Ордонд сайхан маргаантай даншиг болж байгаа юм шиг байна даа.
Зүүнийг манлайлах Сангийн сайдад Алтангадасаас С.Санжмятав нь боссон юм уу даа. Тэгсэн бөхийн цэцтэй хавсраад МоАХ нь манайх манлайлна гээд Түвдэндорж нь дэвээд эхэлсэн гэх. Их шөвөгт Л.Эрдэнэчимэг гишүүн Б.Наранхүү гэдэг гарьдтай халз өрж байна ч гэх шиг. Өөрсдөө ч өдлүүлсэн, өрөөлөөс ч жиргүүлсэн олон л бор шувуу нисч байна. Тун удахгүй Ч. Сайханбилэг ерөнхий сайд олон сонирхлыг тэгшитгэн сайдуудаа тодруулна. Тэр үед чухам үнэндээ ямар тохироо хийснийг бид олж харна.
Энэ хүртэлх улс төрийн зодоон нам дамжсан олигархуудын дайн болон өргөжиж байгаа ч ерөнхий зүураглалыг нь харахаар ирэх сонгуулийн бэлтгэл ажил давхар явагдаад байгаа гэж дүгнэж болохоор нөхцөл бий болов.
Зах зухаас дурдья. МАН-ын сайдуудыг огцрууллаа. Маргааш нь шинэ сайдууд ороод ирнэ гэсэн олон нийтийн таамаг байсан. АН-ын бүлгээс аль хавраас захиалсан ажиллагаа болохоор гуравдугаар ээлжийнхэн тодорчихсон л гэж бодсон. Би ч мөн адил. Гэтэл удаад эхэллээ. Яг тулахаар урьдчилсан тохироо задарч сайд хийчих төгс чадвартай хүн олон болоод ирсэн байх. Энэ зодоон дээр нь хэвлэлийнхэн харин нэг балбаж өгнө биз дээ. АН-ынхан төр барьж чаддаггүй юутай үнэн бэ... Ээ бүү үзэгд. Дахин сонголтгүй... Тийм ийм тоогоор сайдуудыг унагаасан томилсон рекордыг эвдлээ гээд. Үнэн л дээ. АН-ыг тууштай гишүүд нь ч өмөөрье гэхэд хэл нь эвлэхээргүй болж ирлээ.
Харин АН тоох ч үгүй байгаа биз дээ. Дараа жил сонгууль болохгүй мэт л бүхнийгээ умартан сайдын хуваарилалт дээр төвлөрсөн харагдана. Энэ зуурт шинэ засгийн хамтрагч “Шударга ёс эвсэл" сайд нарын асуудлыг хэлэлцээгүй гэж ичингүйрэв. Харин өршөөлийн хуулийг “жич” хэлэлцсэн гэж үг алдав.
Нэг талдаа үнэн. Эндээс л гаргалгаа эхэлж байгаа юм. Өнөөгийн шинэ сайдын хуваарилалт бол "Шударга ёс эвсэл"-ийн хувьд шинэ сэдэв биш. Өршөөлийн хуулийн төсөл яригдаж эхлэхэд л одоогийн өрнөөд буй үйл явдлын календарчилсан төлөвлөгөөг МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод АН-ын хэсэг нөхөд их эрт цаасан дээр буулгачихсан нь тодроод эхэлсэн байдаг. Н.Алтанхуяг сайдын үед энэ хоёр маань гэнэт аймаар хайр зарлаад нууцаар шахуу 20 жилийн хугацаатай сүй тавьж байсан удаатай. Тэр үеийн эхлүүлсэн ажиллагааг нь жоохон засварлаад дахин ашиглаж буй хэрэг.
АН-ын бүлэг, фракцууд зөрчилдөж хэчнээн албан тушаалд улайравч бас ч ирэх сонгуульд элгээрээ хэвтэхгүй байхаа хийхээр ухаажсан бурхинууд. АН-ын сонгуулийн дутууг нөхөх азын гэмээр 11 суудлаараа хийсэн "Шударга ёс эвсэл"-ийн жижиг наймаа одоо ханасан. МАХН хоёр сайд, нэг сайд оногдох хамаагүй болжээ. Хаалтын наймаагаа “Өршөөлийн хууль“-аар хийж үүний араас ирэх сонгуульд жинхэнэ “үймүүлэх” үүргийг Н.Энхбаяр дарга нь хүлээж байх шиг байна.
МАХН-ынхан Н.Батшугарыг дээш өгсүүлэх замаар “тэр эргэж ирнэ” гэсэн мессежийг олон нийтэд суулгах гэж оролдоод байгаа юм. Энийг нь АН-ынхан битүүхэн дэмжээд байдаг. Учир нь Н.Энхбаярын хэргийг босгоход АН оролцоогүй. МАН-ын хань нөхөд нь гардан хийсэн гэж дэмжигчид нь дуу нэгтэй үздэг. Өөрөө ч хуучин андуудаасаа хэн хэнийг гэж онилж явдгаа “Зуун эрхэм”-д орохдоо телевизээр шууд нэрлэсэн. Энэ мэдэгдлээс нь нөгөө хэд нь айхгүй гэдгийг ч мэдэж байсан. Зүгээр л ирэх сонгуульд өөрийг нь ирнэ гэсэн хүлээлт үүсгэх гэж зориуд хэлсэн. Тэр нэвтрүүлгээс хойш өнөөдрийн хаалттай хэлэлцэгдэж буй Өршөөлийн хууль хүртэл хагас жил илүү хугацаа. Хөөгөөд байвал “экс” том масштабтай өшөө авалт хийх гэж оролдон тэрийг нь АН ашиглачих гээд байгаа харагдана.
