зогсоно.
Энэ чигээрээ үлдээд Н.Энхбаярыгаа хөтлөөд цааш явлаа гэхэд намын дарга биш Ерөнхий сайдыг шилдэх хүн даанч олон байна. Гуравдугаар ээлжийнхнийг тайвшруулж байнга идэш өгч байх болно. Гаргасан шийдвэрээ баталгаажуулах гэж Их хурлын даргадаа тал засаастай. Бүлэг фракцуудад сайн гэж толгой илүүлэхийн тулд “үгүй” гэж хэлэх эрхгүй. Энэ бүрт өөрийнх нь орон зай шахагдаж. Нэр хүнд гэж байхгүй болно.
Социализмын үеийн ганц төлөгний мэдэлгүй аварга малчин гэдэг шиг сайдуудаа нэрлэх мэдэлгүй Ерөнхий сайд байх гэж ингэтлээ улайрах хэрэг байна уу. Өөрөө ч харлаа, бид ч харлаа. Ерөнхий сайд хүнд байдлаас улс орныг авч гарах гэж хэрээс хэтэрсэн шахуу зайд боломжоо шавхаж ажиллалаа. Ч.Сайханбилэг нэгд эдийн засаг, хоёрт эдийн засаг, гуравт мөн эдийн засаг гэж гарч ирсэн. Үүнийг нь нэгд миний эрх ашиг, хоёрт манай бүлэг фракцийн эрх ашиг, гуравт сонгуулийн шаардлага гэсэн намын нөхөд нь баллаж хаялаа.
Намын нөхөд нь хавсайдаж урмыг нь хугалж ууцан дээр нь гишгэлэн овоороод байгааг олон нийт харж байна. Өөр хоорондоо сул хэрүүл хэлхсэн, хор найруулагчдыг хөлдөө чирээд саналаараа сайхан огцорчихвол яасан юм бэ дээ гэж хэлмээр санагдана.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/