Таарсан хэрэгцээгээрээ амьдрацгаая даа. Ресторанд хоол идэхгүй. Цайны газар хооллоно. Амралтанд явж болохгүй зуслангийн байшиндаа салхинд гарцгаа. Бааранд сууж хэрэггүй. Гэртээ ууцгаа. Учир нь дээрх хэрэггүй гээд байгаа үйлчилгээг үзүүлдэг газрууд бүгд “илүү хэрэгцээ” гэдэгт багтаж нэг хүртэлх хувийн татварт өртөнө.
Нийслэл хотын албан татварын тухай хууль үйлчилж эхэлснээр ресторан, баар, амралтын газар, зочид буудлаас татвар авах юм. Ингээд хэлэхээр хотынхон минь баахан бухимдаж болохгүй. Энэ бол тусгай татвар юм гэсэн.
3.2 тэрбум төгрөгийн орлогыг нэг жилд хотын татвараас олох боломжтой гэсэн ерөнхий тооцооллыг хийсэн юм билээ. Хамгийн хөөрхий нь энэ татвараар Хотын удирдлага юу хийж босгож байгуулах вэ.
Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар Их хурлаас нэг тогтоол дагалдуулсан юм шиг билээ. Илүү хэрэгцээнээс босгосон татварыг юунд зарцуулж болох талаар. Хоёр үндсэн чиглэл байгаа гэж байна. Нэг нь ч яахав тодорхой. Татвар төлөгчдийг тайвшруулах “валидол” болгож өгсөн чиглэл. Хотын дэд бүтцийн асуудалд зориулах гэж байгаа. Нөгөөдөх чиглэл нь болохоор Улаанбаатар хотод зохиогдох олон улсын үзэсгэлэн, яармаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад зориулна гэж байгаа юм.
Үнэндээ бол иймэрхүү “Выставка” арга хэмжээ гэсэн хаялага багатай зохион байгуулалт менежмент нь “0” заасан ажлууд хийж татвар төлөгчдийн мөнгийг гарын завсар савируулдаг. За тэгээд хадуурч чимхэхэд энэ ИТХ- ынхан сүүлийн хоёр жилд шоу цэнгээнд тун элэгсэг хандаж гар татахгүй мөнгө хаядаг болсон. Дандаа нэг удаагийн хэрэглээтэй тайз тохижолтод тэр бумаар нь мөнгө гаргаж байгаа юм. Зөвхөн энэ наадмаар тэрбум илүү төгрөгийг шоу тоглолтын тайз гэрэл чимэглэд өгсөн гэж хэвлэл мэдээллийнхэн эмзэглэсэн. Тэр алдарт усан хөшиг гэж шээлтүүр трубанууд байна. Хоёр жилийн өмнө дотроосоо баг бүрдүүлж Бразил нууцаар явсан байсан.
Албаны хүн бол дээрх татварыг хотын тусгай татвар учир мэдээж Улаанбаатар хөгжилд зориулна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Зам талбайгаа тохижуулад зориулна л гэж байгаа юм. Ташрамд хэлэхэд цэцэрлэг гэдэг дарга болох гэсэн нэр дэвшигчид, нам дагасан хөдөлгөөнүүд, улс төр хийх гэж ядсан нөхдүүдийн нэг сайхан өмнөө барьдаг зурагт хуудас болж дээ. Барьсан босгосон юм хаана байна. Саяхан нэг залуучуудын байгууллага 3 сарын дотор цэцэрлэг барихаар хөдөлж эхэлсэн гээд л зурагтаар авч өгсөн. Хоёр сар нь өнгөрчихөөд байна. Шав тавьсан сураг байдаггүй. Хүүхдэд өгөхгүй байж чихэр харуулж байгаа юм шиг. Цэцэрлэгийн зураг харуулаад л мөнгө босгох гээд байдаг болж дээ. Аятайхан интерьер дизайнтай цэцэрлэгийн “эсхийз” зураг зарвал гүйхээр л байна.
Эргээд хотын “тусгай” татвараа ярья. Энэ наймдугаар сарын сүүлчээр нийслэлийн ИТХ хуралдаж хотын татварыг суутгагчыг бүртгэх,мэдээллийг цуглуулах журмыг баталж гаргах юм билээ. Ингэснээр Улаанбаатарынхаа хонхорт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газрууд нэг бүрчлэн тоологдож тусгай татвартаа хамрагдах гэрчилгээгээ гардан авна гэсэн үг.
Шүүмжилж элэглэсэн зүйл энд байхгүй шүү. Нэгэнт татвар өгөх нь үнэн тул яаж ямар нөхцлөөр хэдэн хувийг өгөх вэ гэдэг журмаа зөв хийгээрэй гэж үг дайж байгаа юм.
Хотын татвар нь 0-1 хувийн хязгаартай буюу ялгавартай байж болох хувилбар яригдаж байгаа юм билээ. Хотынхоо төвийн бүст байдаг цөм хийдэг газрууд бол нэг хувь байх бол захдуу байдаг баар уушын газрууд арай бага ч юм уу. Хаана, ямар бүсэд худалдаа үйлчилгээ явуулж байна вэ гэдгээс нь хамаараад татварын хувь хэмжээг ялгавартай тогтооно гэж байгаа юм. Энэ журман дээр татвар төлөх болоод байгаа хэдийнхээ үг саналыг сайн авах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тусгай татвартай болсон гээд хотын төвийн баар ресторан буудлууд үнээ нэмээд унавал нөгөө талдаа иргэд бас чирэгдэнэ. Бүгд хотын захад гарч уудаг иддэг, унтдаг амардаг болох ажил болох бий дээ. Метро Полис хотын иргэд байна даа. Арай ч тийм юм болохгүй биз.
Манай зарим түшмэдүүд хууль хэрэгжүүлэх тусгай журам гаргахаараа албан тасалгааныхаа цонхыг олигтойхон нээчихгүй. Таг битүү газар сууж кофе соронгоо амьдралаас хол тасархай юм баталчихдаг. Ингээд иргэдээ хөлдөө чирээд цаанаа төрийн бодлого зорилгыг бүрхэгдүүлээд байдаг шүү.
Илүү хэрэгцээнд минь үйлчилдэг баар, ресторон буудал зэрэг 5600 орчим аж ахуй нэгж хотын татвар төлөхөөр байгаа юм гэсэн. Үүн дотроо архи тамхины худалдаа борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баарын үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж Хотынхон сэтгэсэн юм билээ. Гол нь энэ татвараас олох мөнгийг тодорхой тооцоод гаргасан байгаа шигээ буцаагаад хотынхоо юунд зориулахаа бас тодорхой бичээд татвар төлөгчдөө үзүүлэх хэрэгтэй дээ. Мөнгө авах тайлан гаргах болохоороо хэлдэг цэцэрлэг сургууль барина, Хотын дэд бүтцийн асуудлыг шийднэ гэсэн ерөнхий л нэг танил учирлал яваад байгаа юм. Яг ямар тодорхой ямар зорилт бүтээн байгуулалтад мөнгийг нь гаргаснаа татвар төлөгч иргэддээ хэлдэг тайлагнадаг байх ёстой л доо.
Үнэхээр өргөн сайхан гудамж цэцэрлэгт хүрээлэн цэвэр орчинтой цэмцгэр хотын төлөө “илүү хэрэгцээ”-ний мөнгөнөөс нэг хувь төлөхөд нийслэлчүүд горойгоод байхгүй. Харин тэр мөнгө нь харсаар байтал таван цаг анивчаад дуусах шоу цэнгүүнд явчихаад байвал урам нь хугарна.
Б.Хэгжүүн