Бүх талаар хөгжил гэдэг хүн төв рүүгээ болж байгаа энэ дэлхийд юм юм хольсон хярамцаг шиг болоод байгаа бидний амьдралын зураглал бас л бэрх харагдаж байна шүү.
Бүхэлдээ бүрэн дампуурсан төрийн ажил үйлчилгээг цэгцэлж стандарт түвшинд хүрэхийг харахад энэ нас хүрэхгүй талдаа санагдлаа. Уул нь бол дэндүү гэмээр цахимжсан энэ үед аргыг нь олбол амархан гэдгийг ухаалаг ТҮЦ машин тавихад нэг мэдэрч байв. Ингээд жижгээр дарамтлагч хүнд сурталтан, төрийн хоол буудагч нараас бага багаар салаад байх юм гэж хэсэг итгэсэн. Үгүй юм байна даа. Ухаалаг машин олон болсноор биш төрийн ухаалаг бодлого, түүний хэрэгжилтээр байдал дээрдэнэ гэдгийг мэдэж байгаа л даа.
Бүүр дээрээссээ доошоо шаталсан завхрал байгаа болохоор иргэд бэрхийг туулж байна. Төр барьж байгаа намууд гэж том бага ялгаа алга. Хоёр нь хоорондоо зодолдвол бусад нь дундаас нь унац үмхчих гээд л арчаагүй юм аа.
Ногоон бүсэд ой шатаж байхад ганц хурал зарлаж, хүрз шороо шидээгүй ИЗНН өчигдөрхөн амь орж хоригийг дэмжинэ гэчихсэн мэдэгдэл хийж явах юм. Хаана ч дэмжигдэж байдаг“ногоон” гэсэн тодотголийг өмчилсөн нөхдүүд үүнийхээ оронд өршөөлөөр суллагдах залуусаар мод тариулах уриалга гаргаад явж байвал болдоггүй л юм байх даа. Утаат хотын төвд тусдаа байртай Ногоон хөгжлийн яам байх. Сайхан хуримын инж шиг бэлэглэлийн болчихсон яам. Мөнгийг нь өгчихвөл байгал, эх орондоо хайртай хэдэн сайхан залуус хийчих ажлыг нүсэр яамаар базуулж төсвийн мөнгийг саадаг. Гадаадаас том санхүүжилттэй төслүүдийн жагсаалтыг нь нэг нэгтгэж харах юмсан. Сэлбийн эргийг битүү зүлэгжүүлээд,эгнэсэн мод тарихад элбэг хүрэх мөнгө энэ яамны хүлээн авалт, гадаад томилолтод явчихсан байгаа даа. Нүдэн дээр гол ширгээд байхад ган хийхгүй байж дархан цаазат газрын дарга нарыг халах томилоход тендер зарлах шахан алалдах юм. ИЗНН- нь улс төр л хийх юм. Ашигтай байрлал эзэлж улс төрийн нөхөөс болсон мэдэгдэл гаргаж ногоон хөгжлийн төлөө өөрсдийг нь дэмждэг хэдийнхээ сэтгэлд юм хийчихээд байх бололтой.
Улс төржихгүй юм алга. Үнэнийг хэлбэрдэлгүй хэлчихдэг нам хүчин алга. Яг үнэнийг хэлчихээр нийгэмд бас дэмжлэг алга.
Өршөөлийн хуулийн сайныг ярих гэсэн Р.Гончигдорж гишүүн өчүүхэн жишээ болгож шоронд орчихсон Дондог гишүүнээ өмгөөлж ярьж байна. Үүнийг нь муулсан ороосон жиргээч жигтэйхэн олон. Энэ чинь ширээний найзаа өмөөрөх нэг ангийн хүүхдүүдийн ёс зүй, хэм хэмжээ мөн үү мөн.
