Өршөөлийн хууль өнгөрөгч 7 хоногийн онцлох сэдэвт өрсөлдөгчгүй гарч ирсэн. Олон ч шүүмж, тойм нийтлэл, дүгнэлтийг араасаа төрүүллээ. Тал талын байрь суурь зарим нэг эрс эсэргүүцлийг нэгтгэн харвал энэ хууль ардаа засгийн газрын хувь заяаг атгасан том тохироогоор гарсан гэсэн дүгнэлтэд хөтөлж байгаа. Тийм бол энэ хуулинд ямар заалтууд заавал байх нь ямар тохироо байснаар тодорхойлогдоно. Харин хууль гаргасны дараах улс төрийн үр дагавруудыг эхнээс нь бид харлаа.
Н.Энхбаяр ирсэн. Ордонд зочилсон. Шууд шинэ сайдуудыг томилох талаар зөвшилцөх ажлыг гардан удирдаж эхэлсэн. Энэ өрнөлүүд өөрийнх нь хувьд удаан төлөвлөсөн бөгөөд сүүлийн хэд хоногт байж ядан хүлээсэн зүйлийнх нь бодит биелэл байж болох. Харин иргэдийн хувьд энэ “эргэн ирэлт” арай л амархан, хурдан болоод өнгөрөх шиг болов.
Амархан бас хэтэрхий хурдан болсон эргэн ирэлтийн учир холбогдлыг урагш нь гүйлгэж харцгаая.
Аргагүй байдлын “хонгил”
Ерөнхий сайд болох нэг хэрэг. Харин түүнийгээ хадгалж үлдэх улайрал ямар хүчтэй байна вэ. Шинэчлэлийн засгийн тэргүүн Н.Алтанхуяг мөн л Ерөнхий сайдынхаа сэнтийгээс эцсийн мөч хүртлээ зуурсан. Дотор гадны хүнд шахалтад орж намын нөхдөөс нь урвалт гарах үнэр авмагцаа Н.Энхбаярыг Солонгосоос ногоон гэрлээр ирүүлж тохиролцох “яаралтай” арга хэмжээ авч байлаа. Гэвч энэ нь дэндүү тулгамдуулсан мөн АН-ын хувьд хэт доошоо орсон гэрээ байсан гэж Э.Бат-Үүл нарын оройлсон хотын фракц ширүүн эсэргүүцсэн. Ингэснээр үйл явдал Н.Алтанхуяг даргын хяналтаас үндсэндээ гарч Засгийн газар нь унаж байлаа. Эндээс улс төрд “түгжилдэх” гэсэн хэллэг бий болж Алтангадас ялагдал хүлээсэн. Танхимын гал тогоонд байсан хэрнээ хөмрөх кноп дарсан хүнийг Ерөнхий сайд болгохгүй гэж гүрийсэн нь мөн талаар болсон. Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн алдааг зассан шиг засья гэж шийдсэн үү. Төдөлгүй Н.Энхбаяр мөн л Сөүлд буцах байдалд эргэн орлоо.
МАН засгийн ажилд түшиг болж байсныг үгүйсгэхгүй ч улс төрийн сайн амраг байж чадахгүйгээ эхнээсээ харуулсан. Үндсэндээ сөрөг хүчний ажлаа хийсээр л байлаа. Цаанаа бол том төслүүд дээр тохироо нь биелэхгүй болж ирсэн учир зовлон ч байсан байх. Аль болох хурдан салахгүй л бол хөнжил дотроо хутгалуулж магадгүй болсон айдсаасаа хурдан салахаар АН яарлаа.
