Дотооддоо үл ойлголцож, МАН-ын сайд нарыг огцруулан Засгийг тогтворгүй болгож, батлагдсан Өршөөлийн хууль нь нийгмийн бухимдлыг нэмснээр ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьж, Ерөнхий сайд зарим сайдыг томилохоор УИХ-д өргөн баривал дахин ээлжит бус чуулган зарлагдана.
Өршөөлийн хууль өргөн баригдсан тохиолдолд Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн хугацаанд хориг тавих эрхтэй. Уг хоригийн үйлчлэх хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ улсын мөнгийг идэж шамшигдуулсан, авлига авсан этгээдүүдийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэж, уг хуульд хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдсэн.
Ерөнхийлөгч “Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэдэг хүн хийдэг юм. “Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн. Би тийм чадалтай хүн” гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг. Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байгаа юм. Би нэг л аашаараа байгаа. Энэ авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш, хүн өршөөхийн төлөө байна. Би тэр ядуу зүдүү, анх удаа алдсан хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм. Түүнээс биш хийсэн гэмээ ухаарч байгаа, анх удаа шоронд орсон эхчүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд, дарвиж доргиод алдчихсан тэр хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа” хэмээн өөрийн байр сууриа хатуухан хэлсэн билээ.
Энэ удаа хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаалаа ашиглан авлига авсан, улсын мөнгийг хувьдаа завшсан этгээдийг өршөөлд хамруулж байгаа нь нийгэмд бухимдлыг дэврээсэн. Харин Ерөнхийлөгчийн байр суурь олон нийтийг тайвшруулсан хэдий ч хоригийг парламент хүлээж авах эсэх нь эргэлзээтэй юм. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заажээ.
Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед эрх баригчидтай Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчний төлөөлөл АН-ыг дэмжиж эсрэг санал өгнө байх. Өнөөдөр парламентад АН-ын 36, “Шударга ёс” эвслийн бүлэг 10, ИЗНН 2, бие даагч 3 гишүүн гэсэн тус тусын суудалтай. Засгийн газарт хамтарсан улс төрийн нам эвслийн өөдөөс сөрөг хүчин МАН-ын 25 гишүүн эсэргүүцэн, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихэд хангалттай. УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хуулийн заалт хэрэгжинэ, хэрвээ тус намын зарим нэг гишүүд нь "урвачихгүй" бол шүү дээ.
Эрх баригч АН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдээд л олонхийг бүрдүүлж байна. Мэдээж, “Шударга ёс” эвсэл дэх МАХН-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар нар Өршөөлийн хуулийг батлуулахаар бүтэн гурван ажил тэмцсэн. Өнөөдөр МАХН-ын гишүүд намын даалгавраа биелүүлсэн гэж болно.
АН-аас Ерөнхийлөгчийн фракцын “Нэг ардчилал”-ын Х.Тэмүүжин нарын зарим гишүүн, эвслийн бүлэг дэх МҮАН-ын гишүүн Г.Уянга, М.Сономпил нар, бие даагч нар МАН-д хүч нэмэх биз. Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай горимоор хэлэлцээд ч 26 гишүүн дэмжсэн байхад Өршөөлийн хуулийн зарим зүйл заалт цуцлагдана.
Эцэстээ МАН Ерөнхийлөгчийг дэмжих, Ерөнхийлөгч МАН-ыг дэмжиж байгаадаа бус. Төрийн эрхийг авах гээд байгаа авлигатай тэмцэхэд “хориг”-оор хаалт хийж байгаа нь асуудлын гол.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган нээгдтэл улс төр амрах завгүй буцлах нь тодорхой боллоо. Эдийн засаг улам хүндэрсээр. Энэ амралтын өдрүүдэд ам.долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэн нь иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлж, амьжиргааг улам туйлдуулах нь. Ам.долларын ханш нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний барааны үнэ зах зээлийн ханшаараа өснө.
Хичээлийн шинэ жил дөхөж, зусландаа гарсан айлууд наашилж, оюутнуудын цуваа их хотыг зүглэн ирэх өдрүүдэд хөдөлгөөн улам ихэссээр байна.
Амьдрал буцалж, юм юм ч өрнөх нь дээ.
Н.Энхбат