МАН-ыг Өршөөлийн хуулийн авилгын заалт дээр зогсвол асуудал шийднэ л гэж хатгасан улс. Шийдэхээ тулбал хэлэлцэж байхад нь бужигнуулаад өгч болох л байсан. Хурлаа орхиж дуугүй зөвшөөрч байхаар хамаг нарийн ширийн заалтыг нь дэлгээд сөрөг хүчний “ламбада” бүжиглэж болох л байсан. Нам ч гэлээ цаана нь хүмүүсийн л нэгдэл. Дотроо анд нөхөдтэй, тойрон хүрээлэгчидтэй, нөхөрлөл ёс жудаг гэж нэг юмаа боддог л хүмүүсийн нэгдэл байгаа шд. Жастын Ш.Батхүү, Улаан хацарт гэж өхөөрдүүлдэг Ц.Батбаяр нар гээд МАН-ын хэд дээр харьяалагдах өршөөл хүлээсэн найзууд нь байж байна. Цагтаа намынхаа хэдэд алга дарам газраас өгсүүлээд байр обьект авахад нь дэмжиж, бизнес хийхэд нь санхүүжүүлж тусалж явсан эр улс, найз нөхөд нь шоронд суугаа. Тэд МАН-ын найзууддаа“намайг мартаагүй биз” гэж хэлүүлсэн л байгаа шд. Өршөөлийн хуулийн тодорхой заалтад хориг тавихыг дэмжихэд ач санах ёстой олон хүн нь шоронд үлдэх болно. Нам ч гэлээ цаана нь хүн байдаг гэдгийг бид мэдвэл мэдрэхээр болсон доо.
Авилга албан тушаалаар завшсан нөхдүүдээс улсыг хохироосон мөнгийг нь яс гаргуулаад наранд гаргана л биз. Аавынд суусан нэр зүүгээд улсад мөнгө өгөхгүй байснаас үл маргах журмаар шүүхээс тогтоосон хохирол мөнгийг нь гаргуулаад авчихсан нь дээр биз дээ. Алдаж эрхээ хасуулсан аавын хөвгүүдийг авилгач ,танхайрагч, хулгайч энэ тэр гэж ялгаж яанав. Ийм бодолтой хүмүүс зөндөө л дөө. Энийгээ хэлчихээр нөгөө захиалгын коммент буулгагч нарт бариулж идүүлчихнэ гээд бөөрөнхийлөөд байгаа.
Шоронд нь хатаагаад өг гээд байгаа хүмүүс нөхөрлөлийн тухай бас бодмоор юм даа. Улс төр бохир тоглоомонд хэлмэгдсэн нь ч байж л байгаа. Газрын тосны хэрэг эрхлэг газрын дарга хийж яваад хэлмэгдсэн Амарсайхан гэж хүн яаж харамсалтай өнгөрлөө. Шоронд үхсэнийх нь дараа сэжиглэгдэж байсан хэрэгт холбогдолгүй, гэмгүй болохыг шүүх тогтоосон.
Ийм нөхцөлд байгаа байжийж өршөөл хаашаа хэлбийхийг МАН шийднэ гэж сум тавиад л. Улс төр л юм даа. Авилгачид өршөөгдөж шудрага ёс алдагдана гэнэ. Харин ч энэ нөхдүүд чинь идсэн уусан бултуулсандаа барьцаалагдаж элдэв шахалтад хууль баталдаг байсан бол одоо хуулийнханд ч бүлэглэлүүдэд ч нээнтэггүй болж ажлаа цэвэр хийж эхлэх юм биш үү.
Цааш нь нервтэхэд Засаг төрийн ажил шат шатандаа дампуураад байгаа нь одоо дэндүү мэдрэгдэж байна. Тээр дээр байгаа хууль тогтоох хэдийгээ хий зүхэж суух хооронд доогуур нь ажил гардаж журам гаргадаг хурган дарга нар иргэдийг самардаг нь бүүр ихэслээ. Шат шатны дарга даамлууд ажил хийх гэж нээрээ зүүдээ ярьж байна шүү.