Энэ нөхцөлд Н.Алтанхуягаасаа дор нөхцөл Ч.Сайханбилэгт тулж ирсэн хэрэг. Нам дотроо дэмжлэг муутай гэж харагддаг тэрбээр олон зуучлагчаар фракцынхантай ам хэлээ олох оролдлого хийхээс шууд тулж тохиролцож чадахгүй байгаа нь ажиглагддаг. Түүнийг гадаадад яваад ирэх хооронд нь л танхимынх нь сайд нарыг явуулах шийдвэрийг бүлэг нь гаргачихаж байсныг энд дурдахад болно. Хувьдаа шийдвэр гаргаад хүүгийнхээ алдааг засч гэрлэлтийг нь цуцлууж байгаа Солонгос драмын хөрөнгөлөг аав нартай адил. Өр хатуу улс төрд байгаа хүний хувьд Ч.Сайханбилэг энийг тэвчсэн байх. Харин Ерөнхий сайдаасаа бууна гэдэгтэй эвлэрч чадахгүй байгаа юм.
Олон зуучлагчтай байгаа сул тал нь энэ удаад мөн л хүндрэл болж фракцуудтай ам хэлээ олох төвөгтэй махчилсан ажиллагаа хийхэд хүрсэн. Үүнээс 6 сайдыг огцруулах санал өргөн баригдахгүй нэлээн удав. Эцэст нь Ерөнхий сайдаараа үлдэх адын хүсэлдээ хөтлөгдөж Н.Алтанхуягийн гэрэл өлгөөд орхисон аргагүй байдлын хонгилд ганцаараа шахуу гарч ирэв. Энд МАХН-ынхан түүнийг хүлээж байлаа. Тохироо бол тохироо гэдгийн ид шидийг үзэх цаг ирсэн хэрэг. Гэхдээ тохироонд болзол гэж бий. Энэ болзолдоо хариу авахаар Н.Энхбаяр ард нь “онлайн” хүлээж суусан байж таарна. Энэ тохироог эс хийж чадвал өөр гарцгүй. Дахиад зургаа байтугай олон сайдын суудал гаргахын тулд хаашаа ч эргэхэд бэлэн намын найзууд нь энэ уулзалтыг ажиглаж байгааг Ч.Сайханбилэг ар нуруугаараа мэдэрч байсан .
Дундын бүс
Бүгдийн хүслийг хангасан нэг л тохироо байсан нь Өршөөлийн хууль. Олон ашиг сонирхлын барьцыг задалсан энэ хуулийг одоо ашиглахгүй бол цаашдаа хэрэггүй болох нөхцөл ч харагдсан байх. Хоёр намд бүгдэд нь “аавын”-д орчихсон хэн нэгэн байлаа. Хуучин намын дарга бол гэр бүл ойр дотных нь хүмүүс хэцүү нэрт рүү дуудагдаад байж мэдэхээр байдалд орчихсон. Цэвэр агаар сангийн хэргээр суусан хэд заасан хугацаанд гаргаж авахгүй бол хэлээгүй юмаа хэлнэ. Охин чинь араас ирэх болох байх даа гэх аясын гомдол хэлдэг байсан бол үүнийгээ занал болгох шинжтэй болж ирсэн байх. Бие даагч нар энэ байгаа нь ирэх сонгуульд хангалттай тул сэтгэл хангалуун ба сайдын суудал сонин биш гэдгээ хэлчихсэн. МАХН-ынхан одоо даргыг ирүүлэхгүй бол таван сайд өгсөн ч яриа байхгүй гээд томорчихсон.
Аль аль талаа бодоод гэдэг шиг Өршөөлийн хууль батлах л засгийг авраад цаанаа түр эвлэрэл үйлчилсэн “дундын бүс” бий болгох байлаа. Үүнийг нь хийлээ. Энэ бүсэд хамгийн түрүүнд яаран нэвтэрсэн хүн бол Н.Энхбаяр байв.