Тэрнээс Н.Батшугар гэдэг сайн сампинддаг банкир Америкаас ирчихээд аль ч төрийн үед хүлээн зөвшөөрөгдөж дээшээ өгсөөд байгаа юм байхгүй. С.Зориг агсан бусдад хорлогдон амиа алдсаны дараа дүү С.Оюуныг нь ард түмэн Их хуралд “бодохгүй” сонгосоор ирсэн. Өнгөрсөн сонгуулиудад сурталчилгаандаа хамгийн бага мөнгө зарсан гишүүнээр төвөггүй шалгарч магадгүй. Ах нь яаж өнгөрснийг мартахгүйн тулд, хэргийг нь илрүүлэхийг байнга сануулахын тулд дүүд нь Их хурлын гишүүнд ээлжгүй мэт сонгогдох дархан эрхийг ард түмэн өгсөн байдаг. С.Зориг асан, авилгын загалмайлсан эцэг Н.Энхбаяр хоёрыг харьцуулашгүй боловч ард нь босгоод байгаа улс төрийн ашиг сонирхол төстэй.
Өршөөлийн хуулийн өгөөжөөр ирэх сонгуульд Н.Энхбаяр дарга нь нэр дэвшихгүй юмаа гэхэд одооных шиг гадаадад бүгээд байхааргүй болно. Товчхондоо АН одоо алдаад байгаа рейтингээ Н.Энхбаяраар нөхөөд гараад ирнэ гэсэн тооцоо байж болно.
МАНАН-таж хошуу холбоод хавиргаа нудралцаад салсан хоёр нам хоёулаа нэр хүнд нь навс уналаа. Ард олон гуравдагч хүчин, хэн нэг баатрыг эрэлхийлэх болсон. Энэ эгзэгтэй үед нь урвагчидтай “тооцоо хийнэ шүү” гэж сануулаад байгаа Н.Энхбаярыг цагаан морь унуулаад, цэнхэр улаан туг атгуулаад нээлтийн парад командлуулахад “эвгүй дээ” гэдэг болно. Америкаас С.Баяр ирээд ч оройтож мэднэ. Учир нь түүнийг бас урвагч гээд нэрлэчихсэн байгаа. Намбарын хүү урвасан хэдээсээ яаж өшөөгөө авахыг нь харах гэсэн “махчин” сэтгэлгээгээр саналаа өгчих хөвөгч нар дор хаяж 20 хувь. Цагаан сараар Н.Энхбаяр бөхийн өргөөнд хальт ороод гарахад юу боллоо доо. Болоогүй байхад нөлөөгөө мэдрүүлж байж Солонгос руу буцахаас өөр аргагүй болсон гэж ажиглагчид дараа нь дүгнэсэн.
Дээр хэлсэн. Шүүхээс зохих ял авч дараа нь өршөөгдсөн Н.Энхбаяр гэж хүн цэвэр цагаандаа бус. Улсаа хөгжүүлж гэсэн цагаатгалтай ч “өшөөгөө авна” гэсэн хатуу үгэнд нь татагдаж ходоод болоод хорслоороо саналаа өгөгчид дээр нь оймсыг нь мартахгүй одоо ч өрөвдөх өр нимгэн эмээ өвөө нарын массыг араасаа дагуулах магадлал Н.Энхбаярт хадгалагдсаар байгаа. Үүн дээр л АН-ын эцсийн тооцоо суурилж байгаа юм. Хуучин намын нөхөдтэйгөө тооцоо бодох боломж олгох эсэх нь шинэ “эвсэл”-ийг минь дэмжихээс хамаарна гэж тойруу утгаар сонгогчдод ойлгуулахад МАН-аас нэлээн санал хамаад ирнэ. Ард нь "Шудрага ёс эвсэл"-тэй тохирч сурсан АН-ынхан өөрийн массаа чирээд гараад ирэх талтай.
Одоогийн ажиглагчдын хэлээд байгаагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын бүст ганц нэг буун дуу гарч байгаа бол энэ нь орон нутгийн чанартай л мөргөлдөөн. Ирэх хавар бол “тэр чинь хээрийн сургууль байсан юм аа л ” гэчихнэ.
2016 оны сонгуульд АН ба МАХН-ын хэрэгжүүлэх цахилгаан дайны төлөвлөгөө Өршөөлийн хуулиар батламжлагдах бололтой. Харин энэ их хоморголсон өршөөлийн дараа ард түмний зүгээс ямар хатуурхал хуйвалдагч улстөрчдөд ирэхийг одоо хэлэхэд үнэндээ эрт байна. Дандаа бидний харж, улстөрчдийн тооцоолсноор болоо ч уу, үгүй ч үү...
Пүрэвжавын Баярхүү /тоймч/