Автобусны шинэ чиглэлүүдээр үйлчилж эхэллээ гэсэн мэдээлэл гараад л байдаг. Долоо хоног иргэд өнөөхийг нь учрыг мэдэхгүй төөрөлдөж.Уур бухимдал нь нүүрэнд нь ороод минчийгээд ирэх үед хамгийн гол ажлаа эхлүүлж шинэ чиглэлүүдийнхээ мэдээллийг буудлууд дээр тавьж байх юм.
Эхлээд шинэ чиглэлд автобуснуудаа гаргачихаад 10-д хоногийн дараа мэдээллийг нь буудлууд дээр байршуулж байгаа энэ тонгоруу ажлыг дарааллаа андуурсан гэх үү.Толгой нь хүрэхгүй байна гэх үү .“Иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилго”-оор гэсэн тодотголтой нийтийн тээврийнхийсэн шинэчилсэн төлөвлөлт нь ийн нэг түшмэлийн хөгийн алдаанаас болоод иргэдийн цагийг хэмнэх биш үрж хэд хонолоо. Эхлээд шинэ чиглэлүүдээ буудлууд дээр хадчихсан бол ямар Энэтхэг биш. 100 хувь бичиг үсэг тайлагдсан улс байна даа, Тэгж олноороо төөрөөд байх уу даа.
Саалиа авч байх даа саваа зэхдэг наад захын Монгол ухаангүй “дуп” гарууд төр засгийн алба хашиж иргэдийг хөлдөө чирж байгаа юм. Явсаар мэдлэг чадвар ёс зүйгээрээ төрийн албанд тэнцсэн хүн хуруу дарам юм байна. Хаана ч нэг төрийн байгууллагад очсон 70, 80 -д оны болтой нэг үеийнхэн даргалж суугаа харагдана.Зарим агентлагт бол миссийн тэмцээний бэлтгэлийн танхимд орсон мэт туялзсан хөл, тасарсан биетэй залуу хүүхнүүд зөрөлдөнхөн гунхалзанхан яваа харагдана.
Үнэн хэрэгтээ төрийн үйлчилгээний газруудад нэг үеийнхний адил төстэй хувцаслалт, “гүн штамп”-анд орсон ааш аяг байхаас төрийн байгууллагын ажилтан хүний нэгдмэл хэв шинж,биеэ авч явах соёл, зан харьцаа гэж ёстой байхгүй. Төрөлхийн л нэг гайгүй ааштай хүн тарвал аз. Бүгдийг нь зоригтой халж залуу үеийг бөөнөөр нь эгнээгээр нь гаргаж ирмээр юм.Гадаад дотоодод сураад мэдлэг болоод ёс зүйн хувьд бэлтгэгдсэн шинэ дэвтрийн цаас шиг цэмцийсэн залуусыг жагсаалаар нь оруулж ирээд ажил хийлгэх хэрэгтэй шд. Ядаж л хуян хууч нь хөдөлсний төлөө өөр дээр нь ирсэн иргэнийг загнаад байхгүй.
Дээр үед азын сугалаа хаа нэг гардаг байлаа. Одоо ч энэ төрийнхөн сугалааг нөгөө бонд шигээ л гаргадаг болж. Газар авна сугална. Байранд орно сугална. Хүүхдээ цэцэрлэгт оруулна сугална . Азтай одтой байхгүй л бол энэ нийслэлд хүн шиг амьдрах бэрх.
Баянзүрх дүүргийн Боловролын хэлтсийн дарга гэж нэг сайхан эр байна. Өчигдрөөс “од” болох шив. Дүүргийнхээ цэцэрлэгийн эрхлэгч нарын гарт орчихсон царайтай.“Бид эрхлэгч нартайгаа ярилцаад хүүхдүүдийг сугалаагаар оруулахаар болсон” гэчихсэн. Авах мөнгө элсэх хүүхдийнхээ харьцааг хавар нь гаргачихаад сууж байгаа эрхлэгч нартай ярих байсан уу. Хамаг зовлонг нь туулж ингэвэл арай дээр болно гэсэн бодол тээж яваа эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамт зөвлөх байсан уу. Ийм ойлгомжтой юмыг мэдрэхгүй нөхөр л бүтэн дүүргийн нялх үрсийн цэцэрлэг сургуулийн боловсролын асуудлыг барьж сууна.