Өршөөгдсөн “ЗӨВЛӨХ”
Түүний энэ хэтэрхий яаруу, нөгөө талаас түрэмгий гэмээр “эргэн ирэлт” Өршөөлийн хуулийг зөвхөн өөрт нь зориулсан гэх бардамналыг харуулсан хэрэг болов. Хуулийг нэг хүнд зориулж гаргаад байвал юу болохыг иргэд мэдэхтэйгээ. Олны дургүйцлийг өдөөсөн энэ алхмаа зөөлрүүлж засагт зөвлөхөөр ирсэн гэж займчсан тайлбар хийсэн нь бүр ч байгаа оносонгүй. Иргэдийг юу ч мэдэхгүй гэнэн гэж басамжилсантай адил тайлбар болов. Үүн дээр нь хамгийн их зэвүүцсэн ба тун мэдрэмжтэй егөөдсөн хүн бол Ерөнхийлөгч.
Ерөнхийлөгч ба хориг
Өршөөлийн хуулийн сүүлнээс зуураад үзэх эрх зүйн боломжтой ганц суббект бол Ерөнхийлөгч. Түүний жиргээ болоод прокурорын байгууллагын ойн хурал дээр цохон хэлсэн үгнүүд хориг тавих нь хоног хугацааны асуудал гэдгийг олон нийтэд ойлгуулсан. Дээр нь тэрбээр салхилангаа зөвлөгөө өгөхөөр ирсэн хүнд хэлсэн үгнийхээ цөөнгүй өргөлтийг зориуллаа. Сүүлийн саруудад ордонд болсон хуйвалдаан шивнээ, шинэ сайдуудыг томилох, засгийн цаашдын хувь заяан дээр фракцууд, болон Шударга ёс эвсэл ямар ааш аяг гаргасныг сайн мэдэж байгаа гэдгээ цухалзууллаа.
“...Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. “Дараа нь чамайг дэмжихгүй шүү, миний л хэлсэн сайдыг сонгоорой” гэж Ерөнхий сайдыг өнөөдөр дарамталдаг...”
Энэ өгүүлбэртэй адилхан утга санаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгний эхэн дунд хоёр ч газар хэлэгдсэн. Мөн хэн нэг хүнд тухайлан хэлсэн гэмээр үг цөөнгүй.
“...Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж “Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад “Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад оруулж байна”.
“...Хэргийг нь бариад “Чи ийм хэрэг хийсэн байна” гэхэд “Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. “Ийм нотолгоотой байна” гэхэд “Тэр худлаа” гэж орилдог. “Би хэлмэгдлээ” гэдэг. “Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн” гэдэг”.
“...Үхэхээрээ айлгана. Өлсөхөөрөө айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа...”
“...Тэр авлигач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана. Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана”.
“...Үнэхээр Монголын төрд бодлого тодорхойлдог, Монголын төрийн гэр дотор, Монголын төрийн гэрийн босгонд ойртуулахааргүй тийм улсууд байгаа юм. Тийм нэр бүхий улсууд байгаа юм. Босгонд нь байтугай, босгоных нь шороонд нь хүртэл ойртуулмааргүй тийм улсууд байгаа юм...”
Ерөнхийлөгчийн баярын хуралд тавьсан “илтгэл”-ийг 1 цаг 15 минутын турш үргэлжилсэн, ердөө 2-хон хүнд л бүхэлдээ зориулагдсан байна гэж ойлгогдоод байгаа талаар сошиал ертөнцийнхөн дүгнэж эхэллээ. Нийт хугацааны 30 шахам ишлэлийг гол хүндээ хандаж, харин оливийн тосны Genco бүлэглэлийн эзэнд зориулж 10 гаруй ишлэл хэллээ гэж задаргаа хийсэн нь ч байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 72 минут ярьсны үндсэндээ 80 орчим хувь нь авилга, албан тушаалтантай тэмцэх, 50 орчим минут нь нэрийг нь онож нэг ч удаа хэлээгүй боловч бүхэлдээ Н.Энхбаяр руу чиглэсэн байлаа гэж дүгнэсэн хүмүүс ч байна.
Энэ бол ажиглагчдын дүгнэлт байр суурь. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн цаад тусгал, энэ “илтгэл”-ээрээ эхлүүлэх улс төрийн алхмыг бүхэлд нь дүгнэх эрт байна.