Аль ч дүүргийн боловсрол хариуцсан түшмэдүүд эрхлэгч нар нь хавраас сэмхэн хүүхэд бүртгэчихсэн байгааг мэдэж л байсан байх. Одоо 40 биш 20 хүүхэд л авах зай үлдсэн гэдгийг ч мэдэж байгаа. Гэхдээ хэл ам хаашдаа гарах тул урьдчилж зохицуулсан арга хэмжээ авсан хүн болж даргын суудлаа хамгаалж байгаа царайтай. Иргэд дургүйцээд ирэхээр мөн л бултаж “ Тэгэхээр асуудлыг цэцэрлэгүүдэцэг эхчүүдтэй зөвлөөд өөрсдөө шийднэ ” гээд бултчихаж байна. Хурган дарга нар нэг ийм л залиар яваад сурчихсан. Дээрээс ирэх шахаа нөлөө, доороос ирэх шүүмжлэлийг урьдчилж харах мэдрэмжээ байнга хөгжүүлсэн шиг ажил ацаглаж байгаа юм. Бүх хүүхэд багтах цэцэрлэг сургууль хангалттай болсон ч ийм болхи сэтгэлгээтэй дарга эрхлэгч нар байхад ямар нэг хомсдол бодож олсоор л байх болно. Төрийн ажлыг хийх ёс зүйгээ больё. Шудрага байх наад захын хэм хэмжээгээ өдрийн хоолны “цайллаганд” өгчихдөг дарга нар дүүрэг хэлтэст байгаа юм. Дээр нь болдог бол ухаалаг машиныг ч хахуулдчих гээд байдаг залхуу бэлэнчилдэг иргэд бид өөрсдөө бас буруутай. Хатуудсан бол уучлаарай даа.
Дээр үед азын сугалаа хаа нэг гардаг байлаа. Одоо ч энэ төрийнхөн сугалааг нөгөө бонд шигээ л гаргадаг болж. Газар авна сугална. Байранд орно сугална. Хүүхдээ цэцэрлэгт оруулна сугална Азтай одтой байхгүй л бол энэ нийслэлд хүн шиг амьдрах бэрх.
Энэ иргэд олон юм хүсээгүй шд ээ. Оюутолгойн баялгийн талыг бэлнээр тоолоод тараагаад өг гээгүй. Харийнхан идчих гээд байгаа бол болиод бүсээ чангалья гэнэ. Өвөл даарахгүй юм бол зунд нь усанд орохоо больё л гэнэ. Дараа жил бөглөрөхгүй юм бол энэ зун зуслан гарахаа больё л гэнэ. Төсөв хоосон байгаа бол цалин тэтгэвэр нэмээд яахав дээ гэнэ. Та нар зодолдохгүй бол МАНАН болсон ч ч яахав дээ л гэнэ. Төр тогтвортой эвт найртай байг л гэнэ.
Хариуд нь зүгээр хамгийн түрүүнд төрийн ажил үйлчилгээ чирэгдэлгүй болгоод, эмнэлэг сургууль цэцэрлэгийг нь идэж уудаг мөнгөнөөсөө ч болов гаргаад шийдээд өгчихөөч.
Яана даа гэж толгойгоо сэгсрээд ч яахав. Толгой хүзүүнээсээ салах биш. Яаж бид энэ арчаагүй байдлаасаа гарах уу гэдэг дээр дуу хоолойгоо гаргаж санаа оноогоо нэмэрлэцгээе.
Б Хэгжүүн