Өршөөлийн хууль буцах уу
Төрийн тэргүүний дээрх цөөн ишлэл үгнүүдээс манай улс төрийн хүрээнд байдал маш хурцадмал буюу дэндүү давчуу, дэндүү явцуу байгааг гадаад дотоодын хэнбугай нь ч харж болохоор байгаа юм. Хэрвээ энэ зураглалаар харах юм бол өршөөгдсөн “зөвлөхтэй” болоод байгаа Ч.Сайханбилэгийн засаг дахиад олон талын давхар зуултад байсаар байх юм байна. Н.Энхбаяр засагт нь байгаа цагт Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг харалтгүй гэдгийг дээрх илтгэлийн товчоос харж болохоор. Цаана нь сөрөг хүчний байрлал дээрээ нэр цэвэр үлдэж, арга бүхнээрээ үзэлцэхээр гараа үрж буй МАН байгаа. Мөн нам дотроос нь сайдын суудалд хуруу дутсан гомдогсод зөндөө л гарч ирэх байх.
Олон хүнд эрх чөлөөний боломж харагдуулсан Өршөөлийн хуулийг буцаая гэх хүн тийм их гарахгүй. Харин ард нь байгаа тэрбумаар ярих хохиролтой цагаан захтнууд олноор хамрагдах болсон гэдэг дээр иргэд эмзэглэж байна. Үүн дээр улс төр хийх хүмүүс жагсаалаараа зогсож байгаа. Ерөнхийлөгч хориг тавиад хууль буцна гэдэгт бооцоо тавих хүн бараг гарахгүй. Учир нь Өршөөлийн хууль дээр МАН хуралдаа суулгүй чимээгүй дэмжсэн. Тэгээд ч энэ хуулиар өршөөгдөх өдрөө тоолсон цөөнгүй иргэд, тэднийг гэртээ хүлээх хань үр хүүхэдтэйгээ баярлах өдрөө тоолж эхэлсэн байгаа. Хуулийн энэ эерэг талд хориг тавих гээгүй гэдгээ Ерөнхийлөгч мөн онцлон хэлсэн нь ч учиртай. Тэрбээр давхар хамгаалалтад шилжсэнийг харуулсан хэрэг.
Энэ засаг юу шийдэх вэ
Өршөөлийг хуулийн ард босгосон улс төрийн давхар тохироо бүх талдаа биеллээ олж шинэ сайдуудтай энэ засаг үлдэх боллоо. АН ба Шударга ёс эвсэл дараагийн сонгууль хүртэл энэхүү дундын бүсээ хадгалахыг эрмэлзэх нь тодорхой. Ард нь “гэхдээ...” гэсэн асуултууд байсаар байна.
Хэдэн толгойг ард түмэнд өг гэснээсээ болж шоронд орсон гэж яриад байсан хүн эргэн ирж засагт зөвлөөд цаашлаад сайд болчих нөхцөл үүсээд байна. Ийм нөхцөлд Ч.Сайханбилэгийн Дубайд баталсан гэрээ яах бол. Тавантолгой гацаанаасаа гарах уу гэсэн асуултууд дахин нээлттэй үлдлээ.
Ганц жил энэ засгаа тогтвортой байлгаж чадах уу. Манай улстөрчид дэндүү хувирамтгай, бачуу хүмүүс тул дараагийн самраагаа шивнээд эхэлсэн ч байж магадгүй. Энэ бүхний ард хөрөнгө оруулалт тэгийн тэг зааж, эдийн засаг сөхөрч байгааг нуршсангүй өнгөрлөө.
Ам.доллар 2000 төгрөгтэй тэнцлээ. Дэндүү бохир, дэндүү завгүй улс төрийн дараа эрэмблэгдсэн олон түмний эрх ашиг хаана яваад байна вэ. 2012 оны ард түмний сонголтоор бүрдсэн парламент өдгөө яг аль намын, хэний гарт орчихоод байна вэ гэсэн асуултууд дээр тогтож ярих хэрэгтэй болоод